Дэлхий дахин Иранд дарамт шахалт үзүүлж эхэллээ
Иран улс цөмийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа илт идэвхжүүлснээр тун хүнд байдалд орлоо. Үүний илрэл нь пүрэв гарагт Европын холбооны гишүүн улсууд Иранаас импортлох газрын тосонд хориг тавихаар тохиролцсон явдал юм. Энэхүү хоригийн талаар 2012 оны нэгдүгээр сарын сүүлээр Европын холбооны гадаад хэргийн сайд нарын уулзалт дээр албан ёсоор танилцуулна хэмээн “BBC” агентлаг мэдээлэв.
Европын холбооны энэхүү хориг арга хэмжээг АНУ-ын эрх баригчид тун сайшааж хүлээн авчээ. Европын холбооны улсуудын дээрх шийдвэр нь дэлхий дахин Ираны цөмийн хөтөлбөрийн эсрэг зогсож, тус улсыг дарамт шахалт үзүүлж эхэлснийг илтгэлээ гэж шинжээчид үзжээ.
Европын холбооноос өмнө АНУ-ын эрх баригчид Ираны эдийн засгийн салбарт маш хүнд хориг тавьсан билээ. Америкчуудын тавьсан хориг Ираны эдийн засагт ихээхэн хохирол учруулна гэж мэргэжилтнүүд үзэж байсан. Тэгвэл газрын тосны салбар дахь хориг өмнөхөөс ч илүү хохирол дагуулах магадлалтай байна.
Ийнхүү АНУ, Европын холбооны улсууд болон Иран хоорондын зөрчил хурцадсан нь өнгөрсөн жилийн сүүлээр хүчтэй яригдсан дайны аюул дэргэд ирснийг илтгэлээ. Учир нь Ираны эрх баригчид ч үйл явдлын өрнөлийг зүгээр хараад суугаагүй, Персийн булангийн тэнгисээс нисэх онгоц тээвэрлэгч онгоцуудыг ойрын хугацаанд гаргахыг АНУ-аас шаардсан.
2012 он гарсны дараахан Иран улс дунд тусгалын сүүлийн үеийн өндөр хүчин чадал бүхий балластик пуужин амжилттай туршихын зэрэгцээ цөмийн түлш гарган авсан нь шуугиан дэгдээж байгаа. үүн дээрээ нэмж, Персийн булангаас АНУ-ын хөлөг онгоцуудыг гарахыг шаардсан нь зөрчилдөөнийг улам хурцатгасан.
АНУ-ын Төрийн департамент “Персийн булан дахь олон улсын харьяаллын тэнгист тус улсын хөлөг онгоц тээвэрлэгчид байгаа тул Иран улсын энэ шаардлагыг хүлээн авахгүй” гэдгээ мэдэгдсэн.
Иранчууд цөмийн түлш гаргаж авсан явдал нь дэлхий дахины эгдүүцэл, дургүйцлийг хүргэсэн. Энэ нь Иран улс цөмийн зэвсэг үйлдвэрлэх үйл ажиллагаагаа идэвхжүүлснийг илтгэж байгаа юм. Харин иранчууд үүнийг эсэргүүцэн цөмийн түлшээ энхийн зорилгоор ашиглана хэмээн хатуу мэдэгджээ.
Эцэст нь өгүүлэхэд Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн гаргасан тайланд Ираныг цөмийн зэвсэглэлээр хөөцөлдөж буйг зарласан. Гэвч Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмединежад үүнийг дэлхий дахинд буруу ойлголт төрүүлэх гэсэн улстөрийн зорилготой явуулга хэмээн үзсэнээ илэрхийлжээ.
Д.Оюунбаатар
Эх сурвалж: “Өглөөний сонин”
URL: