“Моннис групп”-ийнхэн олон олон айлыг молигодсоор шинэ онтой золгов
Хэл ам хийсэн хүмүүсийг элдвээр загнаж харааж, бараг байранд чинь оруулахгүй шүү загнаж дарамталсан хэвээр.
Зарим иргэдийн ярьж буйгаар газраа чөлөөлсөн айлуудыг оруулахгүй, компанийнхаа ажилчдад зарна гээд урьдчилгаа мөнгийг нь авсан сурагтай байна гэв.
150 айлын төлөөллөөс “Хэл ам хийхгүй ээ, байрны дотор засал бараг хийгдээд дуусчихсан гэсэн. Одоо чимээгүй байж байгаад байрандаа орох нь чухал байна. Тэгэхгүй бол хэвлэлээр компанийн нэр хүндэнд халдаж элдвээр бичүүллээ гээд шүүмжлээд байна. Ямартаа ч энэ арваннэгдүгээр сардаа багтааж ашиглалтад оруулчихна. Айлуудаа нүүлгээд оруулна гэсэн. Олон сар худлаа хэллээ, одоо арай ч үгүй байлгүй дээ гэж бодож байна. Тиймээс хүлээцтэй, чимээгүй байя” гэж байв.
Гэхдээ хоёрхон блок барилга ашиглалтад оруулж чадахгүй, эдийн засгийн чадамж тааруу байна гэх элдэв шалтаг тоочиж, олон жил болж байгаа энэ группийнхэнд ичих нүүр, эмзэглэх сэтгэл байхгүй. Олон айлыг орох оронгүй болгож гудамжинд гаргасан байдаг.
Хугацааг нь сар сараар хойшлуулдаг “Моннис” группийнхэн 20 жилийн ойгоо сүр дуулиантай нүсэр тэмдэглэдэг хэрнээ яагаад ганц байрны засал чимэглэлийг дуусгаад, дулааныг нь шийдчих санхүүгийн чадамж байдаггүй юм бэ.
Яагаад ядарсан ард иргэдийг элэг барьж, молигодож, хуурч байгаа юм бэ. Аргаа барсан иргэд жагсч тэмцээд ч амжилт олохгүй юм байна. Ингэж доромжилж, элэг барьж болдог юмуу. Дахин төлөвлөлт нэрийдлээр 150 гаруй айлын газрыг нь дээрэмдэж, хашааг нь нурааж авсан “Моннис” группийн “Моннис Урбан Девелопмент” ХХК-нд хэн, хаанаас, ямар хариуцлага тооцох ёстой юм бол доо.
О.Гэрэл
Оллоо.mn
URL: