Г.Солтан, Л.Энхболд, Д.Дамба-Очир нар яллагдагчаар татах прокурорын тогтоолтой танилцахгүй, мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд саад учруулжээ
УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Л.Энхболд, Г.Солтан, Д.Дамба-Очир нарыг ЖДҮХС-гаас өөрсдийн хамаарал бүхий этгээдүүдийнхээ нэрээр зээл авсан. Ингэхдээ эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллагдагчаар татан шалгаж байгаа. Улмаар Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан тус гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах хүсэлтээ УИХ-д хүргүүлсэн ч УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж хэмээн хаацайлж үлдсэн юм.
Тодруулбал, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ө.Энхтүвшин, Ч.Улаан, Д.Лүндээжанцан нарын харъяалагддаг Халдашгүй байдлын дэд хорооноос “Мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй тул мөрдөн байцаах байгууллага шалгалтаа дуусгатал түдгэлзүүлэх асуудлыг шийдвэрлэх боломжгүй. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал тавьсан гишүүд дуудсан цагт нь тус бүртээ нэг удаа АТГ-т мэдүүлэг өгсөн, мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулсан зүйлгүй” хэмээн хаацайлж, УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Л.Энхболд, Г.Солтан нар өөрсдөө ч АТГ-ын дуудсан цагт очиж мэдүүлэг байцаалтаа өгнө хэмээн чуулганы танхимд хэлж байв.
Гэвч хачир дээрээ уг гишүүд хуулийн байгууллагын үйл ажиллагаанд ихэд саад учруулж байгаа гэнэ. АТГ-аас яллагдагчаар татах прокурорын тогтоолыг гишүүдэд танилцуулах гэсэн боловч УИХ-ын гишүүн Б.Ундармаагаас бусад нь тогтоолтойгоо танилцахгүй зугтаж, АТГ-ын дуудсан цагт ирэхгүй байгаа аж.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Г.Солтан, Л.Энхболд, Д.Дамба-Очир нар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолтой танилцахгүй, мөрдөгчийн мэдэгдэх хуудас болон прокурорын дуудах хуудсыг мэдэгдсэн боловч хүлээн авахгүй, хүрэлцэн ирэхгүй, хууль хяналтын байгууллагын үйл ажиллагааг үл хүндэтгэж, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж байгаа гэнэ.
Эх сурвалжийн мэдээлсэнээр УИХ-ын гишүүн Г.Солтан нь ОХУ-д томилолтоор яваа. Харин УИХ-ын гишүүн Л.Энхболд, Д.Дамба-Очир нар нь Монгол Улсад байгаа боловч албан ёсны хаяг дээрээ байхгүй, хуулийн байгууллагын үйл ажиллагаанаас зайлсхийж байгаа юм байна.
Тиймээс АТГ-аас нэр бүхий гишүүдэд болон тэдний өмгөөлөгч нар, гэр бүлийн гишүүд, УИХ-ын Тамгын газар, гишүүний ажлын албанд хандаж, Прокурорын тогтоолыг танилцуулах шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байгаа хэмээн эх сурвалж мэдээллээ.
Б.Анир
URL: