Х.Нямбаатар гишүүн ээ, энэ таны гарын үсэг мөн үү?
-УИХ-ын гишүүд ээ, ЖДҮ бол гэмт хэрэг-
Албан тушаалтнууд жирийн иргэдийнхээ боломжийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн тухайг хуулийнхан парламентын танхимд мянгантаа учирласан ч УИХ-ын гишүүдийн өмнө хүчин мөхөстнийг бид харсан. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан УИХ-ын гишүүдийг бүрэн эрх нэрийн доор маш их хулгай луйвар хийж байна хэмээн тодотгосон.
Яг үнэндээ ямар ч бизнесгүй, насаараа төрд ажилласан эрхмүүд өнөөдөр Монголын толгой баячууд болчихсон яваа. Тэд төрийн өндөр албан тушаал хашсаныхаа хүчинд татвар төлөгчдийн мөнгийг баруун солгойгүй хулгайлсны хамгийн том жишээ нь ЖДҮ. Ингэж хэлэхийн учир нь энэ сангаас эрх мэдлээ ашиглан хөнгөлөлттэй зээл авсан УИХ-ын гишүүд, сайд дарга нарын баримт олноороо ил болсоор байна. Угтаа бол албан тушаалтнууд ЖДҮ-ийг дэмжих нэрийдлээр улсын төсвөөс мөнгө завших хэн нэгнийг дэмжих, мөнгө хүүлэх сүлжээгээ болгон ашигласан нь хөдөлшгүй баримт. Тиймээс л ЖДҮ жижиг биш маш том баримттай гэмт хэрэг гэж байн байн онцлоод буй нь энэ.
Тухайлбал, “ЖДҮ гэмт хэрэг” гэж хэлснийхээ төлөө Хууль зүйн дэд сайд асан Б.Энхбаяр албан тушаалаа өгсөн удаатай. Тэрбээр өнгөрсөн оны сүүлчээр болсон МАН-ын бага хурлын үеэр “ЖДҮХС-гаас зээл авсан асуудал нь гэмт хэрэг” хэмээн байр сууриа илэрхийлснээс болж дэд сайдын ажлаа өгсөн. Түүний энэхүү” ЖДҮ бол гэмт хэрэг мөн” гэсэн үгийг нь Ерөнхий прокурор М.Энх-Амгалан чуулганы танхимд батлан хэлсэн. Хуулийнхан гишүүдийн энэ үйлдлийг гэмт хэрэг мөн гээд байхад яагаад тангараг өргөсөн УИХ-ын гишүүд гэмт хэрэг биш ээ хэмээн тэднийг хаацайлж ард түмэн рүүгээ нулмиж байна вэ.
Ямартай ч чуулганы танхимаас шившигтэйгээр гарсан Ерөнхий прокурор дараагийн удаа орж ирэх 10-аад гишүүний асуудлыг жинтэйхэн оруулж ирнэ хэмээн анхаарал татах дараах үгийг хэлсэн юм. Тэрбээр “Гишүүдийг аваад үлдэж байгаа нь өөрөө хууль хяналтын байгууллага үнэнийг тогтооход саад учруулж байгаа үйл явдал болж байна. Жирийн иргэн, УИХ-ын гишүүн хоёрыг шалгах, яллагдагчаар татах асуудал нь тэс өөр, тусдаа шийдэгддэг учраас яалт ч үгүй саад учирна. Гэхдээ гишүүдийг түдгэлзүүлээгүй ч цаашдаа шалгах ажлыг үргэлжлүүлж, яллагдагчаар татаж, эрүүгийн хэрэг үүсгэнэ. Хуулийн боломжтой хүрээнд шалгаад шүүхэд шилжүүлэх шаардлагатай, боломжтой бол шүүхэд шилжүүлнэ. Удахгүй дахин нэлээд хэдэн гишүүдийн асуудлыг оруулж хэлэлцүүлнэ” хэмээсэн юм.
Тэгвэл дараагийн удаа хуулийнхаас орж ирэх нэг хүн нь УИХ-ын гишүүн Х.Нямбаатар мөн үү. Тэрбээр өөрийн мэдлийн “Өгөөдэй-Ази” ХХК-иараа дамжуулан ЖДҮХС-гаас зээл авсан тухай баримт өмнө нь ил болсон ч тэрбээр үгүйсгэж байсан удаатай. Баримтаас харахад тэрбээр 2018 оны зургаадугаар сарын 07-ны өдөр тус компанийг зээл авахад итгэмжлэл үзүүлэх бичигт гарын үсэг зурж улмаар 950 сая төгрөгийн зээл авсаныг дараах баримт нотолж буй юм. Хамгийн гол нь гарын үсгээ баримт болгон үлдээсэн УИХ-ын гишүүн Х.Нямбаатар үүн дээр ямар тайлбар хийх бол гэдэг нь анхаарал татаж байна.
Х.Маргад
Эх сурвалж: erennews.mn
URL: