Шинэ дэвшигчдийг хатуухан учраанууд хүлээж байна
Эрхэм түшээдийн “хатуу чанга” хэмээн халшран өгүүлж байгаа УИХ-ын сонгуулийн шинэ хуулийн хүрээнд шинэ оны улстөр эхэллээ. Тэгэхээр энэ оны улс төр энэ хуулийн хүрээнд амьсгалах нь мэдээжийн хэрэг. Хуучин оны төгсгөлд буюу арванхоёрдугаар сарын 28-ны өдөр шинэ хуулийн хүрээнд нэр бүхий албан хаагчид ажлаасаа чөлөөлөгдөж эхэлсэн нь энэ хууль үйлчлээд эхэллээ гэсэн үг. Тус хуулийн 26-ын 6-д “Улстөрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна” хэмээсэн заалт бий.
Энэхүү заалтын хүрээнд Авто тээврийн газрын дарга Б.Цэнгэл, Ашигт малтмалын газрын дарга Д.Батхуяг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга И.Мөнхбаатар, Мэдээлэл, шуудан, харилцаа холбооны газрын дэд дарга А.Мөнхбат, Гаалийн ерөнхий газрын дэд дарга А.Мурат нарыг дээрх өдрөөр тасалбар болгон ажлаас нь чөлөөллөө. Мөн өөр ажилд шилжих болсонтой нь холбогдуулан Д.Цогтбаатарыг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн.
Түүнчлэн иргэний хөдөлгөөний төлөөлөл болсон Ж.Батзандан ч ажлаа хүлээлгэн өглөө. Эдгээр эрхмүүд ирэх сонгуульд зодоглохоор ийнхүү хуулийн дагуу үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн юм. Шинэ хуулиар тойргийн мандатын тоог цөөрүүлсэн. Жишээлэхэд, дөрвөн мандаттай Өвөрхангай аймгийн мандатын тоог хоёр болгож, хоёр мандаттай Дорноговь аймгийн мандатын тоог нэг болгосон. Тэгэхээр дээрх эрхмүүд хашиж байсан албаа орхин цөөн мандатын төлөө өрсөлдөхөөр зориг шулуудсан нь нэг талдаа маш том эрсдэл дундуур явж сонгуульд орвлцох болж байгаа юм.
Эдгээр эрхмүүдийн өрсөлдөх тойрог нэгэнт тодорхой болчихсон. Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга асан И.Мөнхбаатар гэхэд л мандатын тоо нь хоёр болж цөөрөөд байгаа Хөвсгөл аймагт МАН-аас нэрээ дэвшүүлэхээр зэхэж буй. Мөн Ашигт маптмалын газрын дарга Д.Батхуяг тус аймагт нэр дэвшүүлнэ. Хөвсгөл аймгийн тойрогт зодоглохоор зэхсэн өөр олон лидер байгаагаас гадна тус аймгийг төлөөлөн дөрвөн гишүүн УИХ-д суудаг. Ингэхээр хамгийн хөл ихтэй, өрсөлдөөнтэй тойргийн нэг бол яах аргагүй Хөвсгөл аймаг болж байна.
Өнөөдрийн байдлаар тус тойрогт МАН-ын нарийн бичгийн дарга Д.Сарангэрэл, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон нар өрсөлдөхөөр зэхэж байгаа сураг бий. Зөвхөн МАН-аас тус аймагт дөрвөн шинэ нэр дэвшигч өрсөлдөхөөр болж байна. Хуучин гишүүдээс МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин өрсөлдсөн ч мандатаа хадгалах, өрсөлдөөгүй ч намын нэрээр УИХ-д орж ирэх боломжтойг ажиглагчид хэлж байгаа юм. Ийнхүү зөвхөн нэг намаас хоёр мандатын төлөө таван хүн өрсөлдөж байгааг ихээхэн эрсдэлтэй гэхээс өөр арга алга.
Харин Ардчилсан намаас нэрээ дэвшүүлэхээр үүрэгт ажлаа өгөөд байгаа Мэдээлэл, шуудан, харилцаа холбооны газрын дэд дарга асан А.Мөнхбат бас л мандатынхаа тоог цөөлөөд байгаа Өвөрхангай аймгаас нэрээ дэвшүүлэх аж. Тус тойргоос Ардчилсан намын гурван гишүүн өдгөө УИХ-д сууж байгаа. Гэтэл дөрвөн мандаттай тус тойргийн мандатын тоог цөөрүүлж мөн л хоёр болгосон. Ийнхүү шинэ хуулийн нэг гол онцлог нь нэг тойрогт цөөн мандатын төлөө олон хүн өрсөлдөх бөгөөд халуухан тулаан болж, жинхэнэ ард түмний төлөөлөл гарч ирэх магадлалтай хэмээн ажиглагчид үзэж байна.
Өмнөх хуулиар бол 50 мянган хүн амтай аймгийн тойргоос 10 гаруй мянган хүний санал авахад УИХ-д орж ирдэг байсан бол өнөөдөр мандатын тоог цөөлсөн нь 50 мянган хүн амтай тойргоос дор хаяахад 20-30 мянган хүний саналаар УИХ-д орж ирэх болж байгаа юм. Шинэ төлөв байдлыг харж байхад нэг эрсдэл бий. Цөөн мандаттай тойрогт нэг намын олон лидер өрсөлдөж, нэгнээ унагах төлөв бий. Өвөрхангай аймагт АН гэхэд л дөрвөн мандатын гурвыг нь өвөртлөн УИХ-д сууж буй. Гэтэл тус намаас шинэ залуу энэ тойрогт зодоглохоор ажлаа өглөө.
Дээрх ажлаа өгсөн эрхмүүдээс Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Цогтбаатар Дундговь аймагт МАН-аас, Ж.Батзандан нийслэлийн Баянзүрх дүүрэгт Ардчилсан намаас, Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг Хөвсгөл аймагт МАН-аас, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга И.Мөнхбаатар Хөвсгөл аймагт МАН-аас, Гаалийн ерөнхий газрын дэд дарга асан А.Мурат Баян-Өлгий аймагт АН-аас, Мэдээлэл, шуудан, харилцаа холбооны газрын дэд дарга асан А.Мөнхбат Өвөрхангай аймагт Ардчилсан намаас тус тус нэрээ дэвшүүлэх нь тодорхой болоод байгаа. Шинээр нэр дэвшигчдийн хувьд тойрог тойрогт хатуухан учраанууд хүлээж байгаа нь дамжиггүй.
С.УУГАНБАЯР
URL: