Алтны татварын талаар хэн юу хэлэв?
Тусгай зөвшөөрөлтэйгөөр алт олборлож буй аж ахуйн нэгжүүд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 2.5 хувийн татвар төлөх тухай Ашигт малтмалын тухай хуулийн заалтын хэрэгжилт энэ сарын 1-нээс зогслоо.Засгийн газраас Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг оны өмнө УИХ-д өргөн барьж алтны 2.5 хувийн татварыг хэвээр үлдээх саналаа танилцуулсан ч чуулган хуралдахгүй байгаатай холбоотойгоор өргөн барьсан төслийг нь хэлэлцээгүй юм. Үүнтэй холбоотойгоор нэгдүгээр сарын 1-нээс алтны татвар нэмэгдлээ, эрх зүйн зохицуулалтгүй боллоо гэсэн олон янзын байр суурь гараад байгаа юм. Оны өмнө болон оны дараа алтны татварын талаар холбогдох албан тушаалтнууд ямар байр суурь илэрхийлснийг хүргэе.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар: -Оноос өмнө хуульд өөрчлөлт оруулж амжихгүй бол алтны татвар шууд автоматаар таван хувь болно. Дээрээс нь өсөн нэмэгдэх роялти татвар гэж бий. Одоогийн байдлаар алтны ханш 1234 ам.доллар байна. 1200 ам.доллараас дээш байгаа тохиолдолд өсөн нэмэгдэх роялти татвар дөрвөн хувиар нэмэгдэж нийтдээ есөн хувьд хүрнэ гэсэн болгоомжлол байна. БНХАУ-ын алтны татвар таван хувь байгаа. Тиймээс бид алтны татвараа үүнээс доош хэмжээнд байлгаж байж Монголбанкинд тушаах алтны хэмжээг нэмэгдүүлнэ. Хил гаалийн хяналтаа сайжруулаагүй байж алтны татвараа нэмбэл бид өмнөх үеийн эрсдэлээ дахин үүрч, олборлосон алтаа хууль бусаар алдаад дуусна. Татвараас зугтах зорилгоор хагас боловсруулсан бүтээгдэхүүн болгоод гаргахад л урсаад өнгөрнө. Тиймээс Монгол Улсаас олборлосон алтаа Монголбанкинд тушаах ёстой гэсэн бодлого баримталж байгаа.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: -Д.Сумъябазар сайд мэдээлэл хийхдээ он гарахаас өмнө хуулийн хугацааг сунгаж амжихгүй бол алтны татвар таван хувь болж нэмэгдэнэ гэсэн. Энэ бол буруу ташаа мэдээлэл. Өөрөөр хэлбэл, ажлаа сайн мэдэхгүй байна. Он гарахаас өмнө энэ асуудлыг шийдэхгүй бол алтны татвар ямар ч зохицуулалтгүй үлдэхээр болж байгаа. Алт бол тэг хувийн татвартай болно гэсэн үг. Тиймээс Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаас энэ мэдээллээ зөв болгож, ажлаа сайн хийхийг шаардаж байна.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: -Алтны татвар таван хувиараа л явна. 2.5 хувь болгож бууруулсан заалтынх нь хэрэгжих хугацаа л дууссан болохоос биш таван хувь нь хүчингүй болоогүй. Алтнаас татвар авах хууль эрх зүйн орчингүй болчихлоо гэдэг бол хийрхсэн мэдэгдэл.
“Голомт” банкны Нөөцийн удирдлагын газрын Ахлах дилер Г.Мөнх-Эрдэнэ: -Өнөөдрийн байдлаар нэг унци алт 1280 ам.доллартай тэнцэж байна. Тэгэхээр алт олборлогчид яг одоогоор есөн хувийн татвар төлөх болж байна. Учир нь, алтан дээр суурь болон өсөн нэмэгдэх роялти гэсэн хоёр татвар төлдөг. 2014-2018 он дуусах хүртэл роялти 0, суурь татвар 2.5 хувь буюу нийт 2.5 хувийн татвар л авч байсан. Өсөн нэмэгдэх татварыг алтны ханшаас хамаараад тав хүртэл хувиар тооцдог. Тодруулбал, нэг унци алт 1200-1300 ам.доллар байвал дөрвөн хувь, тэрнээс дээш бол таван хувь байдаг. Тэгэхээр алт олборлогчид дээд тал нь 10 хувийн татвар төлөх нөхцөл үүсээд байгаа гэсэн үг. Тэгэхээр татварын орлогоо 50 тэрбум төгрөгөөр өсгөх үү, 10 тонн алтаа алдах уу гэдэг хувилбар дээр зогсож байна гэсэн үг. 10 тонн алт гэдэг одоогийн ханшаар 300 орчим сая ам.доллар буюу нэг их наяд төгрөг гэсэн үг. Тэгвэл 50 тэрбум төгрөгийн татварын орлогын төлөө 300 сая ам.долларын валютын нөөцийг алдах уу. Тэрнийхээ гороор долларын ханшаа цаашаа алдах уу. Эсвэл татвар нэмэх асуудлаа хойш нь тавьж, алтаа ахиухан аваад, алт зарсан валютаараа Монголбанк интервенц хийж, ханшаа тогтвортой байлгах уу. Ийм л сонголтон дээр ирчихээд байна.
УУХҮЯ-ны Геологийн бодлогын газрын дарга Б.Мөнхтөр: -Алтны роялти 2.5 хувь байх зохицуулалт 2019 оны нэгдүгээр сарын 1 хүртэл хүчинтэй байхаар хуульчлагдсан. Тэгэхээр энэ зохицуулалт байхгүй болж байгаа юм. Бидний харж байгаа өнцгөөр бол энэ хуулийн зохицуулалт байхгүй болсноор татварын суурь ачаалал таван хувь болно. Дээр нь өсөн нэмэгдэх роялти нь үнийн дүнгээс хамаараад 4-5 хувь орчим болно гэхээр бараг 9-10 хувийн татварын ачаалал нэмэгдэх нөхцөл бүрдчихээд байна. Нөгөөтэйгүүр Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 3.2-т зааснаар бол Монголбанк түүнээс эрх олгосон банканд худалдсан алтнаас бусад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн доод хэмжээ нь тухайн уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсвэл худалдахаар ачуулсан болон ашигласан бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ нь 5 хувьтай байна гэсэн хуулийн зохицуулалттай байгаа. Энэ эь цаанаа эрх зүйн маргаан дагуулах нөхцөл бүрдчихээд байна. Алтны зохицуулалт нь яаж явах вэ гэдэг нь эрх зүйн талаасаа төвөгтэй болоод байгаа юм.
URL: