Иран цөмийн түлш гаргаж авчээ

Франс пресс агентлагийн мэдээлж байгаагаар бол Иран улс өөрийн атомын реакторуудад шаардлагатай цөмийн түлшний гинжэн урвалыг анх удаагаа гаргаж авчээ. Энэ тухай Ираны засаг захиргаа өнөөдөр албан ёсоор мэдэгдсэн байна. Одоо Ираны эрдэмтэн мэргэжилтнүүд энэхүү гаргаж авсан цөмийн түлш тэдний хүсэн хүлээж байгаа үйлдвэрлэлийн ашиглалтад хэр нийцэх нь вэ гэдгийг шалгах бүхий л туршилт сорилтуудыг хийсээр байгаа юм байна.

Ираны энэхүү цөмийн салбар дахь амжилт нь атомын эрчим хүчийг ашиглах нэрийн доор цөмийн зэвсэгтэй болох гэсэн оролдлого хэмээн АНУ тэргүүтэй өрнөдийн орнууд хардан буруутгаж байгаа билээ. Түүний дээр Олон улсын атомын эрчим хүчний агентлаг (IAEA) энэ асуудлаар хамгийн сүүлд гаргасан илтгэлдээ Иран улсыг атомын зэвсэг бүтээхээр хичээж байна гэж дүгнэсэн нь дээрхи хардлагыг удам ч дэвэргэжээ.

Өрнөдийн улсууд болон исламын томоохон улс болох Ираны хооронд энэ асуудал ширүүн тэмцлийг өрнүүлээд байгаа юм. Олон улсын атомын эрчим хүчний агентлаг (IAEA)-ийн мэдээлснээр бол Иран улс нь цөмийн зэвсгийн хөтөлбөрөө аль 2003 оноос эхэлсэн гэж байгаа бөгөөд энэ салбарт улам бүр амжилт олж байгааг түгшүүртэй зүйл хэмээн онцолж байжээ. Харин Ираны хувьд цөмийн хөтөлбөр нь цэвэр эрчим хүчний зориулалттай зүйл бөгөөд ямар нэг зэвсэглэлийн асуудал байхгүй гэж мэтгэсээр байгаа аж.Ираны анхны атомын цахилгаан станцыг өнгөрсөн оны 9-р сард ашиглалтад оруулсан бөгөөд ОХУ-аас авсан түлшээр одоо ч ажиллуулсаар байна. Мөн өнгөрөгч 12-р сард Иран нь дахин нэг шинэ атомын станц барьж эхэлсэн гэдгээ мэдэгджээ. Үүний зэрэгцээ Иран улс нь сүүлийн өдрүүдэд олон улсын ачаа тээврийн усан замыг хаана хэмээн мэдэгдэж,тэнгисийн цэргийн сургуулийг эрчимтэй хийх зэргээр хүчээр далайлгасан үйлдлүүдийг удаа дараа хийж байгаа нь тус улс цөмийн эрчим хүчний салбарт амжилт олж байгаагаас улбаатай гэж үзэх эх сурвалжууд цөөнгүй байгаа юм.

М.Наст


URL:

Сэтгэгдэл бичих