Төсвийн орлого 3.6 дахин өсчээ

Төсвийн шинэчлэлийн бодлогын хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд нийслэлийн төсвийн орлого жил тутам өсч байгаа нь төсвийн тогтвортой байдлыг сайжруулж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар баталсан төсвийн зорилтыг ханган биелүүлэх боломжийг бүрдүүлж байна.

Нийслэл, дүүргүүдийн ИТХ-аас батлагдсан 2011 оны орлогын төлөвлөгөөний  сар, улирлын  хуваарийг хотын шууд болон  орлого бүрдүүлэгч байгууллагаар хийж, нийслэлийн Засаг даргаар батлуулан холбогдох газруудад хүргүүлж, мөрдөн ажиллаж байна.  Дүүргүүдэд олгох санхүүжилт, дүүргүүдээс нийслэлийн төсөвт төвлөрүүлэх орлого, хотын төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлогын хуваарийг боловсруулан Засаг даргаар батлуулж, холбогдох газруудад хүргүүлэн гүйцэтгэлд нь хяналт тавин ажилласан аж.

“Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслэлийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хууль нь 2011 оны 1 дүгээр сарын 1-нээс эхэлж хэрэгжиж эхэлсэн бөгөөд автотээврийн болон өөрөө явагч хэрэгслэлийн албан татварын хувь хэмжээг НИТХ-ын 6 дугаар хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулснаар уг татварын орлого 3.3 тэрбум буюу 55.1 хувиар нэмэгдсэн байна.

Түүнчлэн   1999 оноос хойш өөрчлөгдөөгүй байсан “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль” шинэчлэгдэн батлагдснаар тэмдэгтийн хураамж төлөх нэр төрөл өргөжиж 570 гаруй болсон бөгөөд нэг ажил үйлчилгээний эрх олгох тэмдэгтийн хураамжийн хэмжээ дунджаар 2 дахин нэмэгдснээр тэмдэгтийн хураамжийн орлого 2010 онтой харьцуулахад 3.1  дахин нэмэгдсэн үзүүлэлт гарчээ.

Нийслэлийн төсвийн нийт орлого 2011 онд 227 тэрбум 024.0 сая төгрөгөөр батлагдсаны 182 тэрбум 423.1 сая төгрөг буюу 80.4 хувь нь хотын шуудын орлогоос 44 тэрбум 600.9 сая төгрөг буюу 19.6 хувь нь дүүргүүдийн төсвийн орлогоос тус тус  бүрдэж байна.

Хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 2011 онд 236 тэрбум 214.0 сая төгрөгийг төвлөрүүлж төсвийн орлого төлөвлөснөөс 9 тэрбум 109.4 сая төгрөгөөр буюу 4.1 хувиар давж биелэх  урьдчилсан төлөвтэй байна. Нийт орлогын 209 тэрбум 225.0 сая төгрөг буюу 88.6 хувь нь татварын орлого, 16 тэрбум 938.3 сая төгрөг буюу 7.2 хувь нь татварын бус орлого, 9 тэрбум 970.1 сая төгрөг буюу 4.2 хувь нь хөрөнгийн  орлого эзэлж байна. Нийслэлийн төсвийн орлого 2008 оныхоос 2011 он гэхэд 3.6 дахин өссөн байна.


URL:

Сэтгэгдэл бичих