М.Төгөлдөр: Энэ спортын ачаар би хийх зүйлтэй, өмнөө зорилготой, бусдад харуулах юмтай болсон
Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний нэгдүгээр шатны аварга, “Мазала” Үндэсний дээд лигийн аварга, 2018 онд 10 гоол, 16 гоолын дамжуулалт, “Хүрхрээ” үндэсний дээд лигийн 2017 оны улиралд 17 тоглолтод 10 гоол, 9 гоолын дамжуулалт, 2016 онд 18 гоол 8 гоолын дамжуулалт өгсөн, Үндэсний шигшээ багийн бүх цаг үеийн мэргэн бууч, 2016, 2017, 2018 оны Үндэсний лигийн шилдэг хагас хамгаалагч, “Эрчим” клубийн тамирчин М.Төгөлдөр бидний урилгыг хүлээн авч ярилцлаа.
-Бидний урилгыг хүлээн авч уулзсанд баярлалаа. Анх хэдэн наснаасаа хөлбөмбөг тоглож эхэлсэн бэ?
-Анх 10 наснаасаа хөлбөмбөгөөр хичээллэж эхэлсэн. Түүнээс хойш 13 жил тасралтгүй тоглож байна. Намайг аав, ээж хоёр маань их дэмждэг. Миний оролцсон тоглолт болгоныг алгасалгүй ирж үздэг байсан. Тавдугаар ангид байхдаа Баянзүрх дүүргийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, зургадугаар ангидаа урилгаар 14-р сургууль руу шилжсэн ба тэндээс хөлбөмбөгийн гараагаа албан ёсоор эхэлсэн гэж болно. Түүнээс хойш ангиасаа Дуулиан, улсын аварга, дүүргийн аварга шалгаруулах бүх л тэмцээнд оролцож байсан. Харин “Эрчим” багт 2010 онд 15 настай байхдаа нэгдэж байлаа. Тухайн үед багийнхаа хамгийн жоохон нь байсан.
-Энэ спорттой холбогдоход нөлөөлсөн хүн бий юу?
-Энэ спорттой холбогдоход миний амьдралд “Эрчим” клубийн Батнасан дасгалжуулагч том нөлөө үзүүлсэн. Намайг зургадугаар ангид байхад Батнасан багш олж харсан юм. Жоохон байхаас авахуулаад аав шиг минь хандаж ирсэн. Анх тоглож байхад хөлнөөс минь барьж байгаад бөмбөг өшиглүүлэн сургаж байсан хүн. 13 жил нэг л мэдэхэд өнгөрч дээ.
-Хөлбөмбөг таны амьдралыг хэрхэн өөрчилсөн бэ?
-Хөлбөмбөг намайг огт өөр хүн болгосон. Миний амьдралыг сууриар нь эргүүлсэн гэж хэлж болно. Энэ спортын ачаар би тодорхой хийх зүйлтэй, өмнөө тавьсан зорилготой, бусдад үзүүлж харуулах юмтай болсон. Мөн олонд танигдаж, намайг хайрлаж, дэмждэг хүмүүстэй болсон. Хөлбөмбөгтэй холбогдсоны ачаар хилийн чанадад хөл тавьж, гадаадад тоглох боломж бүрдсэн. Би Тайландад 3-р дивижнийн “Yingcharoen” багт 3 сар тоглосон. Хувь хүний хувьд ой тогтоолт сайжирч, хурдан бодож сэтгэдэг болсон. Талбай дээр секунд ч хүрэхгүй хугацаанд дараачийн үйлдлээ сэтгэн бодох шаардлагатай болдог. Энэ бол хөлбөмбөг тоглохын давуу тал.
-Танай баг саяхан Үндэсний Олимпын хорооны тэргүүн дээд шагнал “Бөртэ чоно- 2018” наадмын шилдэг клубээр шалгарсан. Энэ амжилтыг юутай холбох вэ?
“Эрчим” бол 1994 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа олон жилийн туршлагатай, чадварлаг багш, дасгалжуулагчтай клуб. Мөн тамирчдынхаа бэлтгэл сургуулилт, ур чадвар, сэтгэлзүй, хооллолт, шим тэжээл гээд бүхий л зүйл дээр анхаарал тавьж ажилладаг. Тамирчдын хувьд олон жил хамт тоглосон учир бие биеэ сайн мэддэг, нэг гэр бүл шиг болсон хүмүүс бий.
-Тамирчин хүний амжилтад нөлөөлдөг хүчин зүйл юу вэ?
-Тамирчин хүний амжилтад гэр бүл маш том байр суурь эзэлдэг. Ар гэр нь ойлгож, дэмждэг байхад тамирчин хүний сэтгэлзүйд эергээр нөлөөлж, амжилтад хөтлөнө. Аав, ээж хоёр маань намайг анхаасаа дэмжиж ирсэн гэж хэлсэн шүү дээ. Энэ нь надад эрч хүч, урам зориг болдог байсан. Тэрнээс гадна шим тэжээл сайтай хоол унд хэрэглэх, зөв зохистой хооллох, байнгын бэлтгэл сургуулилт хийх хэрэгтэй. Үүний хажуугаар сайн амрах хэрэгтэй.
-Долоо хоногийн 1-5 дахь өдрийг хэрхэн өнгөрүүлдэг вэ? Бэлтгэлийн ямар хуваарь мөрддөг вэ?
-Тоглолтын үеээр өглөө 8 цагт босдог. Цайгаа уусны дараа бэлтгэлдээ гардаг. Хөнгөн бэлтгэл хийсний дараа тоглолтондоо ордог. Тоглолтын дараа шим тэжээл сайтай Формула 1 коктейль ууж шим тэжээлээ нөхдөг. Тоглолтгүй үед бол аль болох хангалттай сайн унтаж амрахыг хичээдэг. Өдөрт 2-3 цаг бэлтгэл хийдэг.
-Бэлтгэл сургуулилтаас гадна хооллолт ямар үүрэгтэй вэ?
-Маш чухал нөлөөтэй. Хөнгөн хооллох хэрэгтэй. Миний хувьд өглөө, орой хөнгөн хооллож, харин өдөр нь сайн иддэг. Манай “Эрчим” багийн шим тэжээлийн спонсор “Herbalife Nutrition” компани бөгөөд тэдний бүтээгдэхүүнүүдийг түлхүү хэрэглэдэг. Өглөө цай ууж амжаагүй үедээ Формула 1 коктейль уудаг. Мөн бэлтгэл, тоглолтын дараа түгжрэлд явж байхдаа уургийн батончик идэж, шим тэжээлээ нөхдөг.
-Ирэх 5 жилд ямар зорилго тавьж байгаа вэ?
-Бэлтгэлээ улам сайн хийж өөрийгөө ур чадварын хувьд улам өсгөж амжилтаа ахиулахыг хүсдэг. Ирэх 5 жилд хилийн чанадад гарч тоглох, Монгол тамирчдын хүчин чадлыг таниулах хүсэл эрмэлзэлтэй байна.
-Монголоос гадагшаа явж тоглосон тамирчид бий юу?
-“Хоромхон” клубээс гараагаа эхлүүлж байсан Г.Ганбаяр Унгарын “Пушкаш академиа” багийн мэргэжлийн хөлбөмбөгчин болсон байгаа. Энэ нь Европын хөлбөмбөгийн багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин болж байгаа юм.
-Цаг зав гарган ярилцлага өгсөнд баярлалаа. Танд амжилт хүсье.
URL: