Найман тэрбум төгрөгөөр тав хоног цэвэр агаар амьсгална
Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу жирэмсэн эхчүүд болон 0-5 хүртэл насны хүүхдүүдийг 29 амралт сувиллын газарт амрааrж, цэвэр агаар амьсгалуулах үйлчилгээ үзүүлэхээр болсон.
Энэ үйлчилгээнд урьдчилсан судалгаагаар 10 мянга 600 орчим жирэмсэн эхчүүд болон 35 мянга орчим ээж,65 мянган хүүхдийн хамтаар / 0-5 нас/ хамрагдахаар байна. Тэгвэл жирэмсэн эхчүүд болон бага насны хүүхдүүдийг тав хоног цэвэр агаарт амраахад ойролцоогоор найм орчим тэрбум төгрөг шаардлагатай байгаа гэдгийг ХНХ-ын сайд С.Чинзориг хэлсэн. Энэхүү хөрөнгийн нэг тэрбумыг нь Эрүүл мэндийн даатгалын сангаас, үлдсэнийг нь Нийгмийн халамжийн сангаас гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд баасан гарагт Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар эцэслэн шийдэхээр болсон.
Нийслэлийн агаарын бохирдол өндөртэй бүсд Сонгинохайрхан дүүрэг, Баянзүрх дүүрэг хамаардаг. Эдгээр бүсд 50 орчим мянган хүүхэд амьдарч байгаа. Эхний ээлжинд агаарын бохирдол ихтэй бүсд амьдарч буй жирэмсэн эхчүүд болон хүүхдүүдийг хамруулж энэ сарын 25-наас гуравдугаар сарын 15-ны хооронд тус бүр тав хоног цэвэр агаарт амраах юм.
Төр, засгийн энэхүү санаачлага, шийдвэрийг иргэд хэрхэн хүлээж авч буйг сонирхоход СХД-ийн 28 дугаар хороонд оршин суугч иргэн Б.Цэцэгдэлгэр “Тав хоног цэвэр агаарт амраана гэдэг сайхан л сонсогдож байна. Гэхдээ амралтын газарт амьдрахгүйгээс хойш буцаад л утаатай Улаанбаатартаа ирнэ шүү дээ. Тав хоног утаанаас хол байлаа гээд үр хүүхдийн минь уушиг цэвэршихгүй. Тэгэхээр илүү ирээдүйтэй, алсыг харсан ажил хиймээр байна” хэмээсэн юм.
Харин тус хороонд оршин суугч жирэмсэн эмэгтэй “Би хувьдаа үүнийг дэмжихгүй байна. Цэвэр агаарт очиж амраад эргээд ирэхэд утаагүй цэвэр агаартай хот угтахгүйгээс хойш ингэж улсын мөнгийг дэмий үрэх хэрэг байхгүй. Тэрний оронд жирэмсэн эмэгтэйчүүдэд болоод бага насны хүүхэдтэй айлд агаар цэвэршүүлэгч авч өгвөл илүү үр дүнтэй. Утааг бууруулах ямар нэгэн арга хэмжээ л авах хэрэгтэй байна. Тав хоног цэвэр агаарт амраад яах ч юм билээ. Үүнийг хэн нэгний бизнесийг дэмжих гэж байгаа бас л нэг шударга бус хуйвалдаан гэж бодож байна” гэлээ.
Иргэд олон нийт нэг хэсэг нь биш нийтээрээ цэвэр агаарт амьдрахыг хүсч буй тул тав хоног биш бүтэн өвлийн турш цэвэр агаар амьсгалахыг хүсч буйгаа хэлж байна. Жирэмсэн эмэгтэйчүүд болоод бага насны хүүхдүүдийн нэрийг барьж мөнгө “идэх” гэлээ хэмээн бухимдах ч хүмүүстэй таарсан.
Эцсийн шийдвэр баасан гарагт гарна. Ямартай ч утаанаас зугтаалгах Засгийн газрын шийдвэрийг дэмжих хүн цөөн байна. Цэвэр агаарт таван хоног амруулахад найман тэрбум төгрөг зарцуулах шийдвэр Засгийн газраас гараагүй. 18 ээлжээр 110 мянган эх, хүүхдийг хамруулах саналыг “Утааны эсрэг” ТББ-ууд болон зарим иргэдийн зүгээс тавьсан. Саналын дагуу Засгийн газрын судлаж үзэж буй. Маргааш Засгийн газрыын ээлжит бус хурлаар боломжтой эсэхийг хэлэлцэнэ. Одоогоор Сангийн яам болон ХЗДХЯ-наас боломжгүй гэдэг санал ирсэн” гэдгийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээлээд байгаа.
Г.Сүрэн
Shuud.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Сангийн яам болон ХЗДХЯ-наас боломжгүй гэдэг санал ирсэн” гэнэ. Хүрэлбаатар ер нь хүний төлөө юм хийдэггүй юм.Дээр нь Нямдорж нэмэгдэж байгаа юм байна л даа. Заавал увсынхан гэдгээ үзүүлж байх естой юм байх даа.