Цалингүй ажиллаж буй төрийн албан хаагчдыг Д.Трамп сайшаан магтжээ
АНУ-ын Засгийн газрын хэсэгчилсэн түр зогсолтын үеэр цалингүй ажиллаж буй төрийн олон зуун мянган албан хаагчийг “Агуу эх орончид” хэмээн тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт сайшаан магтжээ.
Д.Трамп “Твиттер” хуудсандаа бичсэн нийтлэлдээ АНУ-Мексикийн хилийн дагуу хана барих уриалгаа дахин давтсан байна.
Засгийн газрын түр зогсолт 800 мянга орчим ажилтан, албан хаагчид нөлөөлж, тэдний тэн хагасаас илүү хувь нь цалингүй ажиллах юм уу амралт авахад хүрээд байгаа билээ.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд АНУ-ын төрийн тэргүүн Засгийн газрын түр зогсолтын талаар зөвшилцөх саналыг гаргасан боловч Ардчилсан намын төлөөлөгчид үүнийг нь няцаасан юм.
Ардчилсан намын гишүүд хилийн ханыг үр дүнгүй, ёс суртахуунгүй хэмээн үзэж, “Засгийн газрын үйл ажиллагааг сэргээх хүртэл зөвшилцөхгүй” гэж Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси мэдэгдсэн билээ.
URL: