СТАТИСТИК: Цагаан сараар нэг өрх дунджаар 1.5 сая төгрөг зарцуулна
Хорь хүрэхгүй хоногийн дараа Монгол түмний уламжлалт баяр Цагаан сар болно. Зарим нь бэлтгэл ажил их шаарддаг, өрхийн төсөвт дарамттэй хэмээн энэ баярыг тэмдэглэхээс цааргалах нь бий. Гэсэн ч Монголчууд бид Их Монгол Улсыг байгуулсан 1206 оноос хойш өнөөг хүртэл үндэсний баяраа тэмдэглэсээр байна.
Үндэсний статистикийн хорооноос Цагаан сарын баяр тэмдэглэх өрхүүд дунджаар ямар зардал гаргахыг нарийвчлан судалжээ. Тэд нэг өрх хоол хүнсэнд дунджаар 696 мянга, гарын бэлгэнд 780 мянган төгрөг зарцуулахаар байна гэв.
УЛСЫН ХЭМЖЭЭНД ИДЭЭ, БЭЛЭГТ ЗОРИУЛЖ 845 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗАРДАЛ ГАРАХААР БАЙНА
Монгол Улс өнгөрсөн сарын байдлаар 895 мянган өрхтэй. Өрхийн тэргүүний насны бүлгээр авч үзвэл,
- 30 хүртэлх насны өрхийн тэргүүнтэй өрх (I) нийт өрхийн 11.8 хувь,
- 30-39 насны өрхийн тэргүүнтэй өрх (II) нийт өрхийн 26.6 хувь,
- 40-49 насны өрхийн тэргүүнтэй өрх (III) нийт өрхийн 24.8 хувь,
- 50-59 насны өрхийн тэргүүнтэй өрх (IV) нийт өрхийн 20.2 хувь,
- 60-аас дээш насны өрхийн тэргүүнтэй өрх (V) нийт өрхийн 16.6 хувийг эзэлж байна.
Цагаан сарын баярыг
-Нэгдүгээр өрхүүдийн 25 хувь
-Хоёрдугаар өрхүүдийн 45 хувь
-Гуравдугаар өрхүүдийн 65 хувь
-Дөрөвдүгээр өрхүүдийн 85 хувь
-Тавдугаар өрхүүдийн 95 хувь
өргөн дэлгэр тэмдэглэдэг гэж таамаглан тооцоо хийж үзэхэд
Нийт өрхийн 64 хувь буюу 572 мянган өрх Цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэж, нэг өрхөөс 1.5 сая төгрөгийн зардал гардаг. Идээ, бэлэгт зориулж улсын хэмжээнд 845 тэрбум төгрөгийн зардал гарахаар байна. Харин бэлгийн 80 орчим хувийг импортын бүтээгдэхүүн зочиндоо бэлэглэж байгаа нь Монгол Улс Цагаан сарын баярт зориулж дунджаар 357 тэрбум төгрөг гадагш гаргаж байна гэсэн үг.
Цаашид Монголчууд дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг цагаан сарын баярын гарын бэлэгт өргөн хэрэглэвэл дотоодын үйлдвэрлэл хөгжих, ажилгүйдэл буурах, төгрөгийн худалдан авах чадвар сайжрах зэрэг давуу талтай.
Бэлтгэсэн: Үндэсний статистикийн хороо, Ю.Батзоригт, Ч.Тунгалаг
URL: