БУГАТ СУМЫН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ АМИА АЛДСАН ХЭРЭГТЭЙ ХОЛБООТОЙГООР АН-ААС МАН-Д ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЭВ

-ИРГЭДЭЭ АЙДАС ХҮЙДЭСТ АВТУУЛЖ, НИЙГМИЙГ ТОГТВОРГҮЙ БАЙДАЛД ХӨТӨЛСӨН БАЛМАД ҮЙЛДЛЭЭ ТАСЛАН ЗОГСООХЫГ ЭРХ БАРИГЧ МАН-ААС ШААРДАЖ БАЙНА-

23

Өнөөдөр Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, Нарийн бичгийн дарга О.Магнай нар Булган аймгийн Ардчилсан намын гишүүн, Бугат сумын ИТХ-ын төлөөлөгч Б бусдын гарт амиа алдсан талаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, энэ оны арванхоёрдугаар сарын 18-19-ний шилжих шөнө 03:00-04:00 цагийн хооронд Булган аймгийн Бугат сумын иргэдийн хурлын төлөөлөгч Б гэртээ бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан. Ардчилсан намын зүгээс тус хэрэг явдалд харамсаж байгаагаа илэрхийлэн мэдэгдэл гаргаж, нийгмийг айдас хүйдэст автуулсан бусармаг үйлдлээ таслан зогсоохыг шаардсан байна.

Тус мэдэгдэлд, “1992 оны Ардчилсан Үндсэн хуулиар баталгаажсан иргэний иргэний “амьд явах эрх”-нд эрх баригч МАН-ын гишүүд халдаж, амь нас эрүүл мэндээр нь хохироосон хэрэг удаа дараа гарах боллоо. Энэ нь 1937 онд 40 гаруй  мянган иргэнээ хилсээр цаазлан хороож, 100 гаруй мянган иргэнээ хорьж тамлан зовоож, нэг насаар нь хэлмэгдүүлсэн гашуун түүхийг эргэн сануулж байна. Одоогоос арав гаруй жилийн өмнө Санхүүгийн зохицуулах хорооны даргаар ажиллаж байсан иргэн Б энэ оны наймдугаар сард ЗТХЯ-ны Газрын даргаар ажиллаж байсан иргэн Г нар нь хамтран зүтгэгчийнхээ гарт амиа алдсан хэрэг гарч байв. Төрд хариуцлагатай ажил хашиж байсан хүмүүс хамтран зүтгэгчийнхээ гарт амиа алдах асуудал хэрээс хэтэрч, гэмт хэргийн нөхцөл байдал улам хүндэрч эхэллээ.

Тухайлбал, энэ оны арванхоёрдугаар сарын 18-19-нд шилжих шөнө Булган аймгийн Бугат сумын Хужирт багийн иргэн, Булган аймгийн Ардчилсан намын хорооны гишүүн, сумын ИТХ-ын төлөөлөгч Б-г гэртээ амарч байхад тус аймгийн МАН-ын хорооны гишүүн О, Д нарын зургаан хүн амь насанд нь ноцтойгоор халдаж хөнөөгөөд зогсохгүй эхнэрийг нь хүнд гэмтээж, сэтгэл санааны гүн цочролд оруулсан онц ноцтой хэрэг гарлаа. Энэ бүхэн зургаан настай хүүхдийн нүдэн дээр болсон гэх сэтгэл эмзэглүүлсэн мэдээлэл байна.

Төрийн эрх барьж буй намын гишүүд балмад гэмт хэрэг удаа дараа үйлдэж байгаад Ардчилсан намын гишүүд, дэмжигчид төдийгүй Монголын ард түмэн эмзэглэж, эрс эсэргүүцэл илэрхийлж байна.

Бид амар тайван аюулгүй нийгмийг бий болгохын төлөө тууштай зогсч, балмад гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд хатуу шийтгэл оноож, иргэдээ айдас хүйдэст автуулж, нийгмийг тогтворгүй байдалд хөтөлсөн энэхүү бусармаг үйлдлээ таслан зогсоохыг эрх баригч МАН-аас шаардаж байна” гэжээ.

-ХЭРЭГ ЯВДАЛ ЗУРГААН НАСТАЙ ХҮҮХДИЙН НҮДЭН ДЭЭР ҮЙЛДЭГДСЭНД ХАРАМСАЖ БАЙНА-

Энэ үеэр Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан хэлэхдээ, “Улс төржүүлсэн явдал байхгүй. Ардчилсан нам 180 мянган гишүүнийхээ амь настай холбоотой болон өшөө хорсолтой бүх асуудалд анхаарал хандуулдаг. Та бүхэн улс төржүүллээ гэж хардаж байна. Бид өөрсдийн итгэл үнэмшлээрээ намынхаа гишүүн бүрийн төлөө анхаарал хандуулдаг байгууллага. Монгол Улсын иргэн амьд явах эрхийг баталгаажуулахын төлөө явдаг. Харамсалтай нь манай намыг төлөөлж сайн ажилладаг хоёр иргэдийн төлөөлөгч, иргэдийн олонхийн саналыг авч сонгогдсон нэг сонгуульт албан тушаалтан бусдын гарт балмадаар амь насаа алдчхаад байхад бид дуугарахгүй байж чадахгүй. Амь насыг нь хөнөөсөн этгээдүүд эрх баригч намын нөхдүүд байсан гэдгийг хэлж байна. Цагдаа хууль хүчний байгууллагууд шалгаад шүүхээр энэ хэрэг тогтоогдсоны дараа хэргийн үнэн мөнийг дахин мэдээллэх болно. Булган аймгийн Бугат сумын иргэдийн хуралд маргаантай зүйл байсан. Тус сумын засаг даргыг удаа дараа суудлаас нь буулгах, ардчилсан намынхныг хагалах гэсэн үйлдлүүд гарсан. Хүний амь эрсэдсэн иймэрхүү үйлдлүүд ойр ойрхон гараад байгаа учир сэрэмжлүүлэх үүднээс тус мэдээллийг хийж байна.

Иргэн О 2012-2016 оны хооронд иргэдийн хурлыг төлөөлөгчөөр болон багийн засаг даргаар ажиллаж байсан хүн. Одоогийн байдлаар тухайн багийнхаа МАН-ын үүрийн даргаар ажиллаж байгаа. Бугат сум иргэдийн хурлын 15 төлөөлөгчтэйгээс 11 нь ардчилсан намын төлөөлөл болж сонгогдсон гишүүд юм. Харамсалтайгаар амиа алдсан Б сүүлийн хоёр удаа Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгч байсан. Эхнэр нь эмнэлэгт хэвтэж байна. Одоогийн байдлаар тархи толгой нь хавагнасан, гартаа 10 гаруй оёдол тавиулсан бие болоод сэтгэл санааны хүнд нөхцөл байдалтай байна. Хэрэг гарах үеэр хоёр хүүхэд нь гэртээ байсан. Шөнө гэрт нь дайрч орсон юм байна лээ. Хэрэг зургаан настай хүүхдийн нүдэн дээр үйлдэгдсэнд харамсаж байна” гэсэн юм.

АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай “Төрийн албан хаагч амь насаа алдах тохиолдол нэг бус удаа гарч байсан. Эсрэг намынхаа гишүүний амь насанд халдсан хэрэг өнгөрсөн 28 жилийн хугацаанд анх удаа гарлаа гэв.


URL:

Сэтгэгдэл бичих