“Утгын чимэг” наадмын шилдэг 10 бүтээлийг тодрууллаа

40

Монголын зохиолчдын эвлэлийн түүхт 90 жилийн ойг угтан зохиогдох оны шилдэг богино өгүүллэг шалгаруулах “Утгын чимэг” наадам ирэх нэгдүгээр сарын 7-нд болно.

Тус наадамд оролцох бүтээлийг өнгөрсөн арван нэгдүгээр сарын 21-ээс арван хоёрдугаар сарын 21-нийг хүртэл хугацаанд хүлээн авсан бөгөөд 10 уран бүтээлчийн богино өгүүллэгийг дараагийн шатанд сонгон шалгаруулжээ.

Энэ удаагийн шилдэгт Д.Нацагдоржийн шагналт зохиолч, “Утгын чимэг” наадмын тэргүүн шагналт М.Эрдэнэбат, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч Т.Бум-Эрдэнэ нарын тэргүүтэй 10 зохиолч шалгарсан байна.

Харин шилдэг бүтээлд М.Уянсүхийн “Алтан худаг”, Ц.Ганболдын “Араатан”, Г.Даваасүрэнгийн “Байлдааны морьд”, М.Эрдэнэбатын “Байхгүйн зовлон”, Б.Цоожчулуунцэцэгийн “Булангийн зогсоол”, С.Дамдиндорж  “Гурвын хэмжээс”, Т.Бум-Эрдэнэ “Олон болоорой”, П.Батхуяг “Сүүлчийн зүсэлт”, С.Оюун “Тэнгэрийн хүү”, Л.Эрдэнэбат “Эх оронгүй хүн” зэрэг 10 бүтээл шалгарчээ.

Дашрамд дурдахад “Утгын чимэг” наадам анх 1990 онд “Шувуун саарал” нэртэй зохион байгуулагдаж, Хөдөлмөрийн баатар, нэрт эрдэмтэн, зохиолч Л.Түдэвийн “Эрхий дарам зай” өгүүллэг тэргүүлж байсан түүхтэй. Харин 1993 оноос “Утгын чимэг” нэртэй болж, 2001, 2004, 2007, 2008 онуудад өнжсөн цагаас хойш жил бүр зохиогдсон. Тус наадамд Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Догмид гурван удаа тэргүүлсэн нь уг наадмын дээд амжилт аж.

Л.Сайнаа


URL:

Сэтгэгдэл бичих