Хөлбөмбөгчний үнэ анх Англид 100 паунд, Орост гурван комбайн…2017 онд 222 сая евро
Хөлбөмбөгийн хамгийн том зах зээлийг эзэмшигч Европын лигийнхний 2019 оны өвлийн солилцоо наймааны сарын “цонх”-ыг нээгээд /энэ сарын 31-нд хаана/ хугацааныхаа талд орлоо. Том наймаа төгсгөлийн шатанд болдог уламжлалтай. Тиймээс одоогоор даруухан наймаа үргэлжилж байна. Үүнд:
-Кристиан ПУЛИШИЧ-64 сая евро. 20 настай америк тоглогч. Английн Челсид Германы Борусси Д багаас, дараа улирлаас ирж тоглох нөхцөлөөр
-Доминик СОЛАНКЕ-21.2 сая евро. 21 настай англи тоглогч. Английн Борнмутад Ливерпүүл багаас
Лукас ПАКЕТА-21 сая евро. 21 настай бразил тоглогч. Италийн Миланд Бразилын Фламено багаас
Браим ДИАС-17.3 сая евро. 20 настай испани тоглогч. Испанийн Реал М-ад Английн Манчестэр Сити багаас
-Маноло ГАББЬЯДИНИ-12 сая евро. 28 настай итали тоглогч. Италийн Сампдорид Английн Саутгемптон багаас.
СОЛИЛЦОО НАЙМААНЫ АЛТАН ДҮРЭМ
Клубтэйгээ хөдөлмөрийн гэрээ байгуулсан тоглогчийг гэрээ дуусахаас нь өмнө өөр баг урвуулах бол тухайн багт заавал мөнгө төлдөг солилцоо наймааны алтан дүрэм хөлбөмбөгийн эх орон Англид “мэндэлсэн” билээ. 1893 онд Английн хөлбөмбөгийн лигийн Вест-Бромвич багийн довтлогч В.Гроуез нь хөдөлмөрийн гэрээ дуусаагүй атлаа Астон Вилла багт очиж тогложээ. Вест-Бромвичийнхан үйл явдлын буруутанд хариуцлага тооцож, мөнгөн төлбөр гаргуулах талаар Английн хөлбөмбөгийн холбоонд зарга мэдүүлсэн. Холбооны шийдвэрээр Астон-Вилла баг 100 паунд төлж байж В.Гроуезыг багтаа тоглуулах эрхтэй болсон байна. Үүнээс хойш клубт нь мөнгө төлөөд хөдөлмөрийн гэрээ нь дуусаагүй хөлбөмбөгчнийг багтаа тоглуулах хууль ёсны дүрэмтэй болжээ.
XX зууны эхээр солилцоо наймааны энэ хэлбэр ихэд газар авснаар үүнийг дагаад хөлбөмбөгчний үнэ ч тэнгэрт хадаж эхпэв. Анхны 100 паунд олныг “арай ч дээ” хэмээн дуу алдуулж, Англи төдийгүй Европ даяар шуугиулж байсан бол клубээс клубт төлөх үнэ 1000 паунд хүрэв. 1905 онд Английн дээд лигээс унахын ирмэгт байсан Мидлсборо баг Сандерлэндийн шилдэг довтлогч А.Коммоныг үнэ цохиж, 1000 паундаар худалдаж авлаа. Сайхь довтлогч шинэ багийн эхний тоглолтдоо гоол хийж, ялалт авчирснаар Мидлсборог доод лигт унахаас аварч байсан түүхтэй.
ХӨЛБӨМБӨГЧНИЙ ҮНИЙН ХӨӨРӨГДӨЛТ ИТАЛИД ҮРГЭЛЖЛЭВ
Дэлхийн II дайны дараа хөлбөмбөгийн зах зээл Италид цэцэглэлээ. 1950-иад оны дунд үеэс 1990-ээд оны хооронд хөлбөмбөгийн солилцоо наймааны зах зээлд дараалан 17 удаа дээд амжилт бүртгэгдлээ. Италийн Наполи баг Аталанта багаас швед тоглогч Х.Йеппсоныг 105 сая лирээр (60 мянган ам.доллар) худалдаж авсан нь 17 үзүүлэлтийн эхнийх байв. Хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчид Х.Йеппсоныг шинэ багт ирснээс хойш түүнийг “Неаполийн банк” гэж нэрлэх болжээ.
1958 онд Италийн Ювентус хөлбөмбөгчний төлөө 100 мянган ам.доллар хаяснаар зуун мянгын босгыг алхсан анхдагчийг тодруулсан. Тус баг Аргентина улсын хөлбөмбөгийн Ривер-Плейт клубээс довтлогч О.Сивориг 100 мянгаар авсан. Аргентин тоглогч 1960-аад онд од болсон бөгөөд тэр ч бүү хэл Италийн иргэн болж, шигшээд нь есөн удаа тоглон найман гоолоор өрсөлдөгч багийн хаалгыг мялаасан.
1970-аад онд хөлбөмбөгийн солилцоо наймаанд мөнгө хайрладаггүй Италийн клубүүдтэй Испанийн Барселона баг ганцаараа өрсөлдөхөөр зориглосон юм. Барсалена клуб 1973 онд Голландын Аякс багаас түлхүүр тоглогч Й.Кройфыг нэг сая ам.доллараар худалдаж авлаа. “Нисдэг голланд” гэж нэршсэн Й.Кройф ирснээр тухайн үед лигтээ хамгийн сүүлчийн байрт хомоол хамж явсан Барселона хөлбөмбөгийн улирал дуусахад түрүүлсэн. Барселона багийн дараагийн шуугиант наймаа бол Д.Марадонаг 1982 онд Аргентины Бока-Хуниорс багаас таван сая ам.доллараар авсан явдал байв. Д.Марадона уран гоё тоглолт үзүүлж, хамгийн гол нь маш олон гоол оруулж, Барселона багийн төдийгүй хотынхны шүтээн болон гялалзаж эхлэв. Гэсэн ч тус клубийн ерөнхийлөгч Х.Нуньесомтой таарамж муутай байсан нь 1984 онд багаа орхиход хүргэв. Хөлбөмбөгийн солилцоо наймаанд мөнгө хайрладаггүй италиудын нэгэн төлөөлөл болох “мафийн” Наполи клуб түүнийг шинэ рекорд үнэ 7.6 сая ам.доллараар худалдан авсан.
Италиудын шинэ рекорд 1990 онтой зэрэгцэн цааш үргэлжиллээ. Ювентус клуб өөрийн улсын хөлбөмбөгийн лигийн дундаж баг Фиоронтинагаас Р.Бажог 13.6 саяар худалдаж авлаа. 1992 онд үнийн рекорд амжилтыг дараалан гурав тогтоов. Үүнд, Милан баг Францын Марсель багаас франц довтлогч Ж.Папенийг 16.5 сая ам.доллараар, Ювентус баг өөрийн улсын лигийн итали тоглогч Ж.Виаллиг 19 сая ам.доллараар, Милан клуб бас Ж.Лентиниг 20 сая ам.доллараар өөрийн багтаа авч тоглууллаа. 1996-2000 оны хооронд жил бүр хөлбөмбөгийн солилцоо наймааны дээд амжилтыг эвдэж байв. Хамгийнаас хамгийнд тооцогдох нь, Италийн Интер клуб нэгдор Роналдо (Бразил, дэлхийн аварга), К.Вьери (Итали, дэлхийн аварга) нарыг 25+40 буюу нийт 65 сая ам.доллараар худалдан авсан наймаа байв.
ОРОСТ ХАГАС ХАМГААЛАГЧИЙГ ГУРВАН КОМБАЙНААР ҮНЭЛЖЭЭ
Манай хойд хөрш Орост хөлбөмбөгийн солилцоо наймаа бодитой, олон улсын жишиг дүрмээр болсны эхлэл нь 1989 он юм. Тухайн онд Укрианы Киев хотын баг Динамо Киев довтлолн О.Саленког одоогийн Санкт-Петербург хотын Зенит клубээс 36 мянган рублиэр худалдан авсан билээ. 1990 оноос хойш ОХУ болон хуучин ЗХУ-д багтаж байсан холбооны улсын хөлбөмбөгийн багуудын хооронд солилцоо наймаа жишиг алтан дүрмээр болж, ямар ч болов клубт нь төлбөр хийж байгаа. Гагцхүү төлбөрийг мөнгөн дэвсгэртээр үү, бараа материалаар уу гэдэг нь өөр асуудал. Одоогоор нийтэд ил болсон нэг сонирхолтой тохиолдол нь, Оросын хөлбөмбөгийн Ростсельмаш баг нь хагас хамгаалагч Михаил Осиноваг Ротор клубээс худалдаж аваад тус багт төлбөр болгон гурван комбайн өгсөн байна.
ТӨЛБӨР ТООЦООГ АМ.ДОЛЛАРААР БУС ЕВРОГООР ХИЙДЭГ “МОДА”ДЭЛГЭРЭВ
XXI зуун эхлээд хөлбөмбөгийн солилцоо наймааны төлбөр тооцооноос ам.доллар шахагдаж еврогоор хийх болов. Солилцоо наймааны дээд амжилт тогтоолтын талбарт ноёлж байсан италиуд Испанийн эзэн хааны баг Реал Мадрид клубт зайгаа тавьж өглөө. Реал М багийн ерөнхийлөгч Ф.Перес 62 сая еврогоор Португалийн Л.Фигу-г авав. Жилийн дараа З.Зиданыг (Франц, дэлхийн аварга) 75 сая еврогоор багтаа элсүүллээ. Шилдэг тоглогчдын цуглуулга болсон Реал Мадрид клуб 2002 онд Аваргуудын лигт түрүүлсэн юм. Харин дараа нь тус багийн амжилтгүй он жилүүд үргэлжилснээр ноён Ф.Перес 2006 онд ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцорсон билээ. Тэрбээр огцорсноосоо хойш гурван жилийн дараа 2009 оны зургаадугаар сард Реал Мадрид клубийн ерөнхийлөгчөөр дахин сонгогдов. Ф.Перес буцаж ирснээ “зарлаж” шинэ дээд амжилт тогтоосон солилцоо наймаа хийсэн юм. Энэ нь Английн Манчестэр Юнайтед багаас 94 сая еврогоор К.Роналдугбагтаа авсан явдал байв. Уэльс тоглогч Г.Бэйлийг Английн Тоттенхэмээс Реал Мадрид багт очно гэж хоёр он дамнан шуугисан. Эцэст нь 2013 онд 100 сая еврогоор үнэлсэн.
ФРАНЦЫН ПСЖ БАГ ХӨЛБӨМБӨГЧДИЙГ ҮНЭ ЦОХИЖ АВДАГ “ЗАГАЛМАЙЛСАН ХУДАЛДАН АВАГЧ” БОЛЛОО
Английн Манчестэр Юнайтед баг Италийн Ювентусээс 2016 онд Поль Погбаг (Франц, 2018 оны дэлхийн аварга) үнэ цохиж 105 сая еврогоор худалдан авсан нь шуугиан тарьсан. Гэвч энэ нь ердөө ганцхан жилийн настай дээд амжилт, ганцхан он дамжин ярих сэдэв байж. Францын ПСЖ клуб Испанийн Барселона багаас 2017 оны зуны солилцоо наймааны цонхрор довтлогч Неймарыг (Бразил/222 сая еврогоор авсан нь Погбагийн наймааны талаарх яриаг “усанд хаясан чулуу” шиг чимээгүй болгосон.
ПСЖ бас улсынхаа аваргын төлөөх өөрийн гол өрсөлдөгч баг Монакогаас шилдэг залуу тоглогч Мбаппег (Франц, 2018 оны дэлхийн аварга) 180 сая еврогоор худалдан авсан. Эцэст нь Европ болон Өмнөд Америкийн шилдэг багуудын шинэ, хуучин од хөлбөмбөгчдийн худалдан авах үнийг Францын ПСЖ тогтооно гэсэн албан бус эрхийг хөлбөмбөгийн ертөнц хүлээн зөвшөөрөхөд хүрээд байна.
Дашрамд дурдахад, Неймарын 222 саяд дарагдаад олны анхаарал татахгүй байгаа болохоос хуучнаар бол дуу алдам үнэ хүрсэн хөлбөмбөгчид байгаа. Энд 120 сая евро -Коутиньо /Английн Ливерпүүлээс Испанийн Барселона багт/, 105 сая евро -Дембеле /Германы Борусси Дортмундаас мөн Барселонад/ нарыг нэрлэж болно.
Б.Ерэнтэй
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
URL: