Байр суурь: “Шатахууны үнэ буучихаад байхад такси үнэ нэмэгдэх нь БУРУУ”
Ирэх хоёрдугаар сарын 1-нээс эхлэн такси үйлчилгээний үнэ тарифыг эхний 1 км дотор 1500 төгрөг, дараагийн 1 км тутамд 1000 төгрөгөөр тооцохоор тогтоожээ.
Энэ талаар Нийслэлийн тээврийн газраас тодруулахад, “Үнийн энэ өөрчлөлт зөвхөн албан ёсны такси үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжийн таксинд хамаарна. Такси үйлчилгээний компаниудын гаргасан хүсэлтийн дагуу Нийслэлийн Тээврийн газрын нэгдүгээр сарын 15-ны өдрийн Захиргааны зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн” гэв.
Тус шийдвэрийг иргэд эсэргүүцэж буйгаа нүүр номондоо илэрхийлсээр байгаа юм.
Арга ч үгүй биз. Таксинд явдаг автомашинуудыг текник үзүүлэлтээр нь бодоод үзэхэд нэг машин 100 км тутамд дунджаар 11.8 литр бензин зарцуулж байгаа бол нэг км-т 180 орчим төгрөгийн үнэ бүхий бензин зарцуулж байгаа. Үүн дээр автомашины элэгдэл хорогдол болон жолоочийн цалин хөлс, бусад засвар үйлчилгээний өртгийг нэмэхэд хамгийн дээд тал нь нэг км газар 500-600 төгрөгөөр үйлчлэх бүрэн боломжтой гэж тогтоожээ. Гэтэл манайд таксиний доод үнэ ханш 1000 төгрөг. Одоо бүр 1500 төгрөг гээд тогтоогоод өгчихлөө.
Дээрээс нь автомашины өнгө үзэмж муу, эвгүй үнэртэй байдаг төдийгүй жолооч нар нь харилцааны соёлгүй, мөнгө тааруулж өгөхийг шаарддаг, эсвэл хариулт өгдөггүй, жолоо барьж явахдаа утсаар ярьж, аюулгүй байдал хангадаггүй гэх мэт айдас, тав тухгүй байдлын талаар гомдол, зөрчил цагдаагийн байгууллагад маш ихээр ирдэг юм байна.
Аливаа улс оронд ирсэн хүн юуны өмнө нийтийн тээвэр тэр дундаа таксигаар нь үйлчлүүлдэг болохоор улс орны нүүр царай болдог такси үйлчилгээг төрөөс бодлогын түвшинд шинэчлэн зохион байгуулж, бүр хориглодоггүй юм аа гэхэд чанар болоод өнгө үзэмж, үнэ өртгийн асуудлыг нэг мөр шийдэх шаардлагатай байна.
Бид таксины үнэ нэмэгдсэн асуудлаар залуучуудын байр суурийг сонслоо.
Г.Төгөлдөр: Шатахууны үнэ 200 төгрөгөөр буучихаад байхад буулгахгүй, нэмнэ гэдэг утгагүй асуудал
-Нийтийн тээврийн газар больмоор юм аа. Манайд такси гэж байхгүй шүү дээ. Хэрэг гараад дуудахаар ирдэггүй, явах уу гэхээр толгой сэгсэрдэг ийм үйлчилгээтэй байж ийм шиидвэр гаргаад байх даа яахав дээ. Зөвхөн албан ёсны такси үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжийн таксинууд гэж байгаа ч хувийн таксинууд нь алга аа ташаад үнэ ээ нэмэх нь тодорхой шүү дээ. Тэгээд ч шатахууны үнэ 200 төгрөгөөр буучихаад байхад буулгахгүй, бүр нэмнэ гэдэг бол утгагүй асуудал. Нэмж танахаа л мэддэг хүмүүс дээр байдаг юм шиг байгаа юм.
Б.Пүрэвдорж: Нэг км-т 800 төгрөг аваад 4-5 нугалдаг байсныг одоо 7-10 нугалдаг болгож байгаа юм байна
-Өнөөгийн бензины үнээр бодоход хот дотор 1 км-т Prius маркын машин 120 төгрөг, бусад жижиг тэрэг 200 төгрөг зарцуулж байгаа. Нэг км-т 800 төгрөг аваад 4-5 нугалдаг байсныг одоо 7-10 нугалдаг болгож байгаа юм байна. Шатахууны үнэ буучихаад байхад арай л хэтэрхий юм аа. Үнэ ээ нэмээд үйлчилгээ соёлтой болж байгаа бол ч яахав. Таксины зэрлэг жолооч нарыг цэгцлэх хэрэгтэй. Хувийн тэрэг явж болно. Машин тэргээ шалгуулаад, тохижуулаад, зөвшөөрөл аваад тусгай наалт наалгаж байж л үйлчлэх хэрэгтэй ш дээ. Тэгээд татвар төлдөг болох хэрэгтэй.
Т.Гэрэл
Zaluu.com
URL: