Утгын чимэг 2010 тэргүүн өгүүллэг Б.Баярсайхан: “Эртний явдал”

8

Эртний явдал
Арын хар мод шиг сайхан эр явсан юм даа, манай Балбар. Цог золбоо нь магнайд нь гэрэлтсэн түүний явдал суудал дунд олон ч хүүхэн үрэгдсээн. Өөрснөө гүйж ирж зуурхан амраглаад хагацахдаа зүрхэндээ цус шүүрэх гүн шархтай хоцорсон нь олон. Нялх хүүхдэээ нөхөртөө хаячихаад Балбарыг дагаад хот хүрээ сэлгүүцэн сар болоод харьж явсан хүүхэн ч бий. Яая гэхэв, Балбар гэж ийм нэгэн хүүхний тэнгэртэй ч гэх үү эр. Өөрөө өдөж хоргоох юм бол ямар ч хүүхэн нэг хэсэгтээ мансуурч толгой нь эргэдэг. Балбар үүндээ бардам, ихэрхэг байсан цаг бий.

Цэргээс ирсэн залуу нэг хэсэг бужигнуулж айлын охид чарлуулж, архи сархдад дэвэрч, нохой шуугиулж, зодоон цохион ч хийж баахан сагаж байгаад намждаг. Удалгүй хүн төрхөмдөө орж, авгай авч, амьдралын мөр хөөдөг. Түүний адил Балбар охид хүүхнүүдийн зүрх сэтгэлд хорхой хүргэм гоонь эр байж нас гуч гараад ирэхийн үед явдал суудал нь түвширч, өөрөөсөө үе мултарсан залуу охин авч сууснаар үлгэр амар сайхандаа жаргалаа.

Нэгэн үе Балбарт эхнэрээ алдаж, сэтгэлийг нь хулгайлуулж явсан эрчүүд архи ууж хорслоо тайлахдаа:

-За… чи Балбарыг дагасан жингэрийн нохдын дунд сүүлээ шарвагануулан яаж явлаа… Зүрхэнд минь хутга шаахаас цаагуур сэтгэлийг минь урж, цээжний мах барж байл уу? Тэмээ туйлаад тэнгэрт гарахгүй ээ, бурантагны чинь үзүүрт миний гар байгаа шүү. Ойлгов уу? Гэж агсамнан нус нулимсыг гоожуулж, цус нөжтэй нь хутгах энүүхэнд байж. Архи хорсол хоёртоо ухаанаа ууж дууссан эрчүүд нэг өдөр сэргэхдээ хэдэн хүүхдийнхээ бүлтэлзсэн өрөвдөлтэй хар нүд харагдахад жолоогоо татаж, амьдрал ахуйгаа өөд татаж эхэлдэг байлаа. Тэгэвч эхнэрийнхээ айж бүлтэлзэх харцны бүр гүнд Балбарын асаагаад орхисон цучлыг олж үзмэгч тэчъяадан бахарддаг, хөмхийгөө цус шүүртэл зууж арван хуруугаа үеийг нь мултартал нужигнуулан байдаг болжээ.

Арван наймтай сэвгэр олж өвөртөлсөн Балбар тохь сууж хүн шиг амьдарч эхэллээ. Хааяахан зүүд зэрэглээ шиг юм бодолд нь орж ирэхэд “энэ хүүхнүүд гэдэг мөн ч золигийн бөх зүрхтэй улс шүү. Хөх алаг болтлоо балбуулчихаад доголон нулимстай юм гүйгээд ирдэг сэн” гэсэн ихэрхүү юм бодлоо.

Суу заль бадарсан Балбарын нүдний доогуур хялгасан нарийн үрчлээ сууж, шанаанд нь үл мэдэгхэн буурал орж явсан ч Балбар мөн чанараа алдаагүй, өнөөх цуутай Балбар хэвээр байсаар атал нэр төрийг нь гурван үед нь гутаамаар муухай юм болжээ.

Тэдний суманд ширвээ хар сахалтай, булчин шөрмөс нь зангирсан, залуухан хар мод шиг чийрэг шулуун за даа ер нь Тулгаа заан шиг эр морилжээ. Айлын авгай хүүхэн 18-тай хонгор охидын адал явдалд цэг тавьж баймааж нь олж авсан эхнэр нь тэр сайхан эрийг дагаад ганирч өгчээ. Эхнэрээ маллаж чадахгүй муу нусгай банди байсан бол тийм ч сүртэй зүйл биш л дээ. Балбар бол уг нь Балбар шүү дээ. Юун эхнэрээ хүнд алдаад өгөр царайлж, өвдөгөө тэвэрч хэвтэх. Балбараас өөр хүн байсан бол сэтгэл санаагаар үхэж, орж гарсан бүхэнд зовлонгоо тоочиж суух байсан биз. Мань эр тэгж арай ч хойш сууж, доош малтахааргүй гуниггүй эр тул гадна талдаа сүрхий өнгөлөг хэвээр л байлаа.

Нэгэн үе Балбарт эхнэрээ тавьж туучихаад сөнөж явсан эрчүүд хийх ажилтай болж:
-За ханагар минь хүний юм хулгайлах ямар байна даа? Өөрийнхийгөө алдах бүр ч муухай биз, тийм үү, ай?

-Манай Балбар тэрүүхэнд өвдөхгүй ээ. Энүүний зүрхний оронд чинь атга хэртэй хар чулуу байгаа юм чинь.

-Заа… үгүй байлгүй дээ. Чулуу байсан юм бол яалаа гэж авааль эртэй авгай хүүхнүүд энүүний хойноос шагайгаа мултартал гүйв аж.

-Наадхыг чинь төрөхөд нь угаахдаа домч авгай шившлэг хийчихсэн юм аа.

-Айн… тийм үү? Хн, үгүй мөн гай яа.

-Тийм гэм дээ, тийм гэм. Дандаа даам гарч байна гэж ер нь юу байхав дээ. Хорвоо гэдэг өгснөө авч, өгөө аваагаа тэнцүүлж байдаг нь жам юм чинь. Хөөрхий муу Балбар минь, ийм нартай сайхан өдөр бас ирдэг юм байжээ. Одоо чамайг гуйлгачин, аль эсвэл архичин болж өмд хамдандаа шээж, тамтагаа цайхыг үзвэл амьдралд хоргодоод байх юм алга аа.

Балбар гэж хүрлээр цутгачихсан аятай үнэн дүнчгэр. Царай нь хувьсхийж аан, уун гэж барьц алдсангүй. Шаралхаж хоролхож үг сөрсөн ч үгүй.

-За яахав ээ. Цагийн юм цагтаа сайхаан гэжээ. Өдөр хоног тэмээн жингийн цуваа шиг алгуур аажимхан боловч нэг нэгнээ бурантагаар хөтлөн улирсаар хоёр оныг үдлээ.

Нэг өглөө эхнэр нь ороод ирсэнд Балбар баярлан хашгирсан ч үгүй, уурлаж цамнасан ч үгүй. Эрчүүд сахал дороо мушилзаж, нэгэн цагт Балбарыг дагаж эрээгээ алдан нүгэл хурааж явсан хүүхнүүд хэл амаа билүүдэж байлаа.

-Энэ одоо ямар нүүрээрээ эргэж ирдэг байнаа. Ичих нүүрэндээ элэг наасан амьтан. Хөөрхий муу Балбар энэ хоёр жил шар махтайгаа хатсан даа.

-Хатахаар барах уу. Цугтаа нүгэл хурааж явсан юм болохоор харахаас өрөвдөөд байсан юм. Манай хар байсан бол өдийд ч мөчийг нь санжуулна даа.

-Балбар тэгэхгүй ээ. Цаадах чинь өөр хүн… Эр хүн шиг эр хүн.

Бүсгүй хүний зүрхэнд ассан хайрын гал угаасаа ийм нөөлөг халуун, ууч зөөлөн байдаг ажээ. Балбарт жолоогоо алдаж, цулбуураа тавьж үнэнээ алдаж явсан хүүхнүүд ч хэн нь ч тэр хир халдаасангүй.

Амьдралаа гэдэг далай шиг юм даа. Баян ч юм. Зах хязгааргүй ч юм. Барьц алдмаар, зүгээр л гүндээ үйж орхимоор, аймаар юм. Ямар ч жаатай аавын хүү амьдралын хөлөг дээр шатрын хүү нүүх шиг нүүх суух, идэх урагшлах нь хэмжээтэй. Хар цагаан алагласан 64 нүүдэл дунд л тэлчилнэ. Хоншоортойхон байж гэмээ нь бэрс гарвал амьдралыг туулаад гарчээ гэж үнэлж болно. Тэгэвч бэрс гарах хүү хэд билээ. Эрийтэл өрсөн найман хүүнээс ганц нь л бэрс гарвал дээдийн заяа тэр. Түүн лүгээ тэр хонхорт цаг хугацааны үлтэрхийг элээсэн эрчүүдээс Балбар шиг тууштай давшиж, бэрс идэж бэрс гарсан хүү байсангүй ээ. Энэ тухай хойно өгүүлсү.

Сүнжидмаа эргээд ирлээ. Хэрэгт дуртай олон амьтан чих тавьж, эрчүүд Сүнжидмаагийн мууд дурлаж байлаа.
-За Балбар ч хонзонгоо авсан шиг авна даа. Тартагт нь тултал талхиад гудамжинд хөөж гаргах болов уу, өмссөн хувцастай нь төрхөмд нь хүргэж өгөх болов уу?

-Хайран ч хүн хөөрхий. Эрийн боол, гэрийн зарц болж өөдийн нар үзэхгүй хорвоог туулах уу? Сайн юм яавч дуулдахгүй. Хатуу чанга Балбарын гараас мөч бүрэн сална гэдэг санахын хэрэггүй ээ.

-Би байсан бол ч уурын мунхгаар хүн алчихаад шоронгийн хадаас болох байх даа гэж хэн нэгэн хэллээ. Уг нь дээхнэ үед мань эр Балабрт авгайгаа урвуулж алдчихаад “золигийн жингэрийг яая даа байз” гэхдээ салах тухай биш алах тухай бодож байсан нүгэлтэй ч хий дэмий хэмхэртэл нүдэхээс хэтрээгүй юм даа.

Шар нар бор хоногийг чилээж Сүнжидмаагийн мууг үзэх гэж хүлээсэн авч Балбарын гэрээс уйлаан майлаан, зодоон цохион, хагарч бутарсан аяга шаазангийн хангинаж янгинасан дуу чимээ гарсангүй ээ. Урам нь хугарч ууц нуруугаар нь шархирдаг болсон эрчүүд:

-Энэ муу Балбарыг чинь овоо шөрмөстэй эр, бүр эрийн хуйх гэж бодсон чинь зуурсан гурил шиг нялцгай эр шив дээ… гэцгээсэн авай.

Яахав дээ, амьдрал үргэлжилж, өтлөх нь өтөлж, үхэх нь үхэж хорогдсоор хорин жил лавтай улиран оджээ. Балбар хэдий тоотойхон зандарч, харцаа ширүүлдэг байсан ч эмэгтэй хүний гоо үзэсгэлэн цэцгийн настай байдаг болоод тэр биз Сүнжидмаа Балбартай яг зэрэгцэн өтөлж, тэдний явдлыг мэдэхгүй хүн “за байз, Сүнжидмаа нь ганц нэгэн эгч бил үү гэж хэлэхээр болсон билээ.

“Ямар шийтгэл, ямар зовлон гай хар толгой дээр минь хуралдаж, хэзээ бууж ирэх бол оо” гэж далидарч, гүн шөнийн нойрондоо хүртэл Балбарт багалзуурдуулж байна гэж хар даран зүүдэлдэггүй сэн бол ингэж лойж, ийм амархан өтөлмөөргүй хүүхэн байсан даа.

Дөнгөж дөч гарсан Сүнжидмаа уг нь толиотой бол толиотой, үр хүүхэд олоход ч оройтохгүй нас шүү дээ.

-Балбар маань ухаантай. Уужуу сэтгэлтэй. Ууч зөөлөн эр хүн… гэж ханцуйдаа залбирч байвч сэтгэлийн гүнд нь нэг л зовиур хорин жил хургалаа. Инээд хөөр ааль зан нь дөрвөлжин бурам шиг Сүнжидмаагийн хамаг эрчим хүчийг Балбар сорчихсон юм уу, эсвэл түүнийг дотроос нь мэрэх айдсын хивэн эрвээхэй хөндийлөөд идчихсэн үү гэдгийг нэг хором ч мэлмий цавчилгүй харж байсан бурхан болгох буй за.

Сүнжидмаа хүүхэд тээж үзээгүй зөөлөн цагаан хэвлээ илж, хөнжилдөө гашуудан “эр нөхрөө хуурч нүгэл хураасныг минь бурхан уучилсангүй ээ” гэж гашуун нулимсаа унагана.

Балбар энэ цагийг хорин жил хүлээсэн билээ.

Сүнжидмаагийн чихэнд дэл сул элдвийн юм сонсогдох авч “Балбар минь, эр нөхөр минь арай ч тийм юм хийхгүй ээ. Хийх байсан бол аль эртний тэгэх л байсан. Энэ олон жил дэрээ хуваалцлаа. Намайг уучилсан шүү дээ гэж бодно.

Цуутай явдлын гэрч одоо бол өтөлж доройтон ач зээгээ эрхлүүлж голоо дэвтээхээс өөр шидгүй болсон өвгөчүүл шууд унтууцлаа.

-Үгүй, хөгшин азарга жороо сурав гэгчээр энэ Балбар залуу хүүхэд сээрэлхэж гэнэ. Шимэлдэг болсон хэм ясаа хэмхчүүлэх нь дээ.

-Сүнжидмаагийн шимийг сорж гүйцсэн. Эм амьтан нэг алдаа л биз. Цагтаа манай хөгшин ч хөнгөн сайварлаад л авсан даг. Тэглээ гээд яах юм. Энэ муу минь байхгүй бол амаараа шороо үмхэхгүй юу би.

-Хэлээд яахав ээ. Одоо жаргадаг цаг. Аяга тагш юм олдвол цаашаа гэхгүй ээ. Ач зээдээ ноолуулсан шиг налайж суухас илүү юм хаа байна. Балбар ер нь зөнөж байна.

-Зөнөхөөр барах уу. Ямар эрүүл ухаантай хүн хорьтой залуу охин дагуулж түмний нүдэн дээр галзуурч явахав дээ.

-Тархи нь эргэсэн тэр нэг муу охин ч гэж дээ, охин. Хамуурсан толгойтой шаар. Эцгээс нь хүртэл үе мултарсан хөгшин хар юм дагаад гэдгэнэж, годгонож явдаг. Хойтын өдөр эрлэгийн элчийн өмнө юугаа хэлэх хүн бэ, энэ Балбар.

Өвгөдийн унтууцал хаврын түймэр шиг галзууран байхад тэгэхээс тэгэх гэсэн шиг Балбар дотор бодолдоо өөртэйгөө харгалдаж хэвтлээ.

-Шатрын хөлөг 64 нүүдэлтэй. Цаана нь хүрч бэрс гарна гэдэг ч амаргүй золиг юм даа. За яахав ээ, үхээд арилаад өгнө. Үр хүүхэд гэж байх биш, нэгэнт өнгөрсөн явдал. Сүнжидмаа бид хоёрын нүглийг бурхан таалаагүй ээ. Үр хүүхэд минь миний замаар л сажилна биз. Тэгж ахин дахин нүгэл үржүүлээд яахав гэж Бурхан шийдсэн бол тэгээд гүйцээ. Сүнжидмаа… намайг энүүхэн хавьдаа шар алаг генерал шиг торгон амьтан гайхуулж явахад түмний нүдэн дээр даанч муухай хорсгосон доо. Мартъя, орхиё, яршиг төвөг. Эм амьтан сэтгэл алдраа л биз гэж бодсоор хорин жил өнгөрсөн ч энэнийг доройтох тусам миний хорсол сэрээд байх юм. Яадаг юм зус, нүд аних цагт сэтгэл амрах биз гэж эцсийн хариу гаргажээ.

Сар саруулхан шөнө байлаа. Хорвоод ийм шөнө олон байдаг бол сайхаан. Балбар хүзүү толгой хэрээтэй байж амьтан хүний хэл амны зугаа болсон өнөөхөө хөтлөн харьлаа. Шүдэнз зуралгүй тэмтэчсээр баруун талын орны бүтээлгийг хуулж залуу сэвгэрээ өвөртлөн нойрслоо.

Уйтгарт олон шөнийг нойргүй тэлчилж барах болсон Сүнжидмаа Балбар ганцаараа биш хоёулаа, тэгэхдээ бүр бүсгүй хүн дагуулж ирээд шууд орондоо орлоо гэдгийг мэдээд өндийж чадсангүй. Яс нь хугарсан шиг шаналж “арай ч дээ Балбар минь. Тэр чинь аль эртний явдал шүү дээ. Миний өтөлж доройтохыг харах гэж чи сар шувуу шиг сахиж суусан юм уу. Царай зүстэй, залуу халуун байхад минь хөөгөөд явуулчихгүй яав даа. Амьд хүн юм чинь аргаа олоод амьдрах л шүү дээ” гэж зогсолтгүй мэгшинэ.

Цөхрөх шургачин унах гэдэг үүнээс өөр юу байх билээ. Цурхиран хашгирмаар байлаа. Даанч оройтжээ.

Ай Сүнжидмаа… Шатрын нүүдэл гэдэг уран нарийн, хүч их тэвчээр, хад чулуу шиг хүйтэн ухаанаар зогсолтгүй давшиж байж хүчээр сая бэрс гардаг байна. Мадлана гэдэг хуурах төдий биш гарцаагүй байдалд унагахын нэр юм байна гэдгийг Сүнжидмаа хүйтэн дэрэн дээр хацраа хайруулж үүр цайлгахдаа сая ойлгожээ.


URL:

Сэтгэгдэл бичих