ХНХЯ-ны 8,7 тэрбумаар “угаартуулах” төлөвлөгөө
Цахим орчинд ээжүүд ууртай байна. Тооцоо, судалгаагүй, хэтэрхий үрэлгэн, үр ашиггүй төрийн бодлого тэднийг ийнхүү бухимдуулахад хүргэв. Тодруулбал, өчигдөр жирэмсэн эх, 0-5 хүртэл насны хүүхэдтэй эхчүүдийг агаарын бохирдлоос хамгаалах зорилгоор нэр бүхий 29 амралт, сувиллын газарт таван хоног амраах тухай асуудал яригдаж эхэллээ.
Нийслэлийн агаарын чанарын их болон маш их бохирдолтой /1-4 дүгээр бүс/-д амьдарч байгаа жирэмсэн эхчүүд, өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгааны 409 ба түүнээс доош оноотой өрхийн 0-5 настай хүүхэдтэй эхчүүдийг хамруулахаар төлөвлөсөн байна.
Энэ асуудлыг ирэх Баасан гарагт болох Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ. ХНХЯ-ны судалгаа тооцоогоор Улаанбаатар хот орчмын нийт 29 сувилал, эмнэлэг, зарим амралттай хөнгөлөлттэй үнээр эх хүүхдүүдийг нэг удаа тав хоногоор, 18 ээлжээр амраахад 8.7 тэрбум төгрөг шаардлагатай гэнэ.
Хэдэн жилийн өмнө “Хувьсал” продакшн “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” гэж гэдэг кино олон нийтэд хүрч байсан даа. Тэр кинон дээр Ардын хувьсгалын тэгш ой тохиож, гадаад дотоодоос олон зочид ирэх учраас нийслэл дэх хулгайч, архичин, янхнуудын хотоос гадагш лагер маягийн газар аваачдаг. Тэгш ойн арга хэмжээ дуустал тэд “тэнд хоригдоно”.
Яг л энэ кино шиг зохиолыг НХХЯ-аас гаргасан байх юм. Кинон дээр ойн арга хэмжээ дуустал хөдөө “хоригддог”. ХНХЯ-аас боловсруулсан зохиолын дагуу ээжүүд утааны улирал дуустал биш тавхан хоногийн эрхтэй. Үүнд бүх жирэмсэн эх, хүүхдүүд хамрагдахгүй. Агаарын маш их бохирдолтой хэсэгт амьдарч байгаа эх хүүхдүүдийг амжиргааны төвшингийн байдлаас хамааран амралтанд амраах юм. Тэдний тооцоолсноор 10 мянга 600 орчим жирэмсэн эх болон 35 мянга орчим ээж 65 мянган хүүхдийн хамт /0-5 нас/ үүнд хамрагдана. Тэгвэл энэ оновчтой шийдвэр байж чадах уу? Ээжүүдийн хувьд үүний эсрэг байна, оновчтой шийдвэр байж чадахгүй байгааг шүүмжилж байна.
Тэдний зүгээс энэ мөнгөөр 15-50 мянган өрхийг агаар цэвэршүүлэгчтэй болгох болох тооцоолол гаргажээ. Энэ бол тав хоногийн хэрэгцээ төдий зүйл биш гэдгийг тодотгох хэрэгтэй байх. Гэхдээ хамгийн зөв хувилбар гэхээсээ илүү тав хоногийн агаарлалт ажиллагаанаас илүү оновчтой шийдэл гэдгийг тодотгол хэрэгтэй байх. Тиймээс ХНХЯ-ынхан тав хоногт агаарт гаргаад үлдсэн 50 хоногт нь “угаартуулах” төлөвлөгөөгөө нэн даруй зогсооно уу! Ард түмнээр доог тохуу хийж, татварын мөнгийг салхинд хийсгэх арга ядсан төлөвлөгөөгөө зогсооно уу!
П.ГОО
Оллоо.мн
URL: