Дэлхий нийт ирээдүйн боловсролын асуудалд гол анхаарлаа хандуулж байна
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лондон хотноо жил бүр зохион байгуулагддаг дэлхийн Боловсролын сайд нарын чуулга уулзалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Гурван өдөр үргэлжлэх тус чуулга уулзалт “Боловсролын системийн бодлого, хэрэгжилтийг хөгжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх нь” үндсэн сэдвийн хүрээнд болж байна. Чуулга уулзалтын үндсэн хэлэлцүүлэг хувьсан өөрчлөгдөж буй дэлхий ертөнц ирээдүйд дижитал технологи, интернетийн өсөн нэмэгдэж буй хэрэглээнд суурилсан сургалтын шинэ хөтөлбөр, боловсролын загвар боловсруулахыг шаардаж буй хэрэгцээ, хандлага, түүнчлэн, боловсролыг яс үндэс, хэл соёл, газар нутгаас үл харгалзан хүртээмжтэй хүргэх, боловсрол авах, сурах үйл явцад багш, эцэг эх, сурагч, хамт олны оролцоог идэвхжүүлэх зэрэг сэдвийн хүрээнд өрнөж байна.
Чуулга уулзалтыг Британийн Парламентын гишүүн, боловсролын асуудал хариуцсан Төрийн нарийн бичгийн дарга Дэмиан Хайндс нээж хэлсэн үгэндээ дижитал технологи хүчээ авч буй энэ үед дараагийн шинэ үеийнхэнд зориулсан боловсролын шинэ хөтөлбөр боловсруулах шаардлагатай, даяарчилагдаж буй зуунд дэлхийн бүх хүн тэгш эрхтэйгээр боловсрол олох шаардлагатай, зөвхөн сурагч, багшийн хөгжил төдийгүй боловсролын бодлогодоо өөрчлөлт оруулах цаг ирж буйг онцлоод “Өнөөдөр шинэ технологи, шинэ аж үйлдвэр манай дэлхийг гэрлийн хурдаар өөрчилж байна. Сэтгэн боддог машинууд, хиймэл оюун ухаан, роботууд, энэ бүхэн өндөр технологи бүхий ирээдүйг бүтээж байна. Улс орнууд ийм ирээдүйд ажиллаж, амьдрах боловсон хүчнээ бэлтгэхийн тулд өнөөдөр бүх анхаарлаа боловсролд хандуулж байна. Яагаад гэвэл дэлхий, дэлхийн эдийн засаг улам бүр даяарчлагдаж байна. Бид дараагийн үед зориулан өнөөдөр боловсролын хөтөлбөр болон боловсрол олгох үйл явцаа хэрхэн өөрчлөх тухайгаа ярилцах цаг болсон байна. Энэ бол тулгарч буй бэрхшээлээ ярилцаж, мэдээлэл, туршлагаа солилцож, хамтдаа сурч, хамтдаа хөгжиж, дэлхийн сонгодог боловсролыг үр хүүхэд, хойч үедээ олгох тухай ярилцах цаг. Бид туршлага хуваалцаж байна. Бид ирээдүйн боловсролын тухай ярилцаж байна. Тэгснээрээ цаашид юуг хийж, хэрхэн хамтдаа хөгжих талаар ярилцах нь энэ удаагийн чуулга уулзалтын гол зорилго юм” гэлээ.
Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн боловсролын сайд нар өөрийн орны боловсролын салбарт хийгдэж буй шинэчлэл, тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэж байгаа арга зам, багшийн арга зүйг хөгжүүлэхэд баримталж буй бодлого, ололт, амжилтаасаа хуваалцаж, улам бүр хувьсан өөрчлөгдөж буй технологийн эрин зуунд ирээдүйн иргэдэд боловсролыг хэрхэн үр нөлөөтэй, зөв арга барилаар олгох зэрэг асуудлыг хөндөн ярилцаж буйгаараа энэ удаагийн чуулга уузалт үр нөлөө өндөртэй болж байна.
URL: