Д.Банзрагч: Парламентаасаа Ерөнхийлөгчийг сонгодоггүй байдал өнөөгийн гажуудлын эхэнд эрэмбэлэгдэнэ
“Өнөөдөр монголчууд бид эрх чөлөө, эдэлж хэрэглэж байгаа зүйл, бусад улс оронтой харилцаж байгаагаа харах хэрэгтэй. Энэ бол Үндсэн хуулийн гавьяа” гэж тэр онцолж байна. Ардын Их Хуралд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 222 дугаар тойргоос депутатаар сонгогдож ажилласан Долгорын БАНЗРАГЧТАЙ ярилцлаа.
-АИХ-ын депутатуудыг сонгосон 1990 оны анхны ардчилсан сонгууль ихээхэн өрсөлдөөнтэй болж байсан гэж дурсдаг. Сонгуулийн зарим тойрогт 70 гаруй хүн нэр дэвшиж байсан гэх юм билээ. Таны тойрогт өрсөлдөөн хэр байсан бэ?
-Би 222 дугаар тойргийн депутат. АИХ-ын депутатуудын 12 дахь бүрэлдэхүүнийг анх удаа ардчилсан сонгуулиар зохион байгуулсан.Тухайн үед би Тосонцэнгэлийн Мод боловсруулах үйлдвэрийн даргаар ажиллаж байлаа. Нэг өдөр “АИХ-ын депутатын сонгууль болох юм гэнэ” гээд бүгд үйлдвэрийн хашаанд цуглачихсан байсан. Цуглааны дундуур ерөнхий инженер маань миний нэрийг дэвшүүлчихлээ. Сонгууль энэ тэрийн талаар ямар ч ойлголтгүй, нэр дэвших талаар юу ч бодоогүй зогсож байсан шүү, би. Нэрийг минь дэвшүүлэхэд “Нээрээ яагаад болохгүй гэж” гэсэн бодол төрсөн. Тэгтэл нөгөө талаас Хөдөлмөрийн баатар цолтой ажилчны нэрийг дэвшүүлж байна. Дараахан нь манай бас нэг ажилчин ардчилал энэ тэр гэж явж байгаад нэр нь дэвшээд, гурвуулаа боллоо.
Үүнээс хойш сонгууль болтол сар гаруй хугацаа өнгөрсөн байх. Би тухайн үедээ уулзалт энэ тэр ч хийгээгүй, ажлаа хийгээд л явсан. Сүүлд сонсох нь ээ хотынхон бол айл айлаар орж, ухуулга сурталчилгаа явуулсан гэнэ билээ. Манай 222 дугаар тойргийн нөгөө нэр дэвшигч маань намайг бодвол айл хунараар ороод, яриа таниулга хийгээд байгаа сураг дуулдаж л байсан. Сонгууль ч боллоо, би яахав ажлаа тараад ирсэн хүн шөнө дөлөөр унтаж л байна биз дээ. Тэгтэл шөнө дунд 03-04 цагийн орчимд үүд нажигнатал нүдэж байна. Гараад очсон чинь хэдэн нөхөр “Дарга аа, та сонгогдсон шүү” гэчихсэн зогсож байсан юм.
-Та тэгээд энэ мэдээг хэрхэн хүлээж авсан бэ?
-Ардчиллын анхны “амт” мэдрэгдсэн гэх үү дээ. “Дээрээсээ шигшиж шалгаруулахгүйгээр хамт олныхоо итгэл, томилгоогоор сонгогдлоо. Хэрэв дээрээс шалгаруулсан бол би ч мөдгүй байх даа” гэж бодогдож байж билээ. 1990 оны намар АИХ анхны хуралдаанаа хийлээ. Арав хоног хуралдаад Улсын Бага Хурлыг байгуулж, Үндсэн хуулийн төсөл боловсруулах үүрэг өгсөн. Ерөнхий сайд бас Ерөнхий шүүгч, Ерөнхий прокуророо томилсон. Энэ бол томилгооны их зөв хэлбэр байсан юм. Салбар, нийгмийн анги, аймаг, сум бүрийг төлөөлсөн 430 хүн /депутат/-ий санал хураалтаас томилогдон ажил авсан хүн чинь зөвхөн хуулийн дор ажиллана биз дээ. Тэр хүмүүст аль нэг эрх мэдэлтэн, албан тушаалтнаас хамааралгүйгээр ажлаа явуулах эрх, бололцоо бүрэн байсан юм.
-430 депутат 76 хоног хэлэлцсээр Үндсэн хууль баталсны ойн өдөр энэ ням гарагт тохионо. 27 жилийн өмнөх өдрүүдийг өнөөдөр дурсвал…?
-1992 онд Үндсэн хуулийг хэлэлцэн баталсан процесс хамгийн зөв байж. Ганц намаас биш, аймаг, сум, аж ахуйн нэгж, хөдөлмөрийн хамт олноос гээд улсын хэмжээнд бүх л нэгж, олон нийтийн байгууллагаас нэр дэвшсэн сонгуулиас 430 депутат сонгогдсон. Ийм бүрэлдэхүүн Үндсэн хуулийг баталсан. Төслийг бол нийт депутатуудаас сонгогдсон УБХ-ын ажлын хэсэг боловсруулж, нийт ард түмнээр хэлэлцүүлсэн. Нэгэнт процесс зөв байсан болохоор сайн ч хууль болсон гэж үздэг. Тухайн үед бид байгуулах гэж байгаа нийгмийнхээ талаар төсөөлөлгүй шахуу байсан хэр нь их нухацтай хэлэлцэж, баталсан юм шүү. Үүнтэй маргах аргагүй. Гэхдээ би хувь хүнийхээ зүгээс Үндсэн хуулийн Гуравдугаар зүйл буюу төрийн байгууллын талаар оновчгүй шийдпээ гэж тухайн үедээ бодож байсан, одоо ч хэвээр.
-“Монгол Улсын төрийн байгуулал” гэдэг бүлэг шүү дээ. Таны хувьд ямар байр суурьтай байсан гэж?
-1990 онд байгуулсан АИХ, УБХ гэдэг хэлбэр Монгол Улсад яг тохирох байсан гэж боддог. Үндсэн хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр энэ саналыг гаргаж байсан ч санал хурааж өгөөгүй юм. УБХ-аас одоогийн парламент буюу нэг танхимтай байх саналыг дэвшүүлсэн. Тун адармаатай, шууд хэлэхэд ширүүн хэлэлцүүлэг үүн дээр өрнөхөд УБХ-ын гишүүд өөрсдийн саналаа амиа тавих шахан хамгаалсан юм. Харин АИХ-ын депутатууд хэлэлцүүлгийн явцад нэг бол Ерөнхийлөгчийн засаглал, нөгөө бол хоёр танхим бүхий парламентын засаглалтай байх гэдэг дээр санал хуваагдаж, хэлэлцсэн дээ. Нэг хуралдаанаар, нэлээд орой болсон хойно санал хураалт явуулаад Ерөнхийлөгчийн засаглалтай байя гээд санал нэгдэж байсан түүхтэй. Гэхдээ үүнийгээ маргааш нь дахин авч үзээд, болохгүй юм байна аа гээд “унагасан”.
-Энэ тухай хүмүүс тэр бүр мэдэхгүй болохоор та тодорхой ярьж өгөөч?
-АИХ-ын депутатууд маань нам энэ тэр гэхгүйгээр, аймаг аймгаараа бодлого, үзэл баримтлал, зарчмаа ярилцдаг байлаа. Тэр хурлын дараа бөөндөө зочид буудал руугаа унаагаар хүргүүлэхдээ санал хураалтын талаар ярилцаж, дээрх шийдвэрийнхээ талаар нягталж “Ерөөсөө болохгүй зүйл хийчихлээ, өөрчлөхгүй бол болохгүй” гэж санал нэгдсэн. Харин нөгөө талд нийслэлийн депутатуудын дунд ч ийм яриа өрнөсөн талаар 340 дүгээр тойргийн депутат Б.Сумъяа дурсамждаа бичсэн байдаг юм. Олон хоног маргасны эцэст Ерөнхийлөгчийн засаглалтай байна гэсэн санал ялимгүй олонхийн дэмжлэг авч батлагдаад шөнө дөл болсон хойно чуулган завсарласан нь тэр. Нийслэлийн депутатуудыг жижүүрийн машинаар чиглэл чиглэлээр гэрт нь хүргэдэг байж. Чуулган дээрх засаглалын хэлбэрийн талаарх маргаан автобус дотор үргэлжилж байхад ардчиллын талын нэг нь “За ингээд Монголд нэг хүний дарангуйлал тогтдог байжээ” гээд санаа агщсан гэдэг. Гэтэл О.Дашбалбар “Дарангуйлал гардаг юм аа гэхэд Хувьсгалт намынхан лав чадахгүй. танайхнаас л тийм юм гарна” гэж хэлсэн байдаг. Энэ дурсамж 2012 онд эмхэтгэсэн “Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид” номд бий. Нэг хүний буюу Ерөнхийлөгчийн засаглал манайд тохирохгүй гэдгийг монголчууд мэдэрч байсны жишээ энэ юм. Хоёр талд ийн хэлэлцээд маргаашийн хурлынхаа эхэнд дээрх шийдвэрийг өөрчилж байлаа.
-Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн үеэр яг ийм байдлаар ширүүхэн, нухацтай хэлэлцсэн өөр асуудал зөндөө биз дээ?
-Гайгүй дээ. Хамгийн ширүүн “үзэлцсэн” нь Ерөнхийлөгч, эсвэл хоёр танхимтай парламент гэсэн энэ асуудал байсан юм. УБХ-аас нэг танхимтай парламенттай, харин Ерөнхийлөгчийг парламентаасаа сонгодог байхаар төсөлд тусгасан байлаа. Ингээд л ширүүхэн юм болж санап хуваагдчихаад сүүлдээ харилцан буулт хийх маягаар шийдсэн түүхтэй. Тодруулбал, нэг танхимтай парламенттай, Ерөнхийлөгчийг ард түмэн сонгодог байх зохицуулалтыг Үндсэн хуульдаа тусгасан. Хагас Ерөнхийлөгчийн, хагас парламентын ч юм шиг засаглалын одоогийн хэлбэр ингэж эхэлсэн юм. Энэ бол өнөөгийн эдийн засаг, нийгэм, тэр тусмаа улс төрийн будлиан, бужигнааны нэг шалтгаан болж байна. Ер нь өнөөгийн гажуудлын нэгдүгээрт парламентаасаа Ерөнхийлөгчөө сонгодоггүй байдал дугаарлагдана.
-Үндсэн хуульд уг нь төрийн байгууллын харилцаа, эрэмбийн талаар нэлээд тодорхой тусгасан байдаг?
-Бид батлахдаа төрийн эрх барих дээд байгууллага УИХ, ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч Ерөнхийпөгч, төрийн гүйцэтгэх дээл байгууллага Засгийн газар гэсэн гурван институт харилцан бие биенээ хянах байдлаар зохион байгуулах нь зүйтэй гэж үзээд баталж байсан. Гэсэн ч одоогийн нөхцөлөөс үзэхэд оновчгүй л болж таараад байна. Төрийн тогтолцооны гажуудлын өөр шалтгаан нь нийгмийн ялгарал. Хөрөнгө чинээтэй улс өөрсдийгөө, хувь хувийн эрх ашгаа хамгаалах гэсээр өнөөдрийн нөхцөл байдалд хүрээд байна. Баян, ядуугийн ялгаа ихсэх хэрээр төрийн тогтолцоо дахь гажуудал лавширсаар байгаа. Яг одоо манай нийгэм эдийн засаг болон улс төрийн хувьд гажчихсан гэж би хэлнэ. Газраа ухаж л улсын хөрөнгө, сангаа сэлбэхээс өөргүй байна. Улс төрийн орчин нь Төрийн ордон төдийгүй нийслэлийн удирдлага, бүр цаашлаад аймгийн төв, сумандаа ч талцаж, хуваагдсан байдалтай байна. Дүр зураг нь хаа хаанаа ижилхэн. Үүний буруутан хэн бэ? Хүн бүхэн үүнийг асуудаг. Нэг хэсэг нь буруу хүн сонгосноос, нөгөө хэсэг нь хуулиа биелүүлэхгүй байгаагаас гэдэг. Хүний тухай асуудлыг хөндөхөд, үеийн үед л өмнөх парламент энэ удаагийнхаас хамаагүи дээр чадавхтай байсан гэдэг биг дээ. Дараагийн сонгуулиар бүрэлдэх парламент тэгэхээр одоогийнхоос дор байх нь. Шинэ нь хуучнаасаа муу байгаа талаар бид 27 жилийн турш, найман парламент дамжин ярьсаар байна. Хуулийн засаглалын тухайд бол хуулийн хэрэгжилтийг зохион байгуулдаг, хянадаг, хэрэгжүүлдэг тогтолцоо нь хангалтгүй байна. Ингээд нмйлүүлээд харахаар тогтолцоонд гол асуудал байна гэж харагдаад байгаа юм. Өөр онош байхгүй. Тогтолцооны гажуудлаа засахгүйгээр цааш явахгүй нь тодорхой байна.
-Тиймээс л Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзээд 2017 онд оэлтгэл ажлыг хангасан. Түүврийн аргаар сонгогдсон иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулж, саналыг нэгтгэн улс орон даяар танилцуулж, саналуудыг нэгтгэн төсөл боловсруулаад байгаа?
-Үндсэн хуулийг өөрчлөх асуудал ихээхэн маргаан дэгдээдэг. Тэр тусмаа хэн өөрчлөх вэ гэдэг дээр. Парламент болгоныг Үндсэн хуульд гар хүрэх” эрх байхгүй гэдэг. Тэгвэл хэнд ийм эрх байгаа юм. Гэхдээ юуг, хэрхэн өөрчлөх вэ гэдэг нь л чухал болохоос биш, хэн өөрчлөх нь хоёрдугаар асуудал. Зөв өөрчлөлт хийж чадвал хэн байх нь чухал биш. Яг одоогийн нөхцөл байдлаас дүгнээд, Үндсэн хуулийн өөрчлөлтийг ойрын хугацаанд хийж чадахгуй болов уу гэж би харж байна. Өөрөөр хэлбэл, үеийн үедээ “Энэ удаагийн УИХ-д Үндсэн хуулийг өөрчлөх эрх, чадамж байхгүй” гэсээр байвал зовлонтой л доо.Тиймээс нэн тэргүүнд тогтолцооны гажуудлыг засах, зөв болгох өөрчлөлт хэрэгтэй. Үүнийг эцэслэх нэг гарц байна гэж би хардаг. УИХ-аас маш өргөн хүрээтэй комисс байгуулаад, нийгмийн бүх давхарга, салбар бүрийн төлөөллийн саналыг тусгасан төслийг боловсруулах нь зүйтэй. Тэгээд 1990 он шиг зөвхөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх 400, хамаагүй 500 хүний бүрэлдэхүүнтэй бүтцийг сонго. Салбар, аймаг, сум, нийгмийн давхарга гээд бүхий л нэгж, бүтцийн төлөөлөл бүхий энэ бүтцээрээ төслөө хэлэлцээд батлах юм бол маргаан гарахгүй. Аль нэг нам Үндсэн хуулийн автор болохгүй. 1992 оны Үндсэн хууль бол бүх ард түмний бүтээл гэдэг. Яг үүн шиг, бүх нийтийн бүтээл болох юм.
Бүх ард түмний бүтээл болгож чадахгүй л бол Үндсэн хуулиар хоёрын хооронд битгий оролдоосой. Ул суурь, судалгаа, бүх талын саналтай, нийтлэг эрх ашгийг хангах зорилгоор дорвитойхон барьж авах хэрэгтэй. Эс бол органик хуулиудаа засч, өөрчлөх байдлаар нийгэм, эдийн засгийн амьдрал дахь гажуудлуудыг засах бололцоо бас бий. Наад зах нь эрх мэдпийн хуваарилалтыг органик хуулиудын хүрээнд өөрчилж болно. Хуулийн зохицуулалтуудыг сайтар нягтлан, оновчтой болгож чадах юм бол их олон асуудал, бэрхшээл шийдэгдэнэ шүү. Жишээлбэл, хууль гарах бүрийд л чимэг зүүлт нэмж байгаа аятай Ерөнхийлөгчийн эрх Хэмжээг нэмэгдүүлсээр одоо бол юм бүгдийг мэддэг болчихлоо. Засгийн газрын Ерөнхийлөгч юм уу, Ерөнхийлөгчийн Засгийн газар ч юм уу ойлгогдохгүй болчихоод байгаа шүү дээ.
-27 дахь жилийн ой нь тохиож буй Үндсэн хуулийн түүхэн ач холбогдлыг өнөөдөр онцолж ярих ёстой. Алдаа, эндэгдлийг нь та дүгнэж, гарц шиидлийг хувьдаа эрэлхийлж байдаг юм байна. Тэгвэл ололт нь юу байсан бэ?
-Энэ Үндсэн хууль ардчилал, зах зээлийн нийгмийг байгуулах замыг нээж өгсөн. Үүргээ сайн гүйцэтгэж байгаа. Хүн бүгд өнөөдөр их бага хэмжээгээр бухимдалтай байна. Гэхдээ Монгол хөгжиж байгаа шүү. Хүн бүгд мэдэх, эс мэдэхийн завсарт ч юм уу, бухимдахдаа ч тэр үү Үндсэн хуулийг муу хэлээд л байдаг юм. Эрх чөлөө, эдэлж хэрэглэж байгаагаа, бусад улс оронтой харилцаж буйгаа харах хэрэгтэй. Хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан Хоёрдугаар бүлэг бол маш сайн зохицуулалттай, би хувьдаа‘‘онц” гэж дүгнэдэг.
Ярих яриа хэмжээтэй, орох газар зааг заалттай гэх зэргээр юмс бүгд хэм хэмжээтэй. Өмнө нь бид том машины эрэг шураг шиг л байлаа шүү дээ. 1990-ээд онд түүнийг зад татсан, ингэхдээ ардчиллаа бас гажуудуулчихаад байгаа юм. Ардчиллыг хүссэн бүгдээ хийж болно гэж ойлгочихсон. ‘‘Чиний эрх чөлөөгөөр миний эрх чөлөө хязгаарлагдана” гэдэг зарчмыг бүрэн ухаараагүй. Ер нь эрх чөлөө гэдэг хүнд саад болохгүй амьдрах гээд л ойлгочиход болох юм. Яг үүнийг Үндсэн хуулийн Хоёрдугаар бүлэгт бүрнээ, бүр илүүдүүлсэн хэмжээнд тусгасан шүү.
-Депутатууд Үндсэн хуулийн төслийг хэлэлцсэн 76 өдрийн чуулганы талаар сонирхолтой дурсамжаасаа дэлгэдэг. Ярилцлагын төгсгөлд Та манай сонины уншигчидтай тэр өдрүүдийн дурсамжаасаа хуваалцаач. 1992 онд хуралдсан 76 өдрийн чуулганаас алийг нь онцлох вэ?
-Төслийн хэлэлцүүлгийн үеэр хурал хаяна гэдгийг би үзүүлж байлаа. Нийслэлийн талаар хэлэлцэж байв. “Төрийн төв байгууллагууд байрлаж байгаа газрыг Монгол Улсын нийслэл гэнэ” гээд төсөл ороод ирлээ. Тэгэхээр нь энэ дунд яг нийслэл аль юм гэхээр байхгүй болчихоод байна, тиймээс “Монгол Улсын нийслэл бол Улаанбаатар хот мөн” гэж цохох нь зүйтэй гэж санал гаргав. Хэд хоног үзлээ, оруулж өгдөггүй дээ. Сүүлдээ би чинээндээ тултал бухимдаж, үдийн хоолонд ороход 30 минут хэр дутуу байхад тэсэлгүй суудлаасаа өндийгөөд чанга дуугаар хэллээ. “Улсын Бага Хурлынхаан, та нар бидний үгийг сонсохгүй, саналыг авахгүй юм бол бид харилаа. Чаддаг юм бол та хэд Үндсэн хуулиа батлаарай. Явцгаая” гэсэн чинь манай эгнээнийхэн тэр чигээрээ босоод ирсэн. Бид ч хурал хаяад гарлаа. Гэхдээ үдийн цайны дараа бүгд эргэж хуралдаа суугаад, асуудлаа үргэлжлүүлэн хэлэлцээд явж билээ.
-Танд баярлалаа. Сайн сайхныг хүсье.
М.Өнөржаргал
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
URL: