Эсэргүүцлийн ажиллагааг үргэлжлүүлэхийг дэмжиж буй францчуудын тоо нэмэгджээ
ПАРИС. /France-Presse/. “Шар хантаазтнууд” хөдөлгөөнийг дэмжигчдийн тоо буурсан хэдий ч эсэргүүцлийн ажиллагааг үргэлжлүүлэхийг дэмжигч францчуудын тоо нэмэгдсэнийг телевизийн “LCI” сувгийн захиалгаар “Opinion Way” компаниас явуулсан санал асуулгын дүн харуулжээ.
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ард түмэндээ хандаж шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэхдээ, эхлүүлсэн шинэчлэл агшин зуур үр дүнгээ өгөхгүй гэдгийг мэдэгдсэн байна.
Эммануэль Макроныг 12 дугаар сарын 11-нд шинэчлэл хийхээ мэдэгдсэний дараа явуулсан санал асуулгын дүнгээс үзвэл, түүнд оролцогчдын 54 хувь нь “шар хантаазтнууд” эсэргүүцлийн ажиллагаагаа зогсоох хэрэгтэй гэж мэдэгдсэн бол 45 хувь нь үргэлжлүүлэхийг дэмжжээ.
Тэгвэл одоо францчуудын 50 хувь нь “шар хантаазтнууд”-ын жагсаал цуглааныг зогсоохыг хүсч байгаа бол 49 хувь нь үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Санал асуулгад оролцогсдын 61 хувь нь “шар хантаазтнууд” хөдөлгөөнийг дэмжиж буйгаа илэрхийлжээ. 12 дугаар сарын 11-ний санал асуулгад оролцогчдын 66 хувь нь “шар хантаазтнууд”-ыг дэмжиж байсан байна. Үүнээс гадна, Макроны шинэ жилийн мэндчилгээ тэднийг ятгаж чадаагүй гэж санал асуулгад оролцогчдын 60 хувь нь мэдэгджээ.
Санал асуулгыг 12 дугаар сарын 31-нээс нэгдүгээр сарын 1-ны хооронд насанд хүрсэн 1005 хүний дунд явуулсан байна.
URL: