Н.Рэнжмаа: Өсвөр насандаа гэр бүл зохиох нь эрсдэлийг дагуулж байдаг

68

Сүүлийн жилүүдэд хардалтаас үүдсэн гэмт хэрэг ихээр гарах болсон. Тодруулбал, 2018 онд цагдаагийн байгууллагад хардалттай холбоотой 199 гомдол мэдээлэл бүртгэгджээ.

 Хамгийн сүүлд л гэхэд, 18, 23 настай залуус хардалтын улмаас маргалдаж хоёулаа амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан юм.

 Хардалт нь биднийг бодит байдал, төсөөлөл хоёрыг ялгахгүй болгож, гэр бүл, хамтын амьдралд сэв суулган, сэтгэлийн амгалан байдлыг бүрэн алдагдуулж гэр бүлийн хүн, найз нөхдийг маань биднийг орхин явахад хүргэдэг аймшигтай өвчин гэдэгтэй маргах хүн үгүй биз.

 Тиймээс бид энэ талаар “Гэр бүл анхаарлын төвд” байгууллагын сэтгэл зүйч Н.Рэнжмаатай ярилцлаа.

 -Өсвөр насны хүүхдүүд хардалтаас болж нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарлаа. Үүнийг та сэтгэлзүйч хүнийхээ хувьд хэрхэн харж байна вэ?

 -Хардалт бол уур хилэн болон доромжлогдох, хаягдахаас айх айдас зэрэг мэдрэмжүүдийг агуулсан цогц сэтгэл хөдлөл юм. Хосуудын хоорондын үнэ цэнэтэй харилцаанд гуравдагч этгээд заналхийлснээр хардалт бий болдог. Энэ нь тэр хэмжээгээр дотно харилцаа бий болсон төдийгүй түүнийгээ хадгалах гэсэн эрмэлзлээс үүдэлтэй юм. Сайн найзууд хүртэл найзыгаа бусдад алдах вий гэдэг айдастай, өөрөөс нь илүү өөр хэн нэгэнтэй дотно найзууд болчих вий гэдэг харамлах сэтгэл төрдөг. Үүнээс гадна аавуудын хувьд өсвөр насны охиноо найз залуутай болоход нь дургүйлхэж, харамлах сэтгэл төрдөг. Тэгэхээр хардалтыг үргэлж сөрөг талаас нь харахаас илүү аливаа нийгэм, гэр бүлийн харилцааны үнэт зүйлийг хадгалахад сайнаар нөлөөлж болдог гэдгийг мартаж болохгүй. Харин сөрөг хардалт нь сөрөг үр дүнг дагуулж байдаг. Сөрөг хардалтаас үүдэн хүн уурлаж бухимдаж, сэтгэл санаа төдийгүй бие махбодийн хүчирхийлэл үйлдэх эрсдэл бий болох аюултай. Уурлах үед тархины цусан хангамж муудаж, тархинд хүчилтөрөгч гүйцэд очдоггүй. Үүнээсээ болж санаатай болон санамсаргүй байдлаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэмт хэрэгтэн болдог. Ялангуяа өсвөр насныхны хувьд аливаа зүйлийг шүүн тунгаах үүрэгтэй тархины духны хэсэг гүйцэд хөгжөөгүй байдаг. Тиймээс уурлаж бухимдсан үедээ аливааг зөв шүүж тунгаагүйгээс үр дагаврыг тооцолгүй гэмт хэрэгт холбогдох гээд байдаг. Тэгэхээр эцэг эхчүүд нь маш ойрхон байж, байнга зөвлөж туслах хэрэгтэй.

 -Өсвөр насны хүүхдүүд эрт гэр бүл зохиох нь энэ төрлийн гэмт хэрэг өсөх шалтгаан, нөхцөл болж байна гэж үзэж болох уу?

 -Аливаа зүйлийг шүүн тунгаах үүрэгтэй тархины духны хэсэг 21 нас хүрэхэд бүрэн гүйцэд хөгжиж дуусдаг гэж үздэг. Тэгэхээр юмыг зөв шүүн тунгааж шийдвэр гаргадаг тархины гол хэсэг нь хөгжөөгүй байхад гэр бүл зохиох нь эргээд эрсдлийг дагуулж байдаг. Энэ тал дээр эцэг эхийн хараа хяналт, анхаарал их чухал. Гэр бүл зохиох, бэлгийн харилцааны тал дээр тодорхой хил хязгаар тавьж, эрт бэлгийн харьцаанд орох нь ямар ямар эрсдлийг дагуулдгийг ойлгуулж ярилцаж, зөвлөдөг байх хэрэгтэй.

-Орчин үеийн хүүхдүүдийг хараад байхад их огцом ууртай, омогтой болчихсон юм шиг харагддаг. Тэгэхээр өсвөр насны хүүхэдтэй эцэг, эхчүүд юуг анхаарах хэрэгтэй байдаг юм бэ?

 -Хүүхдүүд өсвөр насандаа эцэг эхээсээ аль болох хараат бус байхыг хүсдэг. Яагаад гэхээр биеэ даасан бие хүн болж төлөвшиж байгаа учраас өөрийн гэсэн нууцтай болж, өөрийн гэсэн орон зайг бий болгохыг эрмэлзэж эхэлдэг. Энэ үед нь эцэг эхчүүд өсвөр насны хүүхдээ ойлгох нь маш чухал байдаг. Тэгэхгүй бага насны үе шиг нь өөрийнхөө үгээр байлгах гээд загнаж, зандраад, захирангуй хандаад байвал хүүхэд улам зөрж, зөрүүдлэж үл ойлголцол үүсдэг. Тэгэхээр хүүхдийнхээ нас болон сэтгэл зүйн онцлогт тохируулж харьцах нь чухал.

 -Хардалт нь сэтгэцийн эмгэг мөн үү. Шалтгаангүйгээр хардаж, түүнээсээ болоод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн гэмт хэрэгтэн болох тохиолдол их гарч байна. Энэ юутай холбоотой юм бол оо?

 -Сөрөг хардалт нь бүр даамжираад хэтэрхий ихийг төсөөлж бодоод эхлэхээрээ хардах өвчлөл, сэтгэцийн эмгэг болж хувирдаг. Ингэхээр өөрөө маш их стрессдэж, депрессдэх, нойргүйдэж, хий төсөөлж бухимдсанаасаа болж бүр цаашлаад гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг. Хардалт үүсч байгаа шалтгааныг олдмол болон хэвшмэл гэж ангилдаг. Олдмол гэдэг нь амьдралынхаа явцад тийм зүйлийг амсаж мэдэрсэн хүн илүү харддаг. Тухайлбал, өмнө нь уулзаж байсан хүн нь хуурч байсан эсвэл аав, ээж хоёр нь нэг нэгнийгээ хуурч, гэр бүлийн гадуурх харилцаа үүсгэж байсан гэх мэт шалтгаануудаас болоод харддаг. Харин хэвшмэл гэдэг нь тухайн хүний зан чанар, төсөөлөн бодох чадвартай холбоотой байдаг.

 -Хардалт гэр бүл салалтад нөлөөлдөг үү?

 -Нөлөөлөлгүй яахав. Гэр бүл салалтын хамгийн түгээмэл шалтгаан нь гэр бүлээс гадуурх харилцаа байдаг. АНУ-д 16-65 насны 63884 хүн оролцсон судалгаагаар 50 хүн тутмын эрчүүдийн 34 хувь, эмэгтэйчүүдийн 24 хувь нь гэрлэлтээс гадуурх харилцаанд орсон байсан. Монголд ийм төрлийн судалгаа хийвэл мэдээж өөр тоо гарах байх. Гэр бүлийн харилцааны суурь болох итгэлцэл эвдэгдсэн үед үл итгэл, хардалт бий болсноор эхнэр нөхрийн хувьд эрх чөлөөтэй байх байдал алдагдаж, үргэлж айдас түгшүүрийг мэдэрч, уурлаж бухимдах, өөрийн үнэлэмж буурч, амар тайван байхаа больдог. Зарим тохиолдолд хэт их хардсанаас болж уур бухимдлаа барьж чадахгүй бие мах бодийн хүчирхийлэл үйлдэх, сэтгэл зүйн хувьд дарамтлах заналхийлэх байдал ч бий болдог. Энэ мэтчилэн сөрөг үр дүн, үр дагавруудаас үүдэн гэр бүл салдаг.

-Хэрхэн хардалтыг шийдвэрлэх вэ. Яагаад нэг нэгнээ харддаг вэ?

 -Анхнаасаа хосууд маань бие биендээ үнэнч байх нь бие биедээ итгэх итгэлцлийг эвдэхгүй, хардах шалтгаан үүсэхгүй байх боломжтой. Хэрвээ итгэлийг нь алдах ямар нэг үйлдэл хийж байсан бол буруугаа хүлээж, уучлал эрэх хэрэгтэй. Шархалсан зүрх сэтгэлийг анагаах хамгийн сайн зүйл чин сэтгэлийн уучлал гуйх байдаг. “Би хийсэн буруу үйлдэлдээ харамсаж байна”, “миний буруу үйлдэл чамайг маш их гомдоож хохироосон”, “би буруутай үйлдлээ засахын тулд юу хийх хэрэгтэй вэ” гэх мэтчилэн хэлэх нь чухал. Учир нь олонх буруу үйлдэл хийсэн хүмүүс уучлал гуйхгүй, буруугүй мэт, өөрийн зөв мэт байдал гаргадаг нь нөгөө хүнийг улам шархлуулж гомдоодог. Мэдээж ингэж уучлал гуйх нь шууд шархалсан зүрхийг эдгээхгүй ч тайвширч, тайтгарах орон зайг олгодог. Гомдсон хүний хувьд шууд уучилахгүй байж болох тул өөдөөс чинь уурлаж, уцаарлах, доромжлох байдлыг ч хүлээж авахад бэлэн байж айдастайгаа нүүр тулах хэрэгтэй. Гомдож шархалж, хуурагдсан хүний хувьд үнэнг хүлээж авах хэцүү байдаг. Итгэхийг ч хүсдэггүй. Уй гашуутайгаа нүүрэлдэх үед үзэн ядалт, хорсол, өширхөл гэсэн сэтгэл хөдлөлүүд үүсч болох ч таны хань таны дайсан биш гэдгийг санах хэрэгтэй. Үнэнтэй нүүр тулж, уй гашууг мэдрэх нь өөртөө итгэлгүй байгаагийн шинж биш. Харин ч итгэлтэй байгаагийн шинж юм. Мөн уй гашуу, шаналлаа итгэл даасан хүнтэй хуваалцах хэрэгтэй. Хуваалцах үед гомдсон шархалсан сэтгэл хөдлөлөө дахиж мэдэрч болох ч ингэснээр таныг шаналгаж өвдтгөж байгаа асуудал улам жижгэрч, эдгэрэх боломжийг олгож байдаг. Мэдээж мэргэжлийн сэтгэл зүйчид хандах нь илүү мэргэжлийн тусламж үйлчилгээ авах боломжтой. Уучлах үйл явц тийм хурдан өрнөхгүй. Цаг хугацаа болон мэргэжлийн тусламж чиглүүлэг ихээхэн хэрэгтэй.

 -Гэр бүлийн итгэлцэл, эерэг харилцааг хэрхэн бүрдүүлэх вэ?

 -Гэрлэсэн хосуудын хувьд гэрлэхээсээ өмнө бие биендээ маш их цаг зарцуулж, хосынхоо талаар судалж, таалагдах маш олон оролдлогуудыг хийдэг. Харин гэрлэснийхээ дараа “барьсан загасанд өгөөш өгдөггүй” гэдэг шиг нэгэнт миний эхнэр, нөхөр болсон юм чинь гээд өмнөх шигээ цаг зав, зориулалт гаргахаа больчихдог. Энэ нь хосуудын хоорондын харилцааг хөргөх нэг томоохон шалтгаан болдог. Тэгэхээр аз жаргалтай гэр бүлийг бий болгохын тулд тогтсон байдаг энэ хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Хосууд бие биендээ анхаарал халамж тавьж, харилцан хайрлах эргэх холбоо тасралтгүй үргэлжилснээр аз жаргалыг мэдрэх мэдрэмж нь улам дээшилдэг. Эхнэр нөхөр бие биенийхээ сэтгэл зүйн хэрэгцээг нь хангахын тулд таамгаар бус хоорондоо ярилцаж, асууж болно. Ханийнхаа хэрэгцээг хангах гэж хичээж буйг нь хараад уурлаж бухимдаж, дургүйцэх нэг ч хүн байхгүй байхаа гэж бодож байна. Хосуудын хооронд үүсдэг үл ойлголцол, үл итгэлцэл нь ихэвчлэн бие биедээ цаг гаргаагүйгээс, бие биенийгээ анхааралтай сонсож, эерэг өөдрөг үгээр ярилцаагүйгээс үүсдэг. Тэгэхээр эерэг харилцааг бий болгохын тулд аль аль талаас хичээл зүтгэл гаргах шаардлагатай. Эхнэр нөхөр хоёр дайснууд биш нэг тал гэдгээ үргэлж санах хэрэгтэй.

Т.Гэрэл


URL:

Сэтгэгдэл бичих