Г.Мандахнаран тэргүүтэй бөхчүүд Миндиашвилигийн нэрэмжит тэмцээнд зодоглоно
Олимп, дэлхийн аварга нэрт бөх Иван Ярыгин, Бувайсар Сайтиев, Адам Сайтиев, Виктор Алексеев, Ахмед Атавов тэргүүтэй олон шилдэг хүчтэнүүдийн анхны багш, ОХУ-ын нэрт дасгалжуулагч Дмитрий Миндиашвилигийн нэрэмжит тэмцээн энэ сарын 18-20-нд Красноярск хотод болно. ОХУ-ын чөлөөт бөхийн холбоо үнээс долоо хоногийн дараа болох Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-д тус тэмцээнд түрүүлсэн бөхчүүдийг оролцуулахаар шийдвэрлээд байгаа юм. Тиймээс түүний нэрэмжит тэмцээн гал гарсан барилдаанаар дүүрэн болох нь.
Манай улсаас гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан удирдлага дор гавьяат тамирчин Г.Мандахнаран, ОУХМ Т.Түвшинтулга, Д.Хүдэрбулга, О.Үйтүмэн, Ө.Батзул, Б.Нэмэхбаяр, Б.Батмагнай, Н.Лхамгармаа, Г.Шижир (Идэрхүү), Г.Отгонбаатар, Б.Хаш-Эрдэнэ, Н.Насанбуян, Э.Тэмүүлэн, Б.Бямбадорж, Г.Ганхуяг тэргүүтэй 70 гаруй бөхчүүд зодоглох юм. ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Мандахнаран энэ жилээс 70 кг-д, “Будапешт-2018” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Т.Түвшинтулга 57 кг-ын жинд барилдахаар болоод байна.
Б.ОД
URL: