Японд амиа егүүтгэх гэмт хэргийн тоо буурсаар байна

75

2018 онд Японд гарсан амиа егүүтгэх гэмт хэргийн тоог өмнөх оны мөн үетэй харьцуулахад буурсан нь энэ төрлийн гэмт хэргийн гаралтын тоо ес дэх жилдээ дараалан буурсан үзүүлэлт болсон тухай тус улсын Үндэсний цагдаагийн газраас мэдээлэв.

Өнгөрсөн онд Японд 20600 орчим хүн амиа егүүтгэснийг 2017 оны ижил үзүүлэлттэй харьцуулахад 3.4 хувиар буурсан байна. Хүйсээр авч үзвэл, амиа егүүтгэсэн эрэгтэй хүмүүсийн тоо 14 мянга давсан нь эмэгтэйчүүдээс хоёр дахин өндөр үзүүлэлт болжээ.

Нийгмийн хамгааллын яамнаас өнгөрсөн оны 11 дүгээр сард явуулсан судалгаанаас үзэхэд, амиа егүүтгэсэн хүмүүсийн дийлэнх буюу 17 хувийг 40-50 гаруй насныхан эзэлж байсан бол 60-аад насны хүмүүс 15 хувийг эзэлжээ. Мөн 19-өөс доош насны хүмүүсийн амиа егүүтгэсэн хэргийн тоо хоёр дахь жилдээ дараалан өссөн үзүүлэлттэй гарсан байна.

Дээрх судалгааг явуулсан мэргэжилтнүүд амиа егүүтгэх шалтгаануудын талаар мөн судалжээ. Судалгааны дүнд мэдээлснээр, эрүүл мэндийн асуудалтай байх нь амиа егүүтгэх хамгийн нийтлэг шалтгаан байсан бол санхүүгийн байдал болон гэр бүлийн асуудал нь хоёр, гуравдугаарт тус тус жагссан байна.

2011 он хүртэлх 14 жилийн хугацаанд Япон улсад гарсан амиа егүүтгэсэн гэмт хэргийн тоо жил тутам 30 мянга давж байжээ. Энэ үзүүлэлт 2003 онд хамгийн өндөр буюу 34400 хүрч байсан юм.

“Амиа егүүтгэх гэмт хэргийн тоо аажмаар буурч буй нь эдийн засгийн нөхцөл байдал сайжирч, орон нутгийн засаг захиргаанаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд үр дүнгээ өгч байгаатай холбоотой” гэж Нийгмийн хамгааллын яамны төлөөлөгч мэдээлжээ.


URL:

Сэтгэгдэл бичих