Шуугианы эзэн
Өнгөрсөн жил хамгийн олон удаа огцрох, эс огцрох асуудлаа УИХ-аар шийдүүлсэн сайд бол Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Д.Зоригт байлаа. Уул уурхайн салбарт хэрэгжиж буй томоохон төсөл тойрсон асуудлууд, энэ салбарын эрчтэй хөгжил гээд Д.Зоригтын толгойлж байгаа салбар олны хараа, сонирхолд байхаас аргагүй. Тэр утгаараа ч гишүүдийн хараад хэд хэдэн удаа өртөөд байгаа нь энэ. С.Эрдэнэ тэргүүтэй УИХ-ын 20 гишүүн Д.Зоригт сайдыг огцруулах бичгийг өргөн барьсан нь тухайн үедээ олны анхаарлыг татаж байлаа. УИХ-ын гишүүн Ц.Батбаяр, С.Эрдэнэ, Ц.Сэдванчиг нар өргөн барьсан энэ албан бичиг сайдыг огцруулах долоон шалтгааныг нэрлэж байв. Эхний шалтгаан нь Оюутолгой. Хууль тогтоогчид “УИХ-ын Төсвийн байнгын хорооноос “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалтын хүрээнд төсвийн орлого бүрдүүлэлтийн байдал, татвар төлөлтийн явцтай танилцах, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчийн хувьд ажлын хэсэгт шаардлагатай зохих мэдээ, материалыг удаа дараа ирүүлэхийг хүссэн боловч өнөөдрийг хүртэл гаргаж өгөхгүй байгаа тул 2010 оны гуравдугаар сард байгуулагдсан Ажлын хэсэг ямар нэг дүгнэлт гаргаж ажиллах боломжгүйд хүрээд байна” гэсэн тайлбар өгч байлаа. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан эрчим хүчтэй холбоотой ямар ч асуудал шийдлээ олоогүй гэсэн шүүмжлэл сайдыг огцруулах бичиг барих хоёр дахь үндэслэл байв. Эрчим хүчний шинэ эх үүсвэр өнөөдрийг хүртэл бодит ажил болоогүй, нийслэлийн 10,000 орчим айл өрх өнөөдрийг хүртэл цахилгаан эрчим хүчээр хангагдаж чадахгүй байгаа, шинээр баригдах тавдугаар цахилгаан станц одоо хүртэл баригдах эсэх нь шийдэгдэж чадахгүй байгаагаас шалтгаалан нийслэл хотыг барилгажуулах, бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах, ард иргэдийг эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлэх томоохон бүтээн байгуулалтын ажлууд хойшлогдож байгаа зэрэг шалтгааныг ч мөн гишүүд хэлж байсан.
Гурав дахь үндэслэл нь Налайхын уурхайд хувиараа нүүрс олборлож байгаа иргэдийн талаар байв. Тэднийг бүртгэх ажлыг зохион байгуулаагүй, ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий аж ахуй нэгжтэй гэрээгээр ажиллуулах, аюулгүй ажиллагааны дүрмийг сахиулах ажлууд хийгдэхгүй байгаа нь 2008 онд 10, 2009 онд 17, 2010 онд 16, нийт 43 уурхайчныг амь насаа алдахад хүргэсэн гэж гишүүд сайдыг буруутгаж байлаа.
Сэргээгдэх эрчим хүчинд өчнөөн төгрөг зарсан ч өнөөдрийг хүртэл бодитой үр дүн харагдахгүй байна гэсэн шүүмжлэл сайдыг огцруулах дөрөв дэх үндэслэл болж байв. “2009-2010 оны эрчим хүчний салбарт зарлагдсан зарим сонгон шалгаруулалт нь эзнээ олоогүй, будлиантай болсны зэрэгцээ шаардлага хангахгүй оролцогчдод тендерийг өгсөн нь сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хийгдсэн нийт угсралтын ажлуудын 70-80 хувь ашиглалтын шаардлага хангахгүй байгаа талаар орон нутгийн иргэд өнөөдрийг хүртэл хэлж гомдоллосоор байна” гэсэн үг өгүүлбэрийг тухайн үед УИХ-ын даргад өргөн барьж байсан гишүүдийн албан бичгээс харж болно.
Тав дахь үндэслэл нь агаарын бохирдолтой холбоотой. Хотын утааг багасгахтай холбоотойгоор ТЭЦ-2 дулааны станцыг түшиглэн байгуулах хагас коксжсон түлшний үйлдвэр байгуулах тендерийг зохих шаардлагын дагуу явуулж шалгаруулаагүй, шалгарсан компани нь ямар ч үйл ажиллагаа явуулаагүй байхад мөнгийг нь шилжүүлээгүй гэж гишүүд сайдыг буруутгаж байлаа.
Хууль тогтоогчид зургаа дахь үндэслэлдээ “УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэгт шаардлагатай мэдээлэл гаргуулахаар 2010 оны тавдугаар сарын 11-ний өдөр 9/3514, 2010 оны зургадугаар сарын 10-ны өдрийн 5/4283, 2010 оны есдүгээр сарын 24-ний 5/6468 дугаар албан бичгүүд явуулсан боловч хариу ирүүлээгүй тул 2010 оны зургадугаар сарын 23-ны өдрийн 5/4549, 2010 оны аравдугаар сарын 11-ний өдрийн 5/6855 дугаар албан бичгээр Ерөнхий сайдад хариуцлага тооцуулах тухай, 2010 оны аравдугаар сарын 11-ний өдрийн 5/6856 албан бичгээр УИХ-ын даргад хариуцлага тооцуулах тухай албан бичиг явуулсан” хэмээн онцолжээ.
Сүүлийн үндэслэл нь урт нэртэй хуультай холбоотой. Тэд сайдыг Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг зөрчиж 192 ширхэг хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг “усны эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт” хамаарах талбайд олгосон гэж буртуутгасан юм.
Сайдыг огцруулах ямар үндэслэлийг тухайн үед тавьж байв гэдгийг эргэж харвал нэг иймэрхүү. Хэд хэдэн удаа огцруулах тухай асуудлаар гишүүдэд байцаагдсан сайдыг тойрсон дуулиан өнөөдөр ч намжаагүй л байна. Саяхан УИХ-ын гишүүн Тэмүүжин долдугаар сарын нэгэнтэй холбоотой асуудлаар төр иргэдээсээ уучлал гуйх ёстой гэсэн асуудлыг сөхсөн. Энэ асуудлыг хэлэлцэх байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Зоригт төрд уучлал гуйх шалтгаан байхгүй гэсэн агуулгатай байр суурийг илэрхийлсэн. Ингэж үзсэнийхээ төлөө тэр огцрох ёстой, огцруулах үндэслэлийг нь судалж байна гэсэн үгийг Э.Бат-Үүл гишүүн хэвлэлд өгсөн ярилцлагандаа дурдсан нь саяхан.
Тэгэхээр сайдыг огцруулах тухай яриа ирэх онд ч бас өрнөж магадгүй нь. Энэ Засгийн газрын боловсролтой, залуу, чадалтай гэж үнэлэгддэг сайдын нэг бол Д.Зоригт. Хөгжлийн тулгуур болох их нөөцтэй гэдэг утгаараа, их мөнгөний уурхай, анхаарал татахаас аргагүй асуудлуудтай, дэлхийн хэмжээний төсөл хэрэгжиж эхэлсэн гэж ирээд яривал энэ салбарт ярих юм, хийх ажил их. Д.Зоригтын хувьд ч хийж байгаа ажил нэлээд бий. Юм хийж байгаа хүнийг шүүмжлэл дагадаг. Тэр ч утгаараа энэ улсын хамгийн мөнгөтэй, асуудалтай салбарыг толгойлдог залуу сайдад хаягласан хатуу үгс, ширүүн алхам цөөнгүй. Дэлхийн хэмжээнд гэж яригдах Оюутолгой төсөл хэрэгжээд эхэлчихсэн. Удахгүй бид үр шимийг нь амсч эхэлнэ. Тавантолгойн ордын хувьд анхаарал татахаар том алхмууд аль хэдийнэ хийгдчихсэн. Том шийдвэрүүд ч гарсан. Гараагаа эхэлж байгаа гэхэд Монголын уул уурхайн салбарт багагүй ажил хийгдсэн. Өнгөрсөн онд хамгийн олон удаа огцрох эсэх асуудлаа УИХ-аар хэлэлцүүлсэн сайдыг тойрсон шуугиан, дуулиан сонгуулийн өмнө бүр ч эрчимжиж магадгүй. Гэхдээ ажил хийх боломж өгөхгүй үргэлжлэх улстөржилтөөс, сонгуулийн өмнөх хэрэгтэй хэрэггүй байр сууриудаас ард түмэн аль хэдийнэ залхаж эхэлсэн. Утгагүй улстөржилтөөр биш, хийсэн ажлаараа, хийх ирээдүйтэй төлөвлөөгөөгөөрөө өрсөлдөх улстөрийн эрүүл тэмцлийн үе ирсэн гэж бодож байна. Харин та юу гэж бодож байна.
С.ЭРДЭНЭ
URL: