Сар шинийн баярыг угтан бүх нийтийн цэвэрлэгээтэй
Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас Сар шинийн баярыг угтан дүүргийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулах гэж байна. Тус цэвэрлэгээг энэ сарын 26, 27-ны өдрүүдэд зохион байгуулах бөгөөд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж байгууллагууд орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайн цас мөсийг цэвэрлэж, иргэдийн ажиллах, амьдрах таатай орчинг бүрдүүлэх юм.
Цэвэрлэгээг хийхдээ аж ахуй нэгж байгууллага ойр орчны 50 метр газар, сууц өмчлөгчдийн холбоод орц болон хариуцсан газрын цас мөс, хог хаягдлыг цэвэрлэж, үерийн хамгаалалт, барилга байгууламж, ус хуримтлагддаг гуу жалга, ус нэвтрүүлэх хоолойд хуримтлагдсан ахуйн гаралтай хог хаягдлыг цэвэрлэнэ. Цэвэрлэгээнд тус дүүргийн Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтсээс хяналт тавих тул иргэдийг их цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг уриаллаа.
URL: