Тансаглах гэж зээл авдаг уу?

Зээлгүй хүн өнөөдөр манай улсад нүдний гэм болоод буй. Ахмадууд тэтгэврийн, залуучууд цалингийн, ипотекийн гэх мэт. Тэрбүү хэл унаж буй машинаа, утсаа, хөргөгч, зурагтаа хүртэл зээлээр авдаг болжээ. Өөрөөр хэлбэл, зээлээр хэрэгцээгээ хангаж байна гэсэн үг. Авсан цалингаа хэдийг нь зээлэндээ, хэдийг нь ахуйн хэрэгцээндээ хэрхэн зарцуулахаа бодон толгойгоо гашилгадаг болсон. Гэтэл шинэ онтой зэрэгцэн Монголбанкнаас хэрэглээний зээлийн хугацаанд хязгаар тогтоон 30 сараас дээш хугацаагаар зээл өгөхөөргүй болсон юм. Энэ нь иргэдийг бухимдуулж, шийдвэр нь хэл амны бай болоод буй.

Smiling happy Asian woman shopping and holding bags

Ипотекийн зээлээс бусад зээлд хамаатай энэхүү шийдвэрээ Төв банк тайлбарлахдаа, иргэдийн амьдралд дарамт учруулахгүй, эдийн засгийн ирээдүйн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн хэмээв. Энгийнээр тайлбарлая. Иргэд өөрт хэрэгцээтэй зүйлээ худалдан авахдаа нэгдүгээрт, өөрийн орлого буюу цалин, хадгаламж зэргээ ашигладаг. Хоёрдугаарт, зээл авдаг байна. Тэгэхдээ тэрхүү зээлээ яг хэрэгцээт зүйлдээ ашигладаг уу эсвэл сар бүр цалингаасаа хүү, үндсэн төлөлт хийж, өрийн дарамт болох зүйлд ашигладаг уу гэдэг асуудал. Зээл аваад гар утсаа сайжруулсан уу. Эсвэл “Приус” 20-той байснаа 30 болгосон уу гэх мэт.

Өнөөдөр манай улсын иргэд орлогынхоо хамгийн ихдээ 70 хувийг зээлийн үндсэн болон, хүүний төлбөрт өгдөг байна. Энэ нь татварын дараах орлогын гэдгийг тодотгоё. Тэгвэл зээл авч тансаг амьдраад өртэй, стрэсстэй байх хэрэг байна уу. Зээл авсан нь буруу гэж байгаа юм биш. Зээл авахдаа тун нарийн бодож, зайлшгүй хэрэгцээт зүйлдээ ашиглахыг зөвлөж байгаа юм. Сонирхолтой баримт дурдахад, хэрэглээний зээл өссөн саруудад, импортоор орж ирсэн авто машины тоо нэмэгдсэн байдаг. Тэгэхээр иргэд үнэтэй утас барих гэж, машины маркаа өөрчлөх гэж, хөршийнх нь илүү том зурагттай болохоор тэднийхтэй дүйх гэж зээл авдаг юм биш биздээ.

Нөгөө талаас иргэд хэрэглээний зээл авах нь урт хугацаандаа эдийн засагт ямар сөрөг нөлөөтэй юм бэ. Хүмүүс өнөөдөр зээл ихээр аваад цахилгаан бараа, машин, гар утас авах, хөргөгч, ширээ сандал, буйдан худалдан авъя. Энэ хэрээр хэсэгтээ худалдааны газруудын ашиг нэмэгдэнэ. Импорт нэмэгдэнэ. Наймаачид тэр хугацаанд орлоготой байна. Тэгвэл дараагийн жилүүдэд юу болох вэ. Зээлтэй иргэд зээлээ төлнө. Тэд зээлээр хэрэгцээний зүйлсээ авсан. Эргээд худалдааны төвүүдийн орлого байхгүй болж, эдийн засаг царцана.

Эх сурвалжийн линк: http://eagle.mn/r/54837


URL:

Сэтгэгдэл бичих