Алтан сарнай 2018 оны тэргүүн наадам өнгө төрхөө өөрчилж шинэчлэгджээ

15464915065c2d967232365НАМЗХ-ноос жил бүр уламжлан болгон зохион байгуулдаг “Алтан сарнай” оны онцлох эрхмүүдийг тодруулах ёслолын ажиллагаа 18 дахь жилдээ амжилттай болж өнгөрлөө. Уламжлал ёсоор улс төр, бизнес, урлаг соёлын манлайлагчид улаан хүндэтгэлийн хивсээр алхсаар Шангри-Ла зочид буудлын их танхимд 2018 оны 12-р сарын 31-ний үдэш цуглав.

 Энэ удаагийн Алтан сарнай наадмын уриа “Бид хүндэлнэ”. Учир нь 2019 онд Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан түүхэн томоохон ойн баярууд болох бөгөөд Залуучууд халхын голын дайны ялалтын 80 жил, атар газар эзэмшсэний 60 жил, Улаанбаатар хот байгуулагдсаны 380 жилийн ойг хүндэтгэж наадмыг найруулгыг бүхэлд нь хандуулжээ.

Монгол нэр алдартнуудаас гадна дэлхийн хэмжээний хүндтэй зочин ирсэн нь Бүгд Найрамдах Казакстан Улсын парламентийн гишүүн, Лондон-2012 зуны олимпийн аварга, нэр боскчин Серик Сапиев байлаа. Тэрбээр НАМЗХ-ны Ерөнхийлөгчийн Г.Тэмүүлэнгийн урилгаар хүрэлцэн ирж Монгол Улсад шинэ оноо угтсан юм.

Энэ удаагийн Алтансарнай наадам оны онцлох хүнийг бус хамт олон, үйл хэргийг тодруулснаараа шинэлэг болов. Түүнчлэн анх удаа “онцлох улс төрч”-ийг тодруулаагүй нь улс төрд үүссэн нөхцөл байдалд сануулга өгч, хариуцлага, эв нэгдлийг эрэлхийлсэн явдал болов. Оны онцлох спортын салбарын “Алтан сарнай” цомыг Өмнөд африк, Финланд, АНЭУ-д болж өнгөрсөн олон улсын нэр хүндтэй тэмцээнүүдээс 6 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль авчирч бусдыгаа манлайлсан “Монголын пауэлифтингийн нэгдсэн холбоо”-г тодрууллаа. Тус холбооны тамирчин ОУХМ, МУГТ Э.Содномпэлжээ өөрийн жингийн дэлхийн рекорд 297.5 байсныг 242.5 кг болгон шинэчлэн тогтоосон байна.

Соёлын урлагын салбарын оны онцлох Алтан сарнай цомыг орчин үеийн Монголын хөгжмийн хамгийн том фестиваль “Play time” наадамд гардуулсныг тус наадмыг үүсгэн байгуулагч Ц.Нацагдорж, Нисванис хамтлагийн дуучин Л.Энх-Амгалан нарт хүндэтгэлтэйгээр гардуулав. Тус наамдын үүсгэн байгуулагч Ц.Нацагдорж: “Монголын шинэ үеийн рок хөгжмийн наадмыг 18 дахь жилдээ зохион байгуулж байна. Орчин үеийн дуу хөгжмийг Монголд хөгжүүлэх үйлсийг маань үнэлж энэхүү хүндтэй шагналыг гардуулж байгаад баярлалаа” гэж хэлсэн үгэндээ онцлов.

Нийгэм, хүмүүнлэгийн салбарын оны онцлох Алтан сарнай цомын эзнээр “Хавдрын үндэсний зөвлөл” төрийн бус байгууллагыг тодруулж шагнав. Тус төв нь 2014 оноос эхлэн хавдраар өвчилсөн хүмүүст туслах, ар гэрт нь дэмжлэг үзүүлэх, гадаад дотоодын шилдэг эмч мэргэжилтнүүдийг авчрах үйл ажиллагаа зохион байгуулж ирсэн ба өнгөрөгч онд хөдөө орон нутгаас ирсэн өвчтнүүд, тэдгээрийн ар гэрийг байрлуулах 30 хүний багтаамжтай “дарь эхийн өргөө”-г тохижуулж дуусгасан байна. Мөн Канадын 20 гаруй эмч мэргэжилтнүүдийг эх орондоо авчирч, 5 удаагийн нарийн мэс заслын ажиллагаа зохион байгуулсан юм.

Эдийн засаг бизнесийн салбарын оны онцлох шагналыг Ц.Анандбазар захиралтай “Сод Монгол Групп” ХХК-ны эхлүүлсэн “Urgoo Cinema” төсөлд гардуулав. Кино урлагийн хөгжил, соён гэгээрүүлэх үйлсэд хувь нэмэр оруулж буй уг төсөл Дархан, Эрдэнэт хотуудад салбараа нээж технологи, үйлчилгээний шийдлээрээ Азидаа тэргүүлэх байр суурийг эзэлдэг болжээ.

Оны Дэлхийн Монгол Хүн номинацийн эзнээр ОУХМ, МУГТ Б.Гангаамаа тодров. Тэрбээр 2011 онд эвэрестийн оргилд гарсан бол өнгөрөгч онд дэлхийн уулчдын хүч чансааг тодорхойлдог, хамгийн хүнд бартаатай К2 оргилд гарсан 149 дэхь хүн, 20 дахь эмэгтэй хүн, анхны Монгол хүн байснаараа алдараа дуурсгав.

Нийгмийн Ардчиллын цом буюу МАН-ын даргын нэрэмжит шагналаар өргөсөн тангарагтаа үнэнч байж 16 хүүхэд, 18 насанд хүрсэн хүний эрдэнэт амийг гал түймрийн аюулаас аварсан СХД-ийн онцгой байдлын хэлтсийн аврагч, ахлах ахлагч Ж.Пүрэвдэмбэрэл, хүндээр өвчилсөн 988 хүүхдийг эндэгдэлгүй эмчилсэн Сүхбаатар дүүргийн хүүхдийн эрчимт эмчилгээний эмч Б.Соёл-Ундрах, улсад 32 жил ажилласан өөрийн санаачлагаар олон төсөл хөтөлбөр бичиж, ивээн тэтгүүлж хүүхэд багачуудын хөгжилд хувь нэмэр оруулж буй, загварын төслийн эзэн Налайх дүүргийн Голомт цогцолборын бага боловсролын сургалтын менежер Д.Батчулуун нарт гардуулав.

Түүнчлэн Алтан сарнай наадмын уламжлалын дагуу сайн үйлсийн хандвийн аяныг явуулж “Хавдар судлалын үндэсний төв”-д шаардлагатай эмчилгээ, үйлчилгээний багаж тоног төхөөрөмж авах ажлыг эхлүүлсэн юм. “Алтансарнай-2018” наадам ёслолын хээнцэр уур амьсгалаас татгалзаж халуун дулаан, энгийн уур амьсгалтай болсонд цугласан олон ам сайтай байлаа. Энэ үдшийг улс төр, бизнес, урлаг спортынхон маань өөдрөг дуу хуур, бүжгийн тойрогтой үдлээ.
Алтан сарнай наадмын зарим гэрэл зургуудаас сонирхуулж байна.

URL:

Сэтгэгдэл бичих