Хөшүүн яам хөтөлбөр нураах балагтай

DSC_0002Өнгөрсөн оны аравдугаар сард Засгийн газраас эрчим хүчний салбарыг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр баталсан. Түүний гол зорилгын нэг нь 250 Мвт-ын цахилгаан станц барих ажил байлаа. Байлаа гэдгийн учир нь эрчим хүчний яамны идэвхгүй, сайдын санаачилгагүй байдал станц барьж хөгжил дагуулах хөтөлбөрт тушаа болж эхэлсэнтэй холбоотой юм.

Өнгөрсөн онд ОХУ манайд эрчим хүчний салбараа өөрийн болгох боломж олгон харж үзсэн билээ. Шинээр цахилгаан станц барихад зориулан 350 сая ам.долларын санхүүжилт хийхээр тохиролцсон нь том ололт, бахдам амжилт байлаа. Үүний дагуу ОХУ-аас ажил гүйцэтгэхээр компаниуд ирж, техникийн нөхцөл, ажлын даалгавартай ч танилцсан. Бас владивостокт болсон Ерөнхийлөгч нарын уулзалтын үеэр үүнийг баталгаажуулан яриа хэлцлүүд хийсэн юм сан. Гэтэл манайхны цахилгаан станц барих бэлтгэл ажил цалгардаж, зуун задгай, жаран хагархай гэгч болжээ.

Яам Оюутолгойд эрчим хүч нийлүүлэхийн тулд 250 Мвтын цахилгаан станцыг ДЦС-3 ТӨХК-ийг түшиглэн барихаар төлөвлөсөн. Ингэхдээ тус станцын дунд даралтын хэсгийг буулгаж, оронд нь 250 МВт-ын шинэ станц барих төлөвлөгөөтэй байв. Гэтэл тэнд шинэ станц барих нь байтугай бүр газраа алдчихсан сууна. Үүнд хоёр ч шалтгаан бий гэх. Эхнийх нь тус станцын үнсэн сангийн өргөтгөлтэй холбоотой юм. Энэ тухай эрчим хүчний сайд эрхэм Ц.Даваасүрэн өөрөө гачлан тоочиж, гаслан өгүүлж байсан удаатай. Тэрбээр “Нүүрсний хаягдал болон үнс хадгалах санг өргөтгөх ажил саад болоод байхад нийслэлээс газар олгохгүй байна. Үнсний санг өргөтгөхгүйгээр 250 МВт-ын станцыг барих ажил явахгүй. Газар олгохгүй байна гээд нийслэлийнхэн эрчим хүч, дулааны гачланд живж таарахгүй” хэмээж байв. ДЦС-3 ТӨХК-ийн удирдлагууд ч “Нийслэлийн газрын алба станцын эргэн тойронд дур мэдэн газар олгосноос үнсний сан болон нэмэлт станц барих боломжгүй болсон” гэж сайддаа алтан хошуу өргөж, шийдвэрлэх ганц найдвар нь ”та шүү” хэмээн итгэл өвөрлүүлсэн цаг саяхан. Гэтэл станц барих ажилд нийслэлийн газрын алба “гай” болж байна гэх ухааны юм өчиж байсан сайдын гаслан үнэн хэрэгтээ өөрсдийнх нь идэвхгүй байдлаас болсон байх юм.

ДЦС-3 ТӨХК-ийнхан өнгөрсөн онд өөрийн эзэмшлийн газарт нь зөвшөөрөлгүй газар олголоо гэж Нийслэлийн газрын албанд заргын бичиг хүргүүлжээ. Начир дээрээ хувийн байгууллага станцын газарт байгууламж барьсныг ялгаж, салгалгүй газрын албанд бичиг шидэж эхэлсэн нь тэр. Нийслэлийн газрын албаны газар ашиглалт бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Шижир энэ талаар тайлбарлахдаа “ДЦС-3 ТӨХК-тай холбоотой газрын маргаан гарсан нь үнэн.

Сайд санаачилгагүй, яам явуургүйгээс боломжоо хийсгэх вий

Тус станцын газарт нэг иргэн, хоёр хуулийн этгээд дур мэдэн барилга, байгууламж барьсан асуудал л даа. Үүнийг газрын албанаас зохицуулах боломжгүй. Хувийн өмчийг дур мэдэн буулгах, газар чөлөөлөх эрх бидэнд байхгүй. Харин бидний зүгээс эрчим хүчний яам, станцынханд асуудлаа шүүхээр шийдвэрлүүлэх зөвлөмж хариу болгон илгээсэн. Эрчим хүчний яам хуулийн байгууллагад хандан зарга үүсгэж, шүүхээр маргаанаа шийдвэрлүүлчихвэл бид газар чөлөөлөлт хийхэд бэлэн. Одоогоор шүүхэд маргаан үүсгэсэн зүйл даанч алга” гэж байх юм. Албаны хүний үгнээс ангайж суугаа яамны ажил ямархуу байгааг тод харж болох буй за. Нөгөөтэйгүүр шинэ станц барих ажил хэн гэдэг эрхмээс болж гацаад байгааг тодорхой хэлээд өгчихөж байгаа бус уу.

Үүнээс гадна ДЦС-3-ын эргэн тойронд замбараагүй газар олгосноос шинэ станцын шав тавих боломжгүй болсон гэх удаах гомдол. Үүнийг нийслэлийн газрын албаны зүгээс мөн л салбарын яамны идэвх мэдэх хэрэг гэж үзэж байгаа. Нийслэлийн Засаг дарга эрх мэдлийнхээ хүрээнд газар олгосон юм байж. Харин дунд хугацааны хөтөлбөрөө “аврах”ын тулд ашиг сонирхолд нь нөлөөлж буй ийм шийдвэрийг цуцлуулах нь яамны үүрэг байлтай. Харамсалтай нь, яамны удирдлагын ярих, “ярдаглах” нь ихдэж, хөдөлж, хөөцөлддөг нь багассанаас ажлаа нурааж байгаа хэрэг биш үү. Уг нь шинэ газар хайлгүйгээр ДЦС-3-аа түшиглээд барьчихвал эрчим хүчний бэлэн дэд бүтцэд холбогдохыг нь бодолцож бараадсан нь тэр шүү дээ. Тэгээд ч яамны олхио муугаас усны ундарга дээр амгалангийн цахилгаан станцыг барьсны балаг үргэлжилж буйн жишээ өдгөө тэр орчмын цас мөсөн овоолгоос бэлээхэн харагдаж байгаа.

• ДЦС-3 ТӨХК-ийн удирдлагууд сайддаа алтан хошуу өргөж, шийдвэрлэх ганц найдвар нь “та шүү” хэмээн итгэл өвөрлүүлсэн цаг саяхан.

• Эрчим хүчний яамны цахилгаан станц барих бэлтгэл ажил цалгардаж, зуун задгай, жаран хагархай гэгч болжээ.

• Нийслэлийн газрын алба “Эрчим хүчний яам хуулийн байгууллагад хандан зарга үүсгэж, шүүхээр маргаанаа шийдвэрлүүлчихвэл бид газар чөлөөлөлт хийхэд бэлэн” гэжээ.

Эрчим хүчний сайд өнгөрсөн 10 дугаар сард ОХУ-д зочлон 350 сая ам.долларын санхүүжилт олж ирэх тухай удаа дараа зарлаж сүржигнээд байсан. Гэтэл өдгөө сураг алдрав. Арай “станц барих газарт маань маргаан гараад бид бардаггүй ээ” хэмээн хэлэхээсээ ичсэн юм биш байгаа. “Оюутолгойд энэ оны эхнээс эрчим хүч нийлүүлж, Тавантолгойн цахилгаан станцыг ашиглалтад ортол найдвартай хангана” гээд шинэ оны сюрприз барьж ам гарчихсан байдаг. Өмнөд хөршөөс жилдээ 1.1 тэрбум квт.ц эрчим хүч импортолж буй “Оюутолгой” 300 орчим тэрбум төгрөгийг БНХАУ-руу гулсуулж байна. Дунд хугацааны хөтөлбөр хэрэгжих 2021 он хүртэл бараг нэг их наяд төгрөг гадагшаа урсах нь. Энэ бол их мөнгө. Гэтэл Оюутолгойг хангана гээд том дуугараад байсан ажил нь газрын жижиг маргаанаас өндийхгүй байх жишээний. Одоо сайдтан чаддагаараа хариуцлагыг яамнаас зайлуулж станцынханд наах биз.  Уг нь станцын удирдлагууд аргаа бараад сайддаа найдсан юмсан.

ЗГМ сонин


URL:

Нэр: Зочин Огноо: 28 January 2019

Ажлын үнэлгээг сайн шалгаж ажлыг хийх хүнд өгч шуурхай ажиллацгаая, ирээдүйн үр хүүхдийнхээ төлөө.Урагшаа.

Сэтгэгдэл бичих