Финландын Ерөнхийлөгч Хятад улсад төрийн айлчлал хийж байна
Финландын Ерөнхийлөгч Саули Ниинистё Хятад улсад төрийн айлчлал хийж байна. Энэ сарын 14-15-нд үргэлжлэх айчлалын үеэр талууд хоёр улсын харилцаа, олон улсад тулгамдсан асуудлууд болон уур амьсгалын өөрчлөлтийн талаар хэлэлцэх аж. Энэ тухай Финландын Ерөнхийлөгчийн Тамгын газар мэдэгджээ.
“Финландын Ерөнхийлөгч Саули Ниинистё болон түүний гэргий Йенни Хаукио нар энэ сарын 14-15-нд Хятад улсад төрийн айлчлал хийж байна. Ерөнхийлөгч Ниинистё энэ сарын 14-нд Бээжин хотод БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй уулзана. Түүнчлэн БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян, Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны төлөөлөгч Ли Жаньшу нартай уулзана” хэмээн тус мэдэгдэлд дурдсан байна.
Хятад улсад айлчилж буй Финландын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд тус улсын Гадаад худалдаа, хөгжлийн сайд Анн-Мари Виролайнен, Соёл, спорт, Европын асуудал эрхэлсэн сайд Сампо Терхо нар багтаж байгаа аж.
URL: