Эрхэм гишүүдийн туслахууд согтуугаар автомашин жолоодож танхайрав

Төв аймгийн МАН-ын дэргэдэх нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Мөнгөн сарнай” шинэ жилийн арга хэмжээ саяхан болж өнгөрсөн. Энэ арга хэмжээний хүндтэй төлөөлөгчдийн нэгээхэн хэсэг нь Төв аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа гишүүдийн туслах буюу бие төлөөлөгчид байлаа.

Цэнгүүний арга хэмжээ эхлэхээс өмнө УИХ-ын гишүүний бие төлөөлөгчид гэсэн сүржин нэртэй, төрийн ордонд суудаг гэсэн цэмцгэрхэн залуучууд ирж найрын ширээний хойморт их хурлын гишүүдээ төлөөлөн сууцгааж байсан юм.

Гэтэл цэнгүүн өндөрлөх үед УИХ-ын гишүүний бие төлөөлөгч гэх залуус болон найз нар их л халамцаж, бас тэрүүхэндээ хөдөөний залууст “томорч” биеэ авч явах чадвар нь муудаж агсамнаж эхэлсэн.

“Мөнгөн сарнай”-г чимэх биш гутаасан тэд дараа нь аймгийн тев талбайгаар машинтай давхиж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон шаардлага тавьсан цагдаа нарт агсамнасан байна. Биеэ авч явах чадвараа алдсан туслахууд цагдаагийн газарт хүргэгдэн ирээд цагдаагийн ажилтнуудыг элдвээр хэлэн дайран давшилж “Та нар муусайнуудыг ажлаас чинь халуулна, та нартай ярихгүй, дарга нараа дууд” гэж томорчээ.

Цагдаагийн байгууллагын ажилчид хатуухан сануулаад явуулжээ. Төрийн ордонд суудаг, гишүүнээсээ илүү томорсон туслахууд төрд ард түмнээ төлөөлен гарсан УИХ-ын гишүүдийнхээ нэр хүндийг ч энэ увайгүй үйлдлээрээ унагаж орхисноо мэдсэнгүй бололтой.

Туслахуудынхаа гаргасан зан авирыг УИХ-ын эрхэм гишүүд мэдээгүй өнгөрсөн үү, аль эсвэл нэг удаа өршөөгөөд өнгөрөөв үү. Ямартай ч төрөө дээдэлдэг монголчуудад маань гишүүдийн туслахуудын гаргасан авир таалагдахгүй нь лавтай.

Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих