ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж ресторан ажиллуулж байна

-ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД ТҮРЭЭСЛҮҮЛЭХ ӨРӨӨ ДУУСЧЭЭ-

МАН-ын төв байр буюу Тусгаар тогтнолын ордон төсөв болоод хандивын 14,6 тэрбум төгрөгөөр боссон. Барилгыг барих явцад хүний амь эрсдэж, хоёр ч удаа галд өртөөд байгаа билээ. Эхнийх нь гагнуурын очноос гарсан бол өнгөрөгч долоо хоногт цахилгааны утаснаас бага зэргийн гал гарсан байна. Тийм учраас МАН-ын байранд Онцгой байдлын ерөнхий газраас галын мэргэжилтэн ажиллаж байгаа аж.

Чанар муутай цахилгааны утаснаас үүдээд дахин гал гарч болзошгүй гэсэн болгоомжлол МАН-ын удирдлагад байгаа гэнэ. Зарим нэг давхарт засал чимэглэлүүд хийгдэж, цахилгаан шат нь ажиллахгүй байгаа юм. Үүнээс харахад тус барилга бүрэн гүйцэд ашиглалтад ороогүй бололтой. МАН бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж ашиг орлого олдоггүй. Ерөнхийдөө гишүүдийнхээ татвар, хандиваар тэжээгдэж байдаг гэхэд болно.

Ажилчдын цалин, байрны халаалт, үйлчилгээ гээд талийж өгнө. Ядаж байхад энэ нам зардал өндөртэй. Давхар болгонд шахуу үйлчлэгчтэй юм билээ. Харин энэ зардлаа багасгах үүднээс Тусгаар тогтнолын ордны зүүн жигүүр тэр чигээрээ түрээслэгчдээр дүүрчээ. Банкны салбарууд, Нисэх онгоцны үйлчилгээ явуулдаг компаниудын билетийн касс, худалдаа үйлчилгээ гээд байхгүй юм алга.

Тус байрны арын хаалгаар ороход “Оргил” хэмээх худалдааны төв байдаг юм билээ. Харин нэг давхарт түргэн хоолны томоохон ресторан ашиглалтад орохоор ширээ сандал, гал зуух зэргээ цэгцэлж байгаа үзэгдэнэ. Энэхүү рестораныг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж ажиллуулж байгаа гэнэ. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж өөрөө гардан ажиллуулахгүй ч өөрсдийн хүмүүсээр ресторан ажиллуулж байгаа юм.

Хувийн бизнесгүй, хөлсний байр дамжин амьдардаг гэх сайд Ц.Нямдорж одооноос эхэлж амьжиргаагаа залгуулах бизнес хийхээр шийдсэн бололтой. Тусгаар тогтнолын ордонд МАН-ын дарга нарын оффис, цайны газар, кофе шоп, дэлгүүрүүд үүд хаалгаа нээсэн сураг байгаа юм. Намын ажилчид тав тухтай орчинд ажиллаж байгаа хэдий ч цалин хөлс бага талаар сэм гомдоллох аж. Тусгаар тогтнолын ордонд метр квадратыг нь 22-32 мянган төгрөгийн хооронд өрөө түрээсэлж байсан. Өдгөө бүгд эзэнтэй болсон байна. Ийнхүү МАН хотын төвд томоохон түрээслэгч болсон хэдий ч зарим нэг байгууллагын төлбөр тооцоог хийхгүй байгаа сураг байна лээ.

Т.ЭРДЭНЭ

Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно.

“ӨДРИЙН СОНИН”


URL:

Сэтгэгдэл бичих