БИ ЖАГСААЛ ХИЙСЭН БОЛ ИНГЭХ БАЙСАН
Ойрд хамаг юм гацаад, жагсагчид уйдаж байгаа. Тиймээс хэнийг ч хоцроож болохгүй.
Янз бүр л жагсаал цуглаан болж, улам бүр контэнтлог болж байна. Надад ч бас хэдэн санаа төрлөө. Ингэж жагсана,
Жагсаалын хувцаслалт бол гоёлын болон албаны. Бүгд протоколоо дагаж сайхан жагсацгаана. Цахилгаан станц, Цэнтэра гоулдын эсрэг жагсаж байсан бол давуу тал болно. Шар зурхайч, бөө лам, Их Наран хутагт, Осоржамаа, Босоо хөх, Баасан авгай нар бүгдээрээ жагсаалд өнгө нэмж, жагсаалын соёл түгээнэ.
Жагсаалд ирсэн хүн эхлээд халуун вино амсана. Дараа нь Миеэг амбаардан хөөж буй зурагтай анонс дээр сэлфидэнэ. Улмаар албаны хүмүүс жагсагчдыг нэг нэгээр нь нэгжиж шалгана. “ЖДҮ сөнөтүгэй”, “Засгийн газар ажлаа хий”, “Ерөнхийлөгч амлалтандаа хүр” гэх мэт буруу лоозон барьж жагсаалын протокол зөрчиж болохгүй.
Ойрд хамаг юм гацаад, жагсагчид уйдаж байгаа. Тиймээс хэнийг ч хоцроож болохгүй. “Хүрэл-Тулга спорт хороо”, “Сүхний ирэнд дусаах сүү ээж нарын холбоо”, “Гучин толгойд тэнгэрийн цээр нэгдэл”, “Жижиг дунд хөхийг дэмжих сан”, “Энхболдыг огцруулах сан” /огцруулахсан ч юмуу/ зэрэг ТББ цугларна. Мөн “Нам бус иргэдийн нам”, “ТББ –д элсээгүй шударга иргэдийн ТББ” зэргийг шинээр бүртгүүлэх ёслолын арга хэмжээ зохиогдоно.
Шударга ёсны төлөө л бол МАНАН –ийн эсрэг ямар ч үйлдэл хийж болно. МАНАН –ийн эсрэг өлсгөлөн зарлаж, МАНАН –ийн эсрэг нүцгэлж, МАНАН –ийн эсрэг тэмээгээр Лондон хүртэл аялаж, МАНАН –ийн эсрэг гар дээрээ суниаж ч болно. Мэдээж хэн ч манай их удирдагч шиг 86 суниаж барахгүй. Нэг эх оронч залуу 85 суниагаад яг 86 хүрэхийн даваанд зүрх нь муудаж түргэний тэрэг ирнэ. Эх орныхоо төлөө амь биеэ ч хайрлаагүй тухай утга уянгын дуу явуулна. “Хүн үхэх гэж байхад сандалтайгаа зууралдсаар байх уу?” гэж өмнө бэлдсэн лоозонгоо гаргаж ирнэ.
Хэрвээ зүрх нь муудсан залууг их хурлын дарга ойшоохгүй гүлдийгээд байвал өнөө залуугийн ээж, эмээ нар нь гарч ирээд, хүүгээ ангир уургаараа угжиж, нулимс дуслуулна. “Энэ хүйтэн шалнаас хүйтэн сэтгэлтэй хүн, хаана байна тэр?” гэж бархиран хайна. Бүх ард түмний шаардлагыг их хуралд үлдсэн хэдхэн шударга гишүүнд гардуулна.
Их хуралд үлдсэн хэдхэн шударга гишүүн 48 цагийн дотор хариу өгөхгүй бол эхлээд тэмцлийн “хурц” хэлбэрт, дараа нь “хурцаас хурц” хэлбэрт, бүр огцрохгүй гүрийвэл “хууль бус хурц”, “толгой таслах хурц” гэх мэт хэлбэрт 48 цаг тутамд шилжихээ зарлана.
Цэргийн сүр жагсаалдаа, жагсаалын сүр шоундаа. Хүмүүс даарч байгаа учир талбайд шууд зуух, пийшин нүүрс авчирна. Утааг ч эсэргүүцнэ. 30 гэр бүл болон засаг огцруулах кноп дарсан гишүүдийн зурагнуудаар гал асааж дулаацна. Мэдээж утаа гарч таарна, “Зураг нь хүртэл утаатай муусайнууд, сэтгэл нь бүр их утаатай байгаа даа..” гэж бүгдээрээ самаа шархирна.
Манай нэг шинэлэг үйлчилгээ бол индэрт байрлах том ЛЭД дэлгэц. Үг хэлэх жагсагч караокэний дуу захиалдаг шиг үгээ захиална. Караокэд “монгол дуу”, “орос дуу” гээд цэс байдаг шиг манай жагсаалын цэсэнд“цахилгаан станц эсэргүүцэх”, “хужааг эсэргүүцэх”, “оюутолгойг эсэргүүцэх” гэх мэт сонголтууд байна. Тэднээс нь “МАНАН –г эсэргүүцэх” гэсэн цэсээс жишээ нь 58525 гэсэн кодыг оруулбал “Бид барууны неоколончлогчийн гар хөл МАНАН –ийн манкурт боолуудыг таслан зогсооё..” гэх мэт үгс ЛЭД дэлгэцэнд гарч, түүнийг нь дагаж хэлнэ. Сүүлд нь 100 оноо өгч, бүгдээрээ алга ташина. Хүсвэл дахиад гар дээрээ суниацгаана.
Одоо үед хит болоод байгаа Акуа Мээний толгойд бяр ихт удирдагчд нарынхаа зургийг залгасан анонс байрлуулна. Түүнтэй хамт сэлфи дарж, фээсбүүк дээрхи профайл зургийнхаа фрэймийг өөрчилсөнөөр жагсаал өндөрлөнө.
Тэгээд тарахдаа жагсаал зохион байгуулагчийн дэргэд очоод “За явая даа…” гэж цагаан сараар айлаас гарахдаа хэлдэг шиг чангаар хэлнэ. Тэгээд бэлгийг нь өгнө. Бэлэг ч яахав, -30 хэмд хүн цуглуулах л хэцүү байна. Сүлжээний бизнэсийн маягаар “Таван хүн дагуулж ирвэл халуун аарц, хуушууртай” гэх маягаар явбал яадаг бол. Уг нь би өөрөө намын дарга байсан бол тэгж зовохгүй л дээ, шууд намын үүрүүдэд 800 хүн цуглуул гэж тушаал чиглэл өгөөд л боллоо.
Шударга ёсны төлөө тэмцэхэд овоо зардал хэрэгтэй болох нь. Энэ бүх зардыг яаж гаргах вэ гэж үү? Жагсаал зохион байгуулах жижиг дунд бизнэсийн төсөл бичээд, ЖДҮ–ээс зээл аваад л шийднэ дээ. Зээл шийдэж өгөхгүй гэвэл жагсана ш дээ…
Жич: энд бичигдсэн зүйлс бүгд зохиомол бөгөөд бодит үнэнтэй нийцвэл тохиолдлын чанартай болно.
baabar.mn
URL: