М.Энхболд:Харамсалтай нь бид өөрсдөө аваад хаячихсан тэр хатиг, батгаа эргүүлж өөрснөө авч нүүрэндээ наасан
МАН-ын бага хурал хаалттай үргэлжилж байна. Тус хуралд намын дарга У.Хүрэлсүх улс төрийн илтгэл тавихдаа УИХ-ын дарга М. Энхболдыг албан тушаалаа өгөх ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн. Намын даргын илтэлтэй холбогдуулан гишүүн Ё.Баатарбилэг УИХ-ын дарга М.Энхболдоор үг хэлүүлэх санал гаргасан.
Тэрбээр ”60 тэрбумын асуудлыг нийтдээ дөрвөн удаа шалгаж, хүний нэр төрд халдсан, батлагдаагүй гэж үзэж хэрэгсэхгүй болгосны дараа би намын даргын ажлаа хүлээлгэн өгсөн. 2016 оны зургадугаар сарын эхээр энэ яриа гарч эхэлсэн. Тэгсэн ч би энэ намд 65 суудал авчирсан. Орон нутгийн сонгуулийн үеэр бас энэ яриа гарсан. Гэхдээ бид 21 аймгаас 20 аймагт 330 сумаас 200 гаруй сум, нийслэлийн зургаан дүүрэгт ялалт байгуулсан. Өнөөдрөөс хойших бүх үйл явдлуудыг хэрэв нам сонгуульд ялалт байгуулахгүй бол 60 тэрбумаас боллоо гэх үнэлэлт дүгнэлтийг одооноос өгч байгаад харамсч байна. Монгол Улсын Ерөнхийлөгч 60 тэрбумыг цэгцэлнэ гэж ялалт байгуулсан. Манай намын нөхөд ч 60 тэрбумын асуудлыг ярьж байна. МАН-аас 60 тэрбумыг салгах хууль зүйн үндэстэй байсан. Харамсалтай нь, бид хатигаа өөрсдөө авч нүүрэндээ наасан. Одоо энэ зааланд сууж байгаа хүмүүс 60 тэрбумын схемийг хэрэглээд ямар албан тушаалд томилогдсон юм бэ. Тэрийгээ ярих хэрэгтэй. Би бол нэг ч хүнийг 60 тэрбум гэж яригдаж байгаа схемээр мөнгө авч, албан тушаалд томилогдсон гэж яваагүй гэдгээ өмнө нь хэлсэн, одоо ч хэлье. Ерөнхийлөгчийн сонгуульд хариуцлагагүй оролцлоо гээд намын даргад нэр дэвшилгүй дараагийн хүнд нь тамгыг нь шилжүүлж явсан. Би өөрийн амрыг хараад, хэл амнаас хол байя гэж бодоод УИХ-ын даргын албыг өгөхөд болохгүй зүйл байхгүй. Гэхдээ өнөөдөр цаг нь биш гэж бодож байгаа. Парламентад үүсээд байгаа нөхцөл Монгол Улс парламентын засаглалтай байх уу, үгүй юу, манай намын дотоодод үүсээд байгаа асуудал, зохион байгуулалттай гэж хэлж болохоор ЖДҮ-ийн асуудал үүссэн энэ цаг үед хүндрэлээс зугтааж байгаа мэтээр өргөдлөө өгөөд явахыг би буруу гэж бодож байна. Харин өнөөдрийн энэ нөхцөл байдал хуулийн дагуу, ёс журмын дагуу асуудал шийдэгдэж, төр засаг үйл ажиллагаагаа хэвийн явуулах үед өөр. Өнөөдөр ҮАБЗ дээр зарим нэг асуудал дээр би ганцаардаж байгаа. Үүнийг ч гэсэн бодох ёстой асуудал гэж би боддог” хэмээв.
BOLOD.MN
URL: