Нэр бүхий томоохон 46 компанид Монголбанк, СЗХ хамтарсан шалгалт хийж байна

84

Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Монголбанкны ерөнхийлөгчийн хамтарсан тушаалаар нэр бүхий томоохон 46 компанид газар дээрх хяналт шалгалт хийж эхэллээ.

Хяналт шалгалтаар дээрх компаниудад Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилт ямар байгаа, дотоод хяналтын хөтөлбөрөө бүтцийн байгууллагууд буюу охин компаниуд, хамаарал бүхий нэгжүүддээ хэрхэн хэрэгжүүлж байгааг нягталж, тэдгээрийн үйл ажиллагааны болон санхүүгийн харилцаа хамаарал, мөн санхүүгийн гэмт хэрэгт өртөх эрсдэлийг тодорхойлох аж.

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулиар компанийн нэгдэл буюу санхүүгийн нэгдлийн хэмжээнд хуулийн хэрэгжилтийг шалгах шаардлагатай гэж үзвэл Хороо, Монголбанк хамтарч нэгдсэн хяналт шалгалт хийхээр заасан. Хуулиар олгогдсон энэхүү эрх хэмжээний дагуу явуулж буй тус хяналт шалгалтын хүрээнд тухайн компаниудад эрсдэлээс хамгаалах тогтолцоо бүрдсэн эсэх, харилцагчдаа танин мэдэж, эцсийн өмчлөгч болон нөлөө бүхий этгээдийг тогтоож чадаж байгаа эсэх, мөн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хоригуудыг хэрэгжүүлэх талаар авч буй арга хэмжээ, албан хаагчдын Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, холбогдох эрх зүйн зохицуулалтуудын талаарх ойлголт, мэдлэг, сургалтад хамрагдсан байдал зэрэг өргөн хүрээний асуудлыг газар дээр нь хянан шалгаж, үнэлэлт дүгнэлт өгөх юм.

Х.Хулан


URL:

Сэтгэгдэл бичих