Д.Трамп Иракт гэнэтийн айлчлал хийжээ
БАГДАД. /Guardian/. Лхагва гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, тэргүүн хатагтайн хамтаар Зул сарын баярыг тохиолдуулан Иракт гэнэтийн айлчлал хийж, тус улс дахь Америкийн цэргийн албан хаагчидтай уулзсан байна.
Цагаан ордны хэвлэлийн албаны төлөөлөгч Сара Сандерсын мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, түүний гэргий Мелания Трамп болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон нар Зул сарын баярын орой Ирак дахь АНУ-ын армийн удирдагчид болон цэргийн олон зуун албан хаагчидтай уулзаж, тэдний гаргасан амжилтад талархаж буйгаа илэрхийлжээ.
АНУ-ын төлөөлөгчид Иракийн баруун нутгийн Аль-Асад дахь агаарын цэргийн баазад гурван цаг хагас гаруйн хугацааг өнгөрүүлсэн бөгөөд тэд нийслэл Багдад хотод айлчлаагүй байна.
Д.Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн албыг хоёр жил орчмын өмнө хашиж эхэлснээс хойш хилийн чанад дахь дайны талбарт очиж танилцсан анхны айлчлал энэ болжээ.
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг
URL: