Жанчхүүгийн даваанаас нааш шаахайтны мөрийн бүү гарга

…Зүүн уулын энгэрт зэрэглээ байна даа хө Ай Нан аа хө

Зүглээд очиход үгүй байна хө

Зүүд нойрондоо хоёулаа хө Ай Нан аа хө

Зүүдлээд сэрэхэд минь ганцаараа  байна хө… энэ дууг монголчууд андахгүй. Ардын дуу гэхээс цааш олон зүйлийг хэлж чадахгүй. Магадгүй телевиз, радиогийн “Дуу төрсөн түүх”  хэмээх нэвтрүүлгээр түүх багатай орчин цагийн хит дуунуудын тухай сонирхуулдаг болохоор дээрхи дууны үүх түүхийг мэдэхгүй байх нь аргагүй.

Тэгвэл нийслэлийн Улаанбаатар чуулгынхан “Ай Нан аа” хэмээх ардын дууны үүх түүхийг өгүүлсэн нэгэн гайхамшигтай бүтээлийг тайзнаа амилуулсан юм, саяхан. Харамсалтай нь Монгол Улсын тусгаар тогтнолын 100 жилийн ойд зориулсан энэхүү дуулалт жүжиг өнөөх л баярт зориулсан үндэсний бөхийн барилдаанаас эхлээд амарна амрахгүй гэсэн улс төрчдийн маргааны шоунд дарагдаад монголчуудын мэлмий, сэтгэлд тэр бүр хүрч чадсангүй. Тиймээс энэхүү дуулалт жүжгийн талаар шинэ жилийн баярын уур амьсгал бүдгэрч, хүмүүс өдөр тутмын амьдралдаа эргэн орсон энэ өдрүүдэд бичихээр шийдсэн минь энэ. Учир нь “Ай Нан аа” дуулалт жүжиг үндэсний тусгаар тогтнолын өдөр л  хүүрнээд өнгөрөх сэдэв биш юм.

Чин ван Ханддорж “Жанчхүүгийн даваанаас нааш шаахайтны мөрийг бүү гарга” хэмээх захиасанд ямархан гүн гүнзгий утга агуулга оршиж байдгийг Нийслэлийн “Улаанбаатар” чуулгынхан тайзны бүтээл болгон тавьсанд талархмаар байлаа. Энэхүү “Ай Нан аа” хэмээх зургаан үзэгдэлт дуулалт жүжгийг хаанаасаа хаалгачаа хүртэл эрвийх дэрвийхээр ажиллаж байж эл бүтээлийг тайзнаа амилуулсан юм. Өдөр, шөнийг хугасласан нөр их хөдөлмөр, сэтгэл шингэсэн нь тайз заслаас тодхон харагдана.

Уг бүтээлд жүжигчид, дуучид нэг тайзнаа гар сэтгэл нийлэн ажилласан нь мэргэжил, мэргэшил гэдэг зүйлийн үнэ цэнийг давхар харуулсан юм. Тухайлбал, Хятад түшмэд Сүйгийн дүрд тоглосон Төрийн соёрхолт жүжигчин Ц.Төмөрбаатар, шанзав Бадамдоржид тоглосон Ардын жүжигчин П.Цэрэндагва нар үзэгчдийн эгдүүцэл бухимдал, уур цухлыг нь буцалттал нь дүрээ амилуулж чадсан нь тэдний тэнгэрлиг авьяаст мэхийн ёслоход хүргэв.

Харин зарим нэг дуучдын хувьд жүжиглэх тал дээрээ чамлалттай байсныг нуух юун. Дүрийнхээ үгийг хэлэхдээ цээжилсэн шүлгээ уншиж, жүжиглэлтээ гаргахгүй байгаагаас чихэнд наалдахаас сэтгэлд наалдсангүй. Ялангуяа энэ нь Дандар аграмба, Богд хаан нарын дүрийг амилуулсан дуучдад илүүтэй анзаарагдаж байлаа. Гэхдээ Богд хааныг дуулж эхлэхэд л хүний эзэмшсэн мэргэжил өөр юм аа гэх бодлоор солигдоно. Түүнчлэн Сэвжидмаа хатны дүрд тоглосон шинэхэн гавьяат Д.Ширмэнтуяа, Ханд вангийн хиагийн дүрд тоглосон СТА Д.Баасанжав нар жүжиглэх, дуулах хоёрын шидийг хослуулж байсан нь энэхүү дуулалт жүжгийн чимэг болсон юм. Онцолж хэлэхэд Д.Ширмэнтуяа гавьяат цолоо мялаасан сайхан тоглолтыг үзүүлж тайз, танхимыг эзэгнэнхэн хоолой хадаасныг хэлэхгүй өнгөрөхийн аргагүй.

Мэдээжийн хэрэг, үзэгчид ч бас надтай адил Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын даргыг энэхүү тайзнаа Чин ван Ханддоржийн дүрийг хэрхэн амьдруулах бол гэсэн нууцхан   хүлээлт байсан биз. Учир нь тайзан дээрээ “амьдралгүй” удсан Ц.Түвшинтөгс гавьяатын хоолой хэр байх бол гэсэн битүүхэн сонирхол сэтгэл гижигдэнэ. Гэвч жүжгийн эхний үзэгдэлд түүний авьяасыг, хоолойн бядыг олж харж чадаагүйдээ “дарга болчихож дээ” гэсэн яаран дүгнэлтийг хийх шахсан юм. Гэвч “Ай Нан аа” жүжгийн хоёрдугаар үзэгдлийн төгсгөлийн хүүгээ бурханы оронд заларсныг гэргийдээ ойлгуулж буй Ханд вангийн дуулал олон хүний сэтгэлийг эгшээж, нулимсыг дуслуулав. Тэрбээр Ханд вангийн гэхээсээ хүүгээ алдсан эцэг хүний харуусал бачуурлыг тайзан дээр асгах нь тэр. Гайхалтай, түүнд алга ташаад л баймаар…

Аливаа бүтээл гэдэг алдаатай оноотой байдаг гэдэг. Тэр утгаараа “Ай Нан аа” дуулалт жүжиг ч шүүмжлэл, магтаал дундуур туучих нь гарцаагүй. Юуны өмнө уг  дуулалт жүжгийн найруулгын хувьд “алдуул” хэдэн үг дуугармаар санагдав. Дуулалт жүжгийн үзэгдэл хоорондын шилжилтэд хоосон хөшиг үзүүлэн үзэгчдийг бяцхан чилээсэн нь тиймхэн. Уг нь тэрхүү жүжигт гарсан Манж Чин улсын Гадаад Монголын төрийг засах яаманд байсан, дараа нь Богд хааны өргөөнд ч байсан Манжийн хааны нүд чих болсон хоёр туршуулын харилцан яриагаар ч юм уу эсвэл жүжигтэйгээ холбоотой монгол бүжгээр холбож өгсөн бол гэсэн бодол сэтгэл холгоно. Төр солигддог хэсгийн таван яамны сайд  нарын бүжгийн хэсэг шиг… Бүжигчдийн тухай бага зэрэг “өөлөхөд” тэд хөдөлгөөнөө яс тас, яаруу сандруу хийхийг хичээхээс, ихэмсэг, сүрлэг шинжтэй байж, омогшуулж чадсангүй.

Түүнчлэн дуулалт жүжгийн төгсгөл хэсэг жаахан сунжирсан мэт. Үндэснийхээ тусгаар тогтнолын 100 жилийн ойгоор өөдрөг, эрч хүчтэй тэмүүлэлтэй төгсгөлийг үзсэн бол гэдэг нэгэн сөргүү бодол салдаггүй ээ. Тийм дээ ч Богд хаант Монгол Улсыг байгуулж, төрийн сүлд дуу “Зуун лангийн жороо луус”-ыг эгшиглүүлснээр өндөрлөсөн бол үзэгчдийн сэтгэл ханамж илүү өндөр байх байсан биз. Гэвч дуулалт жүжиг Чин Ван Ханддоржийн шанзав Бадамдоржид хорлогдож тэнгэрт хальж байгаа нь  гутранги төгсгөлтэйн дээр “Ай Нан аа” гэсэн нэрэндээ базагдалгүй, Чин ван Ханддоржийн амьдрал болоод хувирчихав.

“Зуун лангийн жороо луус” дууг тус чуулгын Монгол Улсын гавьяат жүжигчин С.Ганзориг орлогч дарга Д.Ариунбаатар нар дуулж сонирхуулсан юм. С.Ганзоригийн авьяас билэгтэй юугаа ч ярих вэ. Тэртээ тэргүй төр үнэлчихсэн юм. Д.Ариунбаатарын хувьд хэлэхэд тайз ажил хоёрын жаахан зааглавал зүгээр юм болов уу гэж бодогдлоо. Учир нь амьд бурхан Богд гэгээнтнийхээ өмнө дуулж байгаа харц ардын дүрд тоглож байгаа хүн нь Богд гэгээнээ “айлгаад” байгаа мэт харагдах нь зохимжгүй.

Харин анх удаа шахам тайз дэлгэцийн бүтээлд Богд  хааны хатан хэн байсан бэ гэдгийг тодруулж өглөө. Монголчуудын олонхи нь эл хатныг өнөөх “Гарьд магнай” кинон дээрээс хардаг “Бөх чинь уначихлаа” хэмээн ширэв татдаг хатнаар төсөөлдөг. Тэгвэл энэхүү дуулалт жүжигт Дондогдуламын дүрийг эмэгтэй хүн, эх хүн, улсын эх хатны хувьд ямархуу хүн байсныг нь харуулснаараа шинэлэг зүйл болжээ.

Түүнчлэн эл жүжгийн тайз заслын талаар дуугарахгүй өнгөрвөл эл бүтээлийн тухай ярьж байгаа минь өрөөсгөл болно биз. Ялангуяа Цонхлон уулын хэвлийд Ханддорж ван итгэлт хиа нутгийн ардуудтайгаа гал тойрон суух үзэгдэл эхлэхэд үзэгчид нэгэн зэрэг дуу алдсан нь өвлийн тайз засал байв. Цавцайн цайрсан ууланд цас бударсан үдэш түүдэг галын дэргэд эгэл жирийн монгол цэргүүдийн дүр зураг тайзан дээр амилуулсанд дуу алдахаас яахав. Нүдэндээ харагдаж байгааг үгээр буулгахын хэцүүг энд илүүтэй мэдрэх биз ээ. Энд өнөөх л найруулгын бага зэргийн дутагдалтай санагдсан зүйлээ дурдахгүй өнгөрмөөргүй. Энэ үзэгдэл эхлэхдээ Чин вангийн шадар хиа морин хуурын тоглон тууль хайлан эхэлдэг. Гэвч дараагийн үйл явдал өрнөхөд өнөөх хуур тоглож байсан хүн байрандаа хөшөө адил суун үлдэж, түүнийг сонсон байсан нөхөд нь үйл явдалд оролцоход мань хуурч байрандаа хөшөө адил үлдэх нь аавдаа загнуулсан хүүхэд мэт нэг л эвгүй…

Ийнхүү Нийслэлийн “Улаанбаатар” чуулгынхан тэгтлээ хүн бүр анзаараад байдаггүй тэрхүү “Ай Нан аа” хэмээх ардын дууг бүтээл болгож,  монгол түмэндээ Тусгаар тогтнолын 100 жилийн ойн бэлэгэх дуулалт жүжиг болгож чадлаа.  Энэ нь өнөө цаг үед монголчууд  бидний сэтгэлд бөхөөд байгаа эх оронч үзлийн  цучлыг бадрааснаараа ач холбогдлынх нь амин сүнс нь оршино. Харанхуйг зүхэн сууснаас нэг ч гэсэн цучил асаа гэдэг биз. Тэр цучлыг асаасан Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын хамт олонд баярлалаа.

Үүний завсар эл дуулалт жүжгийг бүтээх төдийгүй сурталчлан таниулах мөнгийг нь төсөвлөсөн бол гэсэн бодол ээрээд салдаггүй. Учир нь тэр үдэш цугласан үзэгчид үзснээр сэтгэл минь ханасангүй. Театрын тайзнаа хэдэн арван удаа тоглогдлоо ч энэ нь монгол хүн бүрт чадахгүй биз. Яагаад ч юм ийм томоохон бүтээл хийчихээд асар их хүч хөдөлмөр зарцуулсан атлаа хэдхэн үзэгчдийн хүртээл болгон чимээгүйхэн өнгөрүүлсэнд жаахан чамлах шиг. Уг нь Туурга тусгаар улсынхаа 100 жилийн ойгоор Монголын Үндэсний Олон Нийтийн телевизээр шууд дамжуулж, хотлоороо үзсэн бол ч…  Баяр болохоор үндэсний бөхийн барилдаан гардаг. Уг нь утга агуулгын хувьд түүнээс ч гүн гүнзгий оюуны томоохон хөрөнгө оруулалт болох иймэрхүү бүтээлийг монголчууддаа, тэр дундаа хүүхэд залуусынхаа ухамсар сэтгэхүйд суулгаж өгөх хэрэгтэй баймаар. Гэхдээ хүн хэлэхээс нааш гэдэг сайхан үгийг бодон энэхүү шүүмжээ өндөрлөе.

Нийслэлээр овоглосон их хотын чуулгынханд ахин дахин үзэгчдийн, монгол түмнийхээ оюуныг мялаах сайхан бүтээлүүд туурвих итгэл сэтгэл байгаа гэдэгт гүнээ итгэнэм.

Ж.Батбаяр


URL:

Сэтгэгдэл бичих