Ц.Элбэгдоржийн найз Д.Чадраабал төрийн цол, одон медаль зарж борлуулан цулайтлаа баяжаад Улаан-Үдийн консул болжээ

55

Сүүлийн гучаад жилд төрийн дээд цол, одон, медаль, шагнал урамшуулал хэтэрхий хавтгайрч хэн дуртай нь энгэртээ иймэрхүү ямар нэгэн юм олж зүүх гээд алалцах нь холгүй болоод байгаа юм. Төр засгийн шагналуудтай зэрэгцээд улс төрийн нам, төрийн бус байгууллагууд нь хүртэл медаль нэртэй төмөр бэлдэцүүдийг урд хөршдөө захиалж хийлгээд тарааж байна. Чингис хааны одонтой эн зэрэгцсэн хоёр гурван одон гарсан айх жишээтэй. АН-аас олгодог Чингисийн одон болон өөрийгөө Чингис хааны алтан ургийн “хун тайж” хэмээн байн байн зарлаад байдаг нөгөө П.Даваанямын байгуулсан Чингис хааны Дэлхийн академийн одон гэх мэт нэр нь давхацсан одонгуудын учрыг сайн ололгүй төөрөлдөн нүдээ аниад дайрцгаахыг яана. Энгэртээ ямарч үнээр хамаагүй тиймэрхүү нэг төмөр зүүж байвал болоо гэсэн ухвар мөчид  ойлголтоор хийрхэж, дэндүү задгайрч байна.

Төрийн цол, одон медаль олгох шалгуур малгуур гэдэг юм ч бүр байхгүй болж замбараагаа алдаад байгаа аж. Социализмын үеэс “Ардын” гэсэн цолыг таван төрөл мэргэжлээр, харин гавъяат цолыг 30 төрлөөр олгож иржээ.  Гэтэл өнөөдөр долоон мянга гаруй төрлийн ажил мэргэжилтэй болсон тул нийгмийнхээ бүх салбарыг хамруулан алдар цол олгох гэхээр хаанаа ч хүрэхээ болиод байна. Манай улсад ийнхүү учир тоймоо алдсан одон, медаль, цол хэргэмийг  гадаадын нэгэн шооч эр олж хармагцаа “Танай улсын иргэдийн энгэртээ зүүдэг энэ олон төмөр чинь Хойд Солонгосынхтой их ойролцоо юм байна” хэмээн ёгтолж байлаа. Үнэндээ ийм их одон, медалиараа аягүй бол мөдхөн Хойд Солонгосоос давах байх.

Манай өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрийн одон медаль олгодог хууль, журмыг цэгцэлнэ гэж удаа дараа ярьсан хэрнээ даанч  олигтой юм хийсэнгүй. Тэр бүү хэл, хоёр удаа Ерөнхийлөгчөөр сонгогдож ажилласан найман жилийнхээ хугацаанд төрийн цол, одон, медаль олголтыг улам замбараагүйлж орхисон байлаа. Хамгийн хачирхалтай нь тэр аймаг орон нутаг, албан байгууллагаас хүмүүсээ одон медальд торхойлсон бичиг илгээхэд  тэдгээрт нь ялгаравтай хандаад, зөвхөн өөрийн ойр тойрныхондоо дааж давшгүй олон одон медаль өгч байсан бөгөөд үүнийх нь балагаар Х.Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдоод  ажлаа хүлээж авахад гуч гаруй мянган одон медаль очвол зохих эзэддээ очилгүй дарагдаж үлдсэн байжээ. Ингэж хүмүүсийг алагчилж, одон медалиа үнэ хүргэн хувийн бизнес болгож хувиргаад дундаас нь ашиг хүртэхийн тулд Ц.Элбэгдорж тухайн үед  төрийн шагнал урамшууллынхаа ажлыг өөрийн төрж өссөн Ховд аймгийнхаа уугуул, дотнын анд найз Д.Чадраабал гэгчдээ хариуцуулж байв. Д.Чадраабал нь ч ёстой жинхэнэ туйлж өгчээ.  Тэрбээр Ц.Элбэгдоржийнхоо дэргэд очихоосоо өмнө хотод айлын хажуугийн өрөөнд ядруухан амьдарч байсан бол хэдэн жилийн дараа төрийн одон медаль, алдар цолыг үнэ хүргэж арилжин цулайтлаа баяжсан гэдэг. Нэг удаа Ховд аймаг руу амралтаараа таван жип машин хөлөглөн явахдаа хоёрт нь ар гэрийнхээ суулгаад нөгөө гуравт нь дүүрэн одон, медаль, бэлэг сэлт ачиж очсон гээд бодоход тун сүүхийтэй ажилласан байгаа биз. Мөн энд ганцхан баримт дурьдахад, дуучин Алтанцэцэгт гавъяат цол олгохдоо түүнээс 60 сая төгрөг нэхэж авсан байлаа. Энэ мэтээр Д.Чадраабал нь төрийн цол, одон медалийг дураараа үнэлэн зарж борлуулж байжээ. Тэгээд дараа нь Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчийн сэнтийгээс буухад түүний дэмжлэгээр ОХУ-ын Улаан-Үд хотод суух консулоор томилогдсон байв. Ц.Элбэгдоржийн үед ийнхүү төрийн цол, одон маделийн нэр хүнд улам унажээ.

Захын нэг төрийн албан хаагч юм уу, намын сонгуультан, УИХ-ын гишүүд  “Алтан гадас” одонг хэдэн арваар нь цүнхэндээ хийгээд янз бүрийн уулзалт, арга хэмжээнийхээ үеэр тарааж байсан байна. Тухайлбал, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараагаар “Алтан гадас” одонгоос болоод Дархан-Уул аймгийн АН-ын хурган дарга нарын дунд томоохон зодоон цохион болох шахаж байв. Яасан гэхээр сонгуулийн сурталчилгаанд сайн ажилласан хүмүүсийг “Алтан гадас” одонгоор шагнах ухааны зар тараасан байлаа. Тэгтэл сонгуулийн дараагаар хамгийн идэвхтэй ажилласан хүмүүс нь өнөөх одонгоо нэхэж шаардан Ардчилсан намынхаа удирдлагад хүртэл гомдол тавьцгаасан байна. Ингээд арга буюу намынх нь удирдлагууд сүүлдээ баахан “Алтан гадас” одон аваачиж тараахаас өөр замгүй болсон гэнэ. Алдарт эхийн одон ч бас ялгаагүй ихээхэн журам муутай, эмх замбараагүй болоод байсныг Х.Баттулгын өнгөн дээр харин овоо цэгцлэх гэж оролдож байх шиг байна.

О.Баяр

Шуурхай.мн


URL:

Сэтгэгдэл бичих