БОЙКОТОО ЗОГСООЖ АЖЛАА ХИЙЦГЭЭ

HJ_Zz4ye5jБодит байдлын түүхийг эргэн санацгаая. Хэн ч мартаагүй, бэх нь ч хатаагүй байна.

Төрийн албан тушаалыг ханш тогтоон худалдах, намаа санхүүжүүлэх аймшигт хэргийн зохиолч, төслийн удирдагчаар Монгол Улсын парламентын дарга өөрөө тодорсон. Ямар зорилгоор бичлэг үйлдсэн юм бэ? “Намын санхүүжилтийг би босгосон, төрийг 30-40 жил гартаа атгах мастер төлөвлөгөөний эцэг нь би юм шүү” гэдгийг л хожмын өдөр байн байн баримтаар сануулж байх утгаар хийсэн нь үнэн биз дээ? Духан дээрээ төрийн тамгатай хаан болохыг зорьсон нь худлаа юу? УИХ-ын дарга М.Энхболд өөрөө, тийм юм болоогүй, энэ бол эвлүүлэг гэж гүрийж хэсэг хугацаа авснаа, үнэнд гүйцэгдэж хэргээ хүлээсэн. Эрүүл саруул улстөрчидтэй улс оронд ийм зүйл тохиолдсон бол хэрхэх байсныг бүгд мэднэ. Өвчтэй төртэй монголд, дэлхийд байхгүй юм дандаа л гарч байдаг болохоор нөгөө гайхал М.Энхболд нь сандарсан. Сандрангуутаа “Тийм схем байсан, гэхдээ хэрэгжээгүй” гэж гүрийсэн. Асар басар нохойнууд нь халаасанд нь оршдог хууль цаазын байгууллагатайгаа нийлээд хамгаалсан.

Өөрсдийгөө хамгаалах гэж өөрсдөдөө зориулан гаргасан хуулийн заалтыг бамбай болгон барьж зогсоцгоосон. Тусгаар тогтносон улсын төр, хууль тогтоох дээд байгууллага арай ч ийм байж болохгүй хэмээн санаа нь зовсон хэдэн залуу гишүүн, нам харгалзахгүй эрслэн тэмцэхээр боссон. М.Энхболд зүгээр суусангүй, Засгийн газрыг огцруулах өргөдлийг өөрөө санаачилж, өөрөө гарын үсгээ зурж, баруун гараараа зүүн гартаа өргөн барьж, улс төрийн хуйвалдаан (intrico) зохион байгуулж хуралд асуудлыг өөрөө оруулж ирсэн. Гэвч УИХ-ын олонх санал нэгдэн Засгийн газрыг огцруулсангүй. МАН хуралдаж гишүүдийн 95 хувь нь М.Энхболдод итгэхгүй байгаагаа албан ёсоор мэдэгдэв. УИХ-ын гишүдийн 55 хувь нь түүнд итгэхгүй байгаагаа илэрхийлж, гарын үсгээр мэдэгдлээ баталгаажууллаа. Ард түмэн, сонгогчдын 90 гаруй хувь нь М.Энхболдыг огцрохыг шаардаж дургүйцлээ илэрхийллээ гэсэн судалгааны үр дүн яван явсаар сүрт жагсаал болон хувирав. Энэ нь дэлхий нийтийн анхааралд орж “Улаанбаатар халуун цэг” хэмээн нэрлэгдэв. Шинэ жилийн мэндчилгээг нь сошиалчид хүлээж авсангүй бойкотлож  элдвийн хараал зүхлээр дүүрсэн комментоор хариу барив.

Энэ нь олон улсын конвенциор бол 48 цагийн дотор огцрох үндэслэл, нийгэм зүйн хэлээр вотум юм. Тэглээ ч М.Энхболд огцорохгүй гэдгээ дахин мэдэгдэж, харин ч өөрийг нь шүүмжилсэн найз нөхдөө халаасныхаа шүүхэд өгөв. М.Энхболд эйфорийн байдлаасаа гарч чадахгүй байсаар. Ухаандаа М.Энхболд хүн хутгалаад хөнөөчихсөн байсан ч огцруулж болохгүй хуультай орон юм байна. Үйл явдлын өрнөлт гэвэл нэг иймэрхүү.

М.Энхболд яагаад огцрохгүй, суудалтайгаа зууралдаад байна? Энэ зөвхөн сандал суудлын хэмжээний асуудал уу? асуулт энгийн ч хариултыг эрээд эхлэхээр олон түмний бодож буйгаас ч илүү ноцтой байж болох үндэслэлүүд гарч ирж байна. Зарим нь ч түрүүчээсээ ил болоод эхлэх шиг боллоо. Ер нь яагаад гэдэг асуултад  хариулах албатай юмуу? Юуны өмнө, М.Энхболд нэг талаас олон том хэргийн хаалт болохоос аргагүй болчихоод, нөгөө талаас урьдчилж авсан их хэмжээний мөнгөнд дөнгөлөгдчихөөд яаж ч чадахгүй байгаагаа бараг л өөрөө хэлчихлээ. “Албан тушаал эрх мэдэлд шунаад байгаа юм байхгүй, гэхдээ одоохондоо болохгүй байна” гэдгээ тэр хэлсэн.

“УИХ-ын гишүүдийн кноп л гэхэд нэг тэрбумд хүрч л байсан, би суудлаа тийм хямд өгөхгүй ээ” гээд байх шиг л санагдав. Гэхдээ ер нь тэр яагаад суудлаасаа буухгүй байгаа нь тийм онц чухал юмуу? тэртэй тэргүй буусных нь дараа ил болоод л ирнэ. Бүдүүн хадуун, муугаар бол бүдүүлэгдүү тэрбээр заримдаа үнэнээ пүл пал хийтэл хэлчихдэг хүн л дээ. Найз нөхдийн мафи маягийн сүлжээ үүсэн уулзацгаадаг болоод 10 жил болж байгааг хэлсэн, өөрөө толгойлогчийн нэг гэдэг утгыг ч хэлж л байсан. 60 тэрбумын хэрэг үнэн гэдгийг ч бас мэдэгдсэн. Одоо дөнгөнд байгаа тухайгаа бас л хэлчихлээ. Албан тушаалаа өгч болохгүй байгаагийн бас нэг гол шалтгаан бий, тэр нь цаг хожих, магадгүй байдал эргэхийг  хүлээзнэх башир арга юм. Урд хөрштэй ч юмуу өөр сувгуутай мэдээлэл солилцсон, тэндээс ирэх хариуг хүлээзнэж байгааг ч үгүйсгэхгүй. Энэ бүхнийг ард түмэн мэдрээд ам дамжуулан ярьцгааж байна. Т.Бадамжунай ор сураггүй алга болсон гэдгийг түүний найз, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг хэллээ. Сонин юм их болж байна.

Эцэст нь ерөнхийлөгчийн зүгээс М.Энхболдод зориулсан хууль санаачлахаар тохиролцсон юм биз дээ! үнэтэй юмаа, аргагүй. Тусгаар тогтнолоор, хил хязгаараар, Эрдэнэтээр л битгий үнэлчихсэн байгаасай билээ л гэж залбирахаас.  УИХ-ын хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд “Үндэслэлгүй хуулийн төслийг авч хэлэлцэхгүй” гэж гүрийлээ. Ерөнхийлөгч үндэслэлгүй л юм хийгээд мунгинаад яваа юм байна л даа.

Өөр бас нэг хардлага байгааг энд хавчууллаа, энэ нь олонхын бүлэгт туршуул шургуулсан, дотроос нь хагалан бутаргах үүрэг хүлээсэн тухайд юм. Хямралын ард нь М.Энхболд огцорлоо, М.Энхболдын дараа яах вэ гэдэг дээр санаа зовнин нэгдсэн олигарх бүлэглэлийн явуулга байгаа болж таарах гээд байна. Үүнтэй уялдуулаад бойкотчид өөрсдийгөө толинд хараад үз, анхаарал хандуулах үндэслэл байна гэсэн хэдэн асуудал байгааг хэлье!

1. АРДЧИЛАЛ гэгчийн үндсэн утга нь олинхиороо асуудлыг шийдэх, цөөнхийн саналыг хүндэтгэх явдал. НҮБ-ын үндсэн дүрмээр заачихсан үндэслэл нь энэ. НҮБ-ын дүрмийг угтаа бол энэ хэд зөрчиж байна гэсэн үг. Олонхиороо зохион байгуулалтад ороод спикерээ сонгоод улс орны тулгамдсан асуудлууд түүний дотор цөөнхийн саналыг олинхиороо хэлэлцээд төрөө гацаанаас гаргаад ард түмний цэгтээ тулсан бухимдлыг саармагжуулаад урагш алхам алхмаар ахиж яагаад болохгүй байна? дахин хуулийн хүрээнд л биз дээ. Тэгвэл НҮБ-ын дүрмээс  дээгүүр тавигддаг үндэсний хууль гэж байдаг юм уу?

2. Шударга ёсны төлөө тэмцэж байгаа залуу гишүүдийг яагаад үйлдлээрээ дэмжихгүй байна? Яагаад зэрэгцээд тэмцэхгүй байна? Саармагжуулах, бас цаг хожих бодлого яваад байгаа юм биш үү? Tөрийн хаалганы гадаа гарч зогсчихоод дотор байгаа гишүүддээ бичиг бичээд суух нь инээдтэй биш үү? уих бол институт, хаалганы гадаа байна уу, танхим дотор сууж байна уу ялгаагүй түшээд. Тэгвэл өөрөө өөртөө мэдэгдэл бичээд өөрөө өргөн барьдаг М.Энхболдоос ялгаатай нь юу байна. Бойкот бол сул зогсолт, танхимд орж суугаад өөр өөрийн шаардлагыг бичиж эсэргүүцлийн бяцхан панел хийн өмнөө тавиад шаардаад байвал үйлдэл болно, ялгаатай. Ингэж чадахгүй байгаагийн ард юу байна?

3. Бойкот хийж байгаа гишүүдэд төрөө цэвэрлэе гэсэн чин сэтгэл байгаа юмуу? Юугаар батлах юм? Ер нь ингэхэд бойкот гэж юу байдгийг мэдэж байгаа юмуу?

БОЙКОТ ГЭЖ ЮУ ВЭ?

Бойкот (boycott) утгаараа бол тэмцлийн арга биш, актион юм билээ. Цаг зуурын ажиллагаа гэсэн үг. Ялангуяа улс төрд орж ирэхдээ тулган шаардах агуулгыг илэрхийлдэг. Ардчилсан замаар явж байгаа улс орнууд хэрэглэдэггүй. Анх 1880 онд Английн газар эзэмшигч Чарльз Бойкотт Ирландын газар түрээслэгчдэд тулган шаардах бичиг хүргүүлэн газар эзэмшлийн ажиллагааг түр зогсоож байсан. Түүнээс л энэ үг үүссэн гэсэн үг. Тэр цагаас хойш дэлхийд үй олон бойкотууд гарч байсан түүхтэй. Гэхдээ парламентын олонх нь цөөнхийхөө эсрэг бойкот хийсэн тийм инээдтэй бойкот бол гарч байсангүй. Монгол Улс дэлхийн чихийг дэлдийлгэсэн олон зүйлийн анхдагч болдог болохоор дасал болчихож. Учир агуулгыг нь мэддэг хүмүүс л өмнөөс нь нүүрээ хийх газаргүй болтлоо ичдэг бололтой.

Ер нь АРДЧИЛАЛ гэж түрээ барьдаг улстөрчид ( үнэндээ жинхэнэ улстөрч манайд байхгүй), ардчиллын зарчмаар явах нь тун цөөн. Нэг жиргээчийн онож хэлснээр бол “зарчмаар биш даргын системээр л бүх юм явж байна”. Ард түмэн бараг бүхэлдээ, намын нөхдийх нь 95% нь, парламентын гишүүдийн олонх нь УИХ-ын даргад итгэл үзүүлэхгүй, огцрох ёстой гэж албан шаардлага тавиад шаардаад байхад “огцрохгүй ээ” гэж гүрийнэ. Учир нь тэр цөөнх дотор “дарга” байгаа. Парламентад суудалтай бас нэг намын бүлгээс хоёр гишүүн нь гарчээ. Хуулиараа  бол бүлэг бүрэлдэхүүнгүй болсон тухай УИX-ын даргад мэдэгдсэнээр бүлэг тарах хуулийн заалттай байтал бүлэг байгаа гэж гүрийцгээнэ. Учир нь бүлгийн “дарга” тэгж бодож байгаа учраас бүлэг тарахгүй. Бүлэг гээд байгаа юмных нь гишүүдийн тав нь буюу олонх нь УИХ-ын дарга огцрох ёстой гээд гарын үсгээ зурсан байтал, цөөнх дөрвийн шийдвэр хүчинтэй гэнэ. Учир нь тэр дөрөв дотор нь “дарга” байгаа болохоор тэр.

ТӨРИЙН ХЯМРАЛ “ТӨРЧДӨД” Л АШИГТАЙ

“Улс төрийн шийдвэр гаргалаа” гэнээ, юу яриад байгаа юм бол энэ АН? төрд суудалтай намууд бодлогын шийдвэр гаргаж болох, харин Засгийн газарт боловсон хүчин санал болгосон нам заримдаа улс төрийн шийдвэр гаргахад оролцох эрхтэй байдаг. Улс төрийн шийдвэр гэдэг нь төрийн шийдвэрийг хэлдэг. “Улс төрийн” гэдэг ухагдахууныг яаж ойлгоод байна аа? Политика буюу бодлого гэсэн утгатай орос үгийг л улс төр гэж ойлгоод эргүүтээд яваа хүмүүс юмаа даа! ийм сувсан мэдлэгтэй юмнууд л төрийн ордонд чихэж суугаагаас болж үндсэндээ төр хямарч байна. Монгол Улсын Ерөнхий сайд байсан хүн л “АН МАН бол төрийн хос багана мөн” гэсэн тодорхойлолт өгөхөөр саарал ордонд ямар хүмүүс суусаар ирсэн нь ойлгомжтой. Төрийн тогтолцооны суурь багана нь ард түмний удирдлага, үйл ажиллагааных нь үндэсийн үндэс нь фундаментал ухаан байдаг гээд дэлхийд нэртэй нийгэм зүйчид худлаа хэлчихсэн болж таарч байна уу?

УИX-ыг тараана гэнээ, ээлжит бус сонгууль хэнд ашигтай вэ? ганцхан жилийн дараа сонгууль болох гэж байхад сонгуулийн хуулиа ч гаргалгүй шууд дахин сонгуульд ордог ард түмэн гэж байх уу? УИХ-ын гишүүдийн гуравны хоёрын саналаар УИХ тардаг хуультайг мэдэхгүй улстөрч гэж байхгүй биз дээ? УИХ-ын 51 гишүүн уухай хадаагаа л гарын үсэг зурчихна гэдэгт солиотой хүн л итгэдэг байх.

УИХ-ыг тараах санал нь цаг хожих гэсэн улстөрчдөд л ашигтай санал. Одоо мөрдөгдөж байгаа хулиар бол уих тарлаа ч дараагийн сонгууль болтол парламент үйл ажиллгаагаа хэвийн явуулах ёстой гээд заачихсан байгаа. М.Энхболд огцрохгүй гэсэн үг. Мөнгөний завхарсан бодлого хэвээр, баялгийн тэгш бус хуваарилалт жинхэнэ утгаараа цагаандаа гарна, гаарна гэсэн үг. Том гарын хулгайчууд арга учраа олох маневрын цагтай болно. Зарим нь Т.Бадамжунай шиг ор сураггүй aлга болно. Ард түмний байдал сайжрахгүй. Ингэхэд, төр хямрахад ард түмэн ямар буруутай юм бэ? Буруугүй юм бол дахин сонгууль хий гэж ард түмэнд яагаад тулгаад байгаа юм бэ? гэсэн асуултыг дахин тавъя!

ҮНДЭСНИЙ ТӨРТЭЙ БАЙХЫН УЧИР ХОЛБОГДОЛ

Одоо мөрдөгдөж байгаа үндсэн хуулийн талаар судлаачид янз янзаар л ярьцгааж байна. Түүн дээр нэмээд хоёр үндэслэл хэлье! Энэ санааг одоохондоо хэн ч хэлж  чадаагүй байна.

1. Үндсэн хууль чадлаа барчихаад цааш явах аргагүй болчихоод байгаа юм биш л дээ. Үндсэн хуулинд суурь алдаа байгаад л хамаг учир байна. Шинжлэх ухааны суурь мэдлэгтэй хэн ч үүнийг олоод харчихна. Монгол Улсын баримталсаар ирсэн цаашид ч баримтлах эрх зүйн орчин нь роман-германы эрх зүй. Гэтэл энэ эрх зүйд байхгүй, төрийн өндөрлөгүүдэд эрх мэдэл тэгшитгэн хуваарилах, биесээ  тойруулан хянах монгол үндэсний үйлдвэрлэлийн концепцыг үндсэн хуулинд шигтгэсэн. Энэ бол суурь алдаа. Үүний уршгаар эрх мэдлээ булаацалдсан өндөрлөгүүд төрийг хямруулж байна. Улстөрчид, зарим арай гайгүй хэсэг нь тогтолцоог сууриар нь өөрчлөх шаардлагыг тавьж эхэлсэн нь сайн хэрэг. Холимог тогтолцоотой байх, харин германы сонгодог хэлбэрийг жишиг болгохоо зогсоож Францын үндэсний үзэлд тулгуурласан, Ерөнхийлөгчийн хагас тогтолцоог чиг баримжаа болгон үндсэн хуулиа өөрчлөөд цааш хөгжих нь залшгүй нөхцөл болоод тавигдчих шиг боллоо. Парламент хоёр танхимтай болж, ард түмний төрөө шууд удирдах эрхийг нь хангаж өгөх ёстой. Ш.Раднаасэд, Ж.Мөнхбат нарын яриад байгаа парламентын засаглалтай улс гээд байгаа нь худлаа үг, мэдлэггүй хүмүүсийн яриа. Сонгодог парламентын засаглал гагцхүү хаантай оронд л байдаг юм. Манайд хаан байхгүй л дээ. М.Энхболдын ачийг ч билүү хаан болгох гэнэ гэсэн цуу яриа яваад байсан, эсвэл үнэн юмуу? Монгол Улс одоо ч холимог засаглалтай байгаа.

2. Төрийн өндөрлөгүүдээ зөв тогтоох ёстой. Ерөнхийлөгч, парламент, шүүх засаглал нь төрийн өндөрлөг болохоос Ерөнхийлөгч, УИХ, Ерөнхий сайд гурвыг хэлдэг юм биш. Ер нь монголын улстөрчид, гул баригчид ард түмний тархинд суулгасан үндэсний үйлдвэрлэлийн болхи онолуудаасаа салах цаг болсон. Үндсэн хуулийн цэц нь манаач биш. Манаачид хээл хахууль өгчихөөд л үндсэн хуулийн заалтуудыг дураараа хулгайлж, өөрсдийн ашиг сонирхолд зохицуулан ашиглаад байна. Үүнд цэг тавих цаг болсон. Цэцийг, үндсэн хуулийн шүүх болгон өргөжүүлж трибунал хэлбэрийн зохион байгуулалтад оруулах нь зөв юм шиг байна.

И.Цэрэнхүү

Засгийн газрын мэдээ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих