ХЭҮК: Н.Цэрэнбат таныг буруугаа бусдад нялзаалгүйгээр үүргээ биелүүлэхийг шаардаж байна
Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатыг хөдөө орон нутгаас шилжин ирсэн иргэдийг агаарын бохирдлыг бий болгож байгаа гэсэн нь хүний эрхийг зөрчсөн үйлдэл хэмээн ХЭҮК-оос мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлдээ, “Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны тэргүүн Н.Цэрэнбат таныг буруугаа бусдад нялзаахгүйгээр Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээ, конвенцоор баталгаажуулсан иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаатай хангуулах, хамгаалах үндсэн үүргээ биелүүлэхийг ШААРДАЖ байна.Комисс агаарын бохирдлоос гадна Монголын ард түмэнд аюул учруулахуйц нөхцөл байдалд хүргээд байгаа химийн хорт бодисын тархалт, хадгалалт, хяналтын асуудлаар удахгүй олон нийтэд мэдээлэх болно” гэжээ.
Уг мэдэгдлийг дэлгэрэнгүйгээр хүргэж байна.
“Улаанбаатар хотод шилжин ирж буй насанд хүрэгчдээс 50 мянган төгрөг, насанд хүрээгүй хүнээс 25 мянган төгрөг авна гэсэн шийдвэрийг 2003 онд гаргасан. Гэтэл Хүний эрхийн Үндэсний Комисс уг шийдвэрийг хүний эрхийг зөрчсөн гэж үзээд Чингэлтэй дүүргийн шүүхэд хандсан байдаг. Ингээд шүүхээс уг шийдвэрийг хүний эрх зөрчсөн гэж үзэж цуцалсан. Үүнээс үүдэн гэр хорооллын замбараагүй төлөвлөлт бий болж, өнөөдрийн утаа бий болсон гэдгийг бид бүгд ойлгох хэрэгтэй. Сүүлийн 15 жилд Хүний эрхийн Үндэсний Комисс хаана байсан юм бэ. Зохион байгуулалттай, сахилга бат хариуцлагатай байхыг хүний эрх зөрчсөн гэж үзсэн байна. Гэтэл хүн хордож эрх нь зөрчигдөж байхад Хүний эрхийн Үндэсний Комисс хаана явсан юм бэ” гэх ярилцлагыг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр “Үндэсний шуудан” сонин, Цензургүй ярилцлага, C1, ТВ9, EТV, NTV, Eagle, Монгол HD, MN-25, TM телевиз зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгч, олон нийтэд түгээв.
Энэхүү мэдээлэл нь Комиссын нэр хүнд, хараат бус, бие даасан байдалд илт бүдүүлгээр халдсан, үйл ажиллагааг бүхэлд нь үгүйсгэсэн үйлдэл болсон байна.НИТХ-ын Тэргүүлэгчдээс 2000 оны 12 дугаар сарын 20-ны өдөр “Орон нутгаас Улаанбаатар хотод шилжин ирсэн иргэдээс үйлчилгээний хөлс тогтоох тухай” 46 дугаар тогтоолыг батлан гаргасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 18 дахь заалтад заасан иргэд улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох эрхийг зөрчсөн, нэн ялангуяа амьдралын боломжгүй иргэдийг ялгаварлан гадуурхсан, хуульд заагаагүй татвар, хураамжийг тогтоосон зэргээр хууль зөрчсөн байсан.Комисст иргэдээс ирүүлсэн гомдол, саналыг үндэслэн, мөн Комиссоос 2002 оны 01 дүгээр сард Нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдийн 37 хорооны 4,754 өрхийн 18,665 хүн хамруулж, шилжин суурьшигчдын талаар хийсэн судалгаагаар 4,754 өрхийн 60.8 хувь нь амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой буюу огт орлогогүй, нийт өрхийн 60.3 хувь нь шилжилтийн хураамж төлөх чадваргүйгээс, 40.7 хувь нь аймаг, орон нутгаасаа шилжүүлэггүй учир бүртгүүлж чадаагүй болох нь тогтоогдсон.Иймээс Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэгт заасан Комиссын гишүүний бүрэн эрхийн хүрээнд 2003 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд уг тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байна.
Тус шүүхийн 2003 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 344 дүгээр шүүхийн шийдвэрээр хуулиар тогтоогоогүй хөлс, хураамжийг тогтоон мөрдүүлсэн гэх үндэслэлээр 46 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Нийслэлийн давж заалдах шатны шүүх, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг тус тус хэвээр үлдээн шийдвэрлэсэн байна.Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ”, мөн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана” гэж заасан бөгөөд хэн ч шүүхийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх эрхгүй. Гэтэл шат шатны шүүхээс уг тогтоолыг хүний эрх зөрчсөн гэж үзэж хүчингүй болгосон байхад яахаараа шүүхийн шийдвэрээс “…үүдэн гэр хорооллын замбараагүй төлөвлөлт бий болж, өнөөдрийн утаа бий болсон гэдгийг бид бүгд ойлгох хэрэгтэй” байдаг билээ.Комисс өнгөрсөн 17 жилийн хугацаанд агаарын бохирдлын асуудал төдийгүй иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх ноцтой зөрчигдөхөд хүргэж буй агаар, ус, хөрсний бохирдлыг арилгах, хот, суурин газрыг дахин хөгжүүлэх болон дэд бүтцийг сайжруулах, уул уурхайн нөлөөллөөс үүдэлтэй хүний эрхийн зөрчлийн асуудалд онцгой анхаарал хандуулж ажилласан төдийгүй, бодлогын шийдвэр гаргуулахаар жил бүр УИХ-д өргөн барьдаг Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлүүдэд тусгаж, тодорхой санал, зөвлөмжийг хүргүүлж, мөн Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийг холбогдох төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтнуудад хүргүүлж ажилласан билээ. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны тэргүүн Н.Цэрэнбат таныг буруугаа бусдад нялзаахгүйгээр Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээ, конвенцоор баталгаажуулсан иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаатай хангуулах, хамгаалах үндсэн үүргээ биелүүлэхийг ШААРДАЖ байна.Комисс агаарын бохирдлоос гадна Монголын ард түмэнд аюул учруулахуйц нөхцөл байдалд хүргээд байгаа химийн хорт бодисын тархалт, хадгалалт, хяналтын асуудлаар удахгүй олон нийтэд мэдээлэх болно.
Эх Сурвалж: Eagle.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Харин ч зөөлөн хэлсэн байна. Нийслэлийн удирдах байгууллагаас ч шилжин ирэгсдэд хатуу шаардлага тавьдаг байх үүднээс Нийслэл хотын эрхзүйн баримт бичгийг эргэж нягталж үзэх хэрэгтэй. Орон нутгаас шилжин ирэх хүмүүс УБ-т эрхлэх тодорхой ажлын байртай эсэх, сургуультай эсэх, амьдрах орон сууцанд амьдрах эсэх зэргийг нь баталгаажуулж байж УБ хотод амьдрахыг нь зөвшөөрдөг байх хэрэгтэй. Өнөөдөр УБ хот агаарын бохирдолтой байгаад ХЭҮК болон шүүхүүд ихээхэн буруутай нь харагдаж байна. УБ хотын хөгжилд зарцуулах мөнгө нь орон нутгаас нүүж ирэн цахилгаан, зам дэд бүтэцгүй газарт буусан айлуудыг цахилгаан, дэд бүтэц, сургууль, цэцэрлэгтэй болгоход л зарцуулагдаад дуусч байна…