Шинэ жилийн баярын түүх, уламжлал

Скандиновын хойгийн цас мөсний орнууд гацуур модыг даавуун эдлэлээр чимэглэдэг, хүүхдүүдэд оймсонд бэлэг хийж өлгөдөг уламжлал байжээ. Тэрхүү бэлгийг цас мөсний орноос цаа буга чарганд хөлөглөсөн өвгөн ирж өгдөг хэмээн хүүхдүүдэд итгүүлдэг байжээ. Энэхүү уламжлалыг Европын бусад улс хуулбарлан авсан түүхтэй.

ГУРАВДУГААР САРД ШИНЭ ЖИЛИЙГ ТЭМДЭГЛЭДЭГ БАЙЖЭЭ. Шинэ жилийн баяр хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн эртний баяр юм. Түүхэнд тэмдэглэснээр эртний Вавилонд 4000 гаруй жилийн өмнө хүмүүс он солигдох үеийг баяр хөөртэй өнгөрөөдөг байжээ. Вавилончуудын шинэ оны баяр хаврын анхны өдөр буюу урин цагийн анхны шинэ сар гарсан өдөр тохиолддог байжээ.

Эртний Ромын цаг тооны бичигт жилийг 10 сард хуваан гуравдугаар сарын 1-г шинэ жилийн эхний өдөр гэж тооцдог байж. Харин МЭӨ 713 оноос хуанлинд нэг, хоёрдугаар сар нэмэгдсэн. Үүнээс 600 жилийн дараа шинэ оныг өнөөгийн тооллоор тоолж, нэгдүгээр сарын 1-с тэмдэглэх болсон байна.

САНТА КЛАУСЫН ҮҮССЭН ТҮҮХ. Шинэ жилийн хамгийн чухал зочин бол “ Өвлийн өвгөн “ билээ. Монголчууд өвлийн өвгөн аав гэдэг. Харин нийтлэг нэр нь Санта Клаус.

Санта Клаус буюу өвлийн өвөөгийн домог IV зуунд Николас хэмээх хүү мэндэлснээр эхэлжээ. Николас Бизанти Анатоли буюу өнөөгийн Турк улсын Лусиа мужид өсчээ. Тэрээр шинэ жилийн үдэш тосгоныхоо ядуу хүмүүст тусалж, цонхны завсар мөнгө хийж үлдээдэг байсан аж.

Социалист нийгмийн үед манай оронд Оросын “ Дед мороз “ буюу өвлийн өвгөнгүйгээр шинэ жилийг төсөөлж чадахгүй байлаа. Гэтэл өнгөрсөн 20 жилийн хугацаанд “ Санта Клаус”-гүйгээр шинэ жилийг угтахаа болив. Бие биедээ жаргал хүсч ерөөх үгс маань ч хүртэл, “ Шинэ жилийн мэнд “ “ С новым годом “ гэдэг байснаа “ Merry Christmas “ хэмээн солигдов. Гэхдээ монголд Санта Клаус, Дед морозоос гадна үндэсний шинжтэй өвлийн өвгөн аав бий болсон байсныг уламжлан хөгжүүлэх нь зүйтэй болов уу.

ШИНЭ ЖИЛИЙН ГАЦУУР. Европын орнуудад зул сарын гацуурыг 12 сарын 25-нд засдаг. Гацуурыг гэртээ, гудамжинд ер нь бүхий л хүссэн газартаа засч, хамгийн гоё тоглоомоор чимэглэн, гоёлын гэрэл асааж, оройд од тогтоодог. Шинэ жилийн модыг эртний Скандиновын орнууд болон Германаас үүсэлтэй гэж үздэг. Учир нь эртний Германчууд мөнх ногоон гацуурыг хамгийн чухал бэлэг тэмдгээ болгодог байжээ.

ШИНЭ ЖИЛИЙН ШИРЭЭ. Шинэ оноо угтаж ойр дотны хүмүүс нэг ширээний ард цуглардаг бөгөөд энэхүү ширээнд зайлшгүй байдаг зүйл нь оргилуун дарс, бялуу, салат, бэрсүүт жүрж байдаг билээ. Тухайн улсын ерөнхийлөгч 00 цаг 00 минутад баярын үг хэлсний дараа нэгдүгээр сарын 1-ний баярын хонх дуугардаг. Мөн баяраар өвлийн өвгөн ирж гацуурын дор сууж хүүхдүүдийн бэлгийг тавьдаг билээ. Харин хойд Европын орнуудад оймсон дотор бэлэг хийдэг уламжлалтай.

Улс бүрийн шинэ жилийн онцлог

ЕВРЕЙЧҮҮДИЙН ШИНЭ ОНЫ БАЯР : Аливаа улс оронд шинэ жилийн баяр нь нэгэн жилийн амьдрал, ажил үйлс өнгөрч, шинэ оных нь эхлэх, хүний нас нэмэгдэх цаг хугацааны зааг үе байдаг. Еврейчүүд энэ баяраа Рош Ха-Шана гэж нэрлэдэг бөгөөд Песаха еслолоос 163 өдрийн хойно, 9 сарын 5-аас хойш, аравдугаар сарын 5-аас өмнө тэмдэглэдэг. Энэ өдрийн дараа тэд 10 хоногийн турш сэтгэлийн гүн рүүгээ нэвтрэх, ариусан бясалгах үйл хийдэг бол дараагийн 10 хоног шүүн тунгаах, “ Иом Кипур “ буюу тшувагийн өдрүүд, бурханд эргэж очих өдрүүд хэмээн нэрийдэж дагадаг байна.

Баярын өдрүүдэд алим болон хал жимсийг зөгийн баланд дүрэх ёстой. Өнөөгийн шинэ жилийн баяр еврейчүүдээс гаралтай, Есүс Христийн төрсөн өдөр гэдэг бол ор үндэсгүй худал зүйл юм.

ХЯТАДЫН ШИНЭ ЖИЛ : Хятадад шинэ жилийн эхний өдрийг галын наадам, алиа салбадай болон дэнлүү, тэслэх цаасан пуужингүйгээр төсөөлөхийн аргагүй юм. Галын наадмаараа айл бүр муу ёрын сүнсийг хөөн зайлуулж, аз жаргал, баяр баясгаланг гэртээ урин залдаг гэж үздэг. Хятадад “ Синьянь жил хэмээн нэрийддэг байжээ. Харин 1911 оны Синьханы хувьсгалын дараа энэхүү баяраа Европ дахины шинэ жилийн баяраас ялгаруулахын тулд шинэ хуанли зохиож, хаврын баяр буюу Чуньцзе хэмээн нэрийдэх болжээ.

ИРАНЫ ШИНЭ ОНЫ БАЯР : Иранчууд төдийгүй Иран, Персийн хуалигаар амьдардаг хүмүүс “ Новруз” / Перс хэлнээс орчуулбал “ шинэ өдөр / буюу шинэ жилээ гуравдугаар сарын 21-22-нд эсванда сарын 30-наас шахривара сарын 1-нд шилжих шөнө, хаврыг угтан өргөн тэмдэглэдэг байна. Новруз нь байгалийн сэргэн мандалтын бэлгэ тэмдэг болдог.

КАЗАХЫН НАРНЫ БАЯРЫН УЛАМЖЛАЛ : Адай овог аймгийнхнаас бусад казахууд шинэ жилийн баяраа гуравдугаар сарын 22-ны өдөр тэмдэглэдэг бөгөөд Науриз хэмээн нэрийддэг. Казахын Адай овог аймгийнхний шинэ жил адайчууд болон мангыстау хавийн оршин суугчид 3-р сарын 14-ний өдөр шинэ оны баяраа тэмдэглэдэг байна.

ОРОС ШИНЭ ЖИЛ : Славчуудын энэ баяр МЭӨ XV зууныг хүртэл юллианы тооллын дагуу жил бүрийн гуравдугаар сарын 1-ний өдөр тохиодог байсан ажээ. Харин 1348 онд Москва хотноо шинэ оныг гуравдугаар сард биш харин есдүгээр сард тэмдэглэж байх тушаал гарчээ.

XVIII зуунд Европын бараг бүх каталок шашинтай ард түмэн Григорийн тоололд шилжсэний дараа Орос оронд Европын баяртай адил 1919 оноос эхлэн Григорийн тооллыг мөрдөж шинэ оныг тэмдэглэх болжээ.

АНГЛИД ЗАХИА БИЧДЭГ : Англи улсад шинэ жилээр “Fatter new year”гэгчид захиа бичдэг, түүндээ зөвхөн бэлэг сэлтийн зүйл төдийгүй хүсэл бодлоо ч илчилнэ. Бичсэн захиагаа пийшэндээ хийж шатаадаг аж. Пийшингээс гарч буй утаа шинэ жилийн эцэгт захисан бүгдийг хүргэдэг гэж тэд үздэг байна. Энэ нь уламжилсаар бие биедээ шинэ оны мэнд дэвшүүлсэн ил захидал бичих болсон гэнэ.

ФРАНЦЫН ХЭРЧИМ МОД : Францад шинэ жилээр айлд уригдсан зочид тэр гэр бүлийнхэн анхаарал тавьсны тэмдэг болгож хэрчим мод авчирдаг. Шинэ жилийг угтан хүүхдүүд цасан хүн хийж тойрон бүжиглэдэг. Хамгийн сүүлд хайлсан цасан хүн хийсэн хүүхдийг хамгийн азтайд тооцдог.

ӨМНӨД АФРИКИЙН УРГАЦЫН БАЯР : Өмнөд Африк шинэ жилийн баярыг голдуу ургацын баяртай хамт тэмдэглэдэг. Омог омгоороо ойн цоорхойд цугларан хагас дугуй хэлбэрээр суухад омгийн ахлагч нь бүжиг хийж дуусаад гартаа барьсан хулууг хага шидэхэд хүн бүр түүний хэсгээс амсан эцэтлээ бүжиглэдэг байна.

ФИНЛЯНДЫН БАЯР : Финляндад өвлийн өвгөн айлд зочлоод “ Энд томоогүй хүүхэд бий юу? Гэж асууна. Тэгээд зөвхөн дуулгавартай хүүхдэд бэлэг өгдөг гэнэ. Финчүүд шинэ жилийн шөнө саримсыг зөгийн балтай хольж иднэ. Нөхөрт гарах охидууд нуруугаараа хаалга налан зогсоод гутлаа тайлан мөрөөрөө давуулан шиднэ. Гутал нь хаалга хамраараа мөргөж унасан бол гарч байгаа онд хурим болно гэж бэлгэддэг ажээ.

ШОТЛАНДЫН АЗ ЖАРГАЛ : Шотландад шинэ, хуучин жил солигдоход торхон дотор давирхай шатааж гудамжаар өнхрүүлдэг. 00 цаг болмогц гэр бүлийн хамгийн нэр хүндтэй хүн хэсэг зуур үүдээ онгойлогдог. Энэ нь шинэ оныг гэртээ урьж буй хэрэг гэнэ. Айлд шинэ жилийн өглөө хамгийн түрүүн орж хүнийг аз жаргал авчирлаа гэж хүндэтгэн зочилдог байна.

УНГАРЫН УЛАМЖЛАЛ : Унгарт шинэ жилд зориулсан идээ будаалганд шувууны мах огт тавьдаггүй. Эртний уламжлал ёсоор шинэ жилээр шувууны мах идвэл тэр хүний аз жаргал нисээд явчихна гэж үздэг.

ЭНЭТЭХЭГТ ШИНЭ ОНЫГ НАР МАНДАХАД УГТДАГ : Энэтхэгт шинэ жилийг шөнө дунд биш нар мандахад угтдаг. Хувцсаа ягаан, улаан, цагаан өнгийн цэцгээр хаалга цонхоо гэрлээр чимж, эелдэг зантай байхыг хүн бүр эрхэмлэнэ. Уурлаж маргасан хүн жилийн турш өөдлөхгүй гэж үздэг. Тийм учраас босгоныхоо өмнө зочломтгой эзний тэмдэг болгож өнгөт зураг тавьдаг байна. Он солигдох шөнө, хүүхдүүдэд өгөх бэлгээ тусгай тавиур дээр бэлтгэнэ. Шинэ оны өглөө хүүхдүүдэд нүдээ анин очиж тавиур дээрээс бэлгээ авдаг заншилтай. Шинийн нэгний өглөө энэтхэгчүүд аз жаргалын бурхан лашмид мөргөдөг.

ЯПОНЫ ШЁО ГАЦҮ : Япончууд шинэ оныг шёо гацү гэдэг. Нэг жилийн амьдрал улиран өнгөрөх, дахин нэг шинэ жилийн амьдрал эхлэх үйл явцыг заагладаг цаг тооллын баяр гэж үздэг байна. Япончүүд шинэ жилээр гэрийнхээ үүдийг бэрсүүт жүрж болон нарсны төрлийн модоор чимэглэдэг. Энэ нь урт удаан амьдрал, аз жаргал, эрүүл мэндийг бэлгэдсэн утгатай. Он солигдох мөчид сүмүүд 108 удаа харанга хэнгэрэг дэлдэнэ. Хүүхдүүд бодол санаагаа шингээн зурсан зургаа дэрэн доороо хийж угтана. Японд шинэ оны нэгдүгээр сар гарахаар христийн нийтийн он тооллын шинэ жил, Японы эзэн хааны он тооллын шинэ жил, манайхны 12 жилээр тоолдог аргын цагаан сар цөм нэгэн зэрэг эхлэн тоологддог онцлогтой байна.

ШВЕЙЦАРЬ АВСТРИЙН БАГТ НААДАМ : Швейцарь Австрид шинэ жилээр багт наадмын хувцас өмсч өөрсдийгөө Сильвестр Клаус гэж нэрлэнэ. Энэ нь Ромын хамба лам Сильвестрийн тухай эртний домогтой холбоотой ажээ. Домогт далайн аймшигт мангасыг хамба лам Сильвестр 313 онд устгасан тухай үгүүлдэг.

1000 он гарахад мангас дахин амилж ертөнцийг сөнөөж хариугаа авна гэж үздэг байжээ. Тэр мөчид хүмүүс баг өмсч мангастай тулалдахад бэлтгэсэн боловч ямар ч муу үйл тохиолдоогүй ажээ. Үүнээс хойш шинэ жилийг угтан багт наадам зохиох болжээ. Шинэ жилийн үдэш хүмүүс асч байгаа лааны дүрс бүхий хувцас өмсөөд мангасыг хөөж байгаа дүр үзүүлэн тоглодог байна.

ГЕРМАНЫ ГЭР БҮЛИЙН БАЯР : Германд шинэ жилийг голдуу гэр бүлийн хүрээнд тэмдэглэнэ. Хуучин оныг үдэх мөчид гэр бүлийхэн цуглаж нэг нэгэндээ бэлэг өгдөг. Тэдний нэг онцлог нь 12 сарыг төлөөлүүлэн 12 сонгины үндсийг ухаж аваад давс хийж тавьдаг. 12 цагт сонгиноо үзэхэд аль сарынх нь давсыг бүгдийг нь уусгасан бол тэр сарыг хур бороотой, уусгаж чадаагүй нь гантай болно гэж таамагладаг.

НИДЕРЛАНДЧУУД ЖИГНЭМНЭГЭЭР БЭЛГЭДДЭГ :Нидерландчууд шинэ жилийн баярын өдөр дугариг хэлбэртэй жигнэмэг идвэл ирэх ондоо амжилт дүүрэн байна гэдэгт итгэдэг. Учир нь эхлэл төгсгөлгүй, голдоо нүхтэй цагирган жигнэмэг төгс бүхнийг бэлгэддэг байна.

ГВИНЕЙД ЗААН ХӨТЛӨН ИРДЭГ : Гвинейд шинэ жилийн баярын өдөр гоёмсог нөмрөгтэй заан хөтлөн хотын гудамж талбайд гараад заанаа тойрон бүжиглэдэг.

БРАЗИЛЬД СҮҮГЭЭР МЯЛААДАГ : Бразильд шинэ жилээр ойд ургадаг модны сүүгээр мялаахыг эрхэмлэдэг. Тус модноос нэг удаа 2-4л сүү гардаг байна. Шинэ жилийн өмнө тус модны сүүг ууж жирийн байдлаар тэмдэглэнэ.

МЕКСИК, ИСПАНИ, КУБИД УСАН ҮЗЭМ ИДДЭГ : Мексик, Испани, Кубид шинэ он солигдох мөчид 12 ширхэг усан үзэм идэх заншил түгээмэл. Усан үзэм шинэ оны 12 сарыг бэлгэдэх бөгөөд тухайн сарыг илтгэсэн усан үзэм чихэрлэг байвал тэр сар азтай, гашуун байвал азгүй байх нь гэдэгт хүмүүс итгэдэг.

Д.Цэлмэг    shock.mn


URL:

Нэр: сүхжаргалмаа Огноо: 1 December 2016

Сайхан мэдээлэл бн. Нэг тодруулга хийх нь зүйтэй болов уу. Хүн төрөлхтөн хэрэглэж буй хуанлийг Ромын хамба 13-р Грегори 1582 онд ёсчлосон. Манай Эрин (МЭ) Хистосын төрсөн оноос эхэлдэг, 2016 дахь жилдээ явж бн. Шинэ оны 1-р сарын 1 нь Христост нэр өгсөн өдрийн бэлэгдэл. Харин төрсөн өдөр нь Зул сарын баярын өдөр. Энэ тоолол маань Христостой холбоотой. Үгүйсгэх утгагүй, татгалзах ч бас утгагүй болсон биз. Харин еврейчүүд зөвхөн бурхан Яхве-гээ шүтдэг учраас шинэ жилээ ертөнцийг эсвэл хүнийг бүтээсэн өдөртэй холбодог. Түүх судлалын шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар мэдээж уламжлалт АА-йн үйл жиллагааны аливаа чухал үе шаттай холбоотой бдг.

Сэтгэгдэл бичих