90-ээд оны залуус энэ нийгэмд ноёлох уу
Сүүлийн үед 1980-90 оны хооронд төрсөн залуус ихэд томрох болсон сурагтай. Учир нь энэ цаг үеийг, нийгмийг тэд л эзэгнэх юм байх. Эзэгнэх ч юу байх вэ дээ. Авч явах гэвэл арай үнэн болох байх. Тэдний яриад байгаа нь ч үнэний ортой л доо.
Манай улсад төрөлтийн оргил үе гэж байлаа. Оргил үе нь 1950-90 он хүртэл үргэлжилсэн. Энэ л үед манай улсын хүн ам хоёр сая болсон гэхэд болно. Харин одоо бол 1980-90 оны залуус нийгмийн хамгийн идэвхтэй насны залуус болсон байна. Түүнээс өмнөх нь хөгширч байна. Манай улсын хүн амын бараг 70 орчим хувийг хөдөлмөрийн насны залуус эзэлж байгаа тооцоо саяхан гарлаа. Тэгвэл түүнийх нь 80 хувийг 1980-90 оныхон эзэлж байгаа.
Ингээд бодохоор энэ үеийнхэн цаашид 20-40 жил нийгмийг авч явах нь бололтой. Улс төрөөс эхлээд яруу найрагч, нийтийн дуу гээд бүх л салбарт энэ үеийнхэн тэргүүлэх эгнээнд очих хоногоо тоолж сууна. Зарим нэг нь аль хэдийнэ очсон байгаа.
Хамгийн тод томруун илэрсэн нь нийтийн дуу байгаагүй юу. С.Жавхлан тэргүүтэй 1980-аад оны залуус нэг хэсэг л ард түмнийг хуйлруулаа биз дээ. Яруу найрагчид байна. 90-ээд оныхон гэгдэж байгаа Ц.Хулан, А.Эрдэнэ-Очир нарыг 1980 оны дундуур төрсөн залуус түрж, нэн шинэ үеийнхэн гэгдэж байна. Гэтэл одоо эдний араас түрж гарах залуу үе гэж алга байна. Огт алга болчихсон юм биш л дээ. Зүгээр л тоо нь дэндүү бага.
Нэг үе болж өмнөх үеэ түрэхээр олон залуу гарч ирэхгүй нь ойлгомжтой болоод байгаа юм. 1980-90 онд төрөлт оргил үеийнхээ төгсгөлд явсан. Тэр үед нэг гэр бүл хамгийн багадаа таван хүүхэдтэй байлаа. Цөөн тооны айл л 3-4 хүүхэдтэй байсан. Тэр нь ч өнгөрсөн 2008 онд илт мэдрэгдэж, “Алтан гахай” жилтэй давхцаад төрөлт илт нэмэгдээ биз дээ. Байгаа хэдэн төрөх газрыг минь бажгадуулсан.
Гэтэл 1990 оноос эхлээд зах зээлийн нийгэмд шилжиж, бүх л зүйл нэг хэсэг ховордсон. Төрөлт хүртэл ховордолтын давалгаанд өртөж байгаа юм. Хуучны сайхан цаг ард хоцорч, нэг гэр бүлд 1-2 хүүхэд л мэндэлж байлаа. Хоёр хүүхэдтэй айл бол баянд тооцогдож байгаа юм аа. Тэгэхээр ийм үзэгдэл гарах нь ойлгомжтой шүү дээ. Одоо яая гэх вэ.
Энэ үеийнхэн нийгмээ эзэлж, эзэгнэж л байхаас. Хамгийн гол нь зөв л эзэгнэж байвал боллоо. Тэгж байтал “Алтан гахай”-н дайрлагад өртсөн нэгэн үеийнхэн 20 гаруй жилийн дараа нийгмээ эзэгнэнэ шүү дээ. Энэ чинь зүгээр л жам.
Н.Пунцагболд
URL: