АЖИЛ ХИЙХ ЯЛ ЗАВШИЖ БАЙСАН ЭТГЭЭДҮҮДИЙГ ХОРИХООР ШИЙДВЭРЛЭЖЭЭ
Төв Аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын баталсан удирдамжийн дагуу шүүхээс оногдуулсан “Нийтэд тустай ажил хийлгэх ялыг хэрхэн эдлүүлж буй байдал”-тай тус аймгийн Баянчандмань, Борнуур, Жаргалант, Лүн, Заамар сумдад энэ сарын 22-23-ны өдрүүдэд газар дээр нь очиж танилцжээ. Прокуророос ял эдлэлтийн байдалтай танилцах явцад ялтныг гэрээнд заасны дагуу ажиллуулж, цагийн бүртгэлийг үнэн зөв бүртгээгүй, ял эдлэх хугацааг ялтны ажиллаж эхэлсэн цагаас эхлэн тооцож, цагийн бүртгэлийг тухай бүр нь баталгаажуулж, шийдвэр гүйцэтгэх байгууллагад 7 хоног тутамд хүргүүлээгүй зэрэг зөрчил илэрлэсэн байна.
Шалгалтын явцад нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн ялтан Б.Н, У.Б, Ц.Э нарын нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялаар солиулах тухай прокурорын дүгнэлт бичиж, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлжээ.
Нийтэд тустай ажил хийлгэж байгаа байгууллага нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ял шийтгүүлсэн этгээдийн цагийн бүртгэлийг хуурамчаар бүртгэсэн зөрчил илэрсэн тул Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн Засаг дарга А.Ганцэцэгийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 15.27 дугаар зүйлийн 3.9 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулахаар 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 1/124 дугаартай албан бичгээр холбогдох баримтуудын хамт тус аймаг дахь Цагдаагийн газарт хүргүүлсэн байна.
Түүнчлэн шийтгэх тогтоол, гүйцэтгэх хуудсыг хуульд заасан хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн зөрчил илэрсэн тул шүүгчийн туслах М.Ариунтуяад арга хэмжээ тооцуулж, цаашид хуулийг нэг мөр хэрэгжүүлж ажиллах талаар Төв аймаг дахь Шүүхийн тамгын газрын дарга Б.Мөнхбатад 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 1/107 дугаартай “Хуулийн хэрэгжилтийг хангуулж ажиллах тухай” албан бичгийг хүргүүлж ажилласан байна.Төв аймгийн прокурорын газраас мэдээлэв.
URL: