А.Нямдорж: Хогоо ангилж хэвшвэл булагдах хогны хэмжээ 60 хувиар буурна
Эрүүл мэнд, нийгмийн бодлогын хүрээлэнгийн захирал А.Нямдоржтой ярилцлаа.
-Танай байгууллага ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?
-Манай байгууллага нь судалгаа, хяналт, үнэлгээ, мониторингийн үйл ажиллагаа явуулдаг ба 2015 оноос хойш Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны хог хаягдлын чиглэлээр хэрэгжүүлж байгаа бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийн гүйцэтгэлд хөндлөнгийн хяналт тавьдаг төрийн зарим чиг үүргийг гүйцэтгэж байна.
-Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгаж хэвшүүлэх төсөл хэзээ эхэлсэн бэ?
-Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгахад хэвшүүлэх бодлогын төслийг УБ хотын Захирагчийн ажлын албанаас санаачлан 2017 онд эхлүүлсэн.
-Энэ төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн зарим хороонд туршилтаар хог ангилдаг хогийн сав суурилуулсан дуулдсан шүү?
-2017 онд туршиж загвар гаргаад, тэр загвар дээрээ суурилан 2018 оноос туршилтаар гарсан муу үр дүнг сайжруулан, сайн үр дүнг бусад дүүрэг хороонд түгээхээр төлөвлөсөн. Ингээд өнгөрсөн онд Хан-Уул дүүргийн I, II, III хороонд туршилт төслөө хэрэгжүүлсэн. Төслийг хэрэгжүүлэхэд нэлээдгүй саад, бэрхшээл тулгарч байлаа, хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх арга зүй,аргачлалыг олох гэж нэлээд судалгаа, суурь ажлууд хийгдсэн. Энэ ажлын хүрээнд бид олон нийтийн сонсголыг ХУД-н ЗДТГ-тай хамтран хийсэн. Мөн олон нийтийн хандлага, зан үйл нь ямар байна, үүнийг хүлээж авахад бэлэн байна уу гэсэн суурь судалгааг хийсэн юм. Судалгаанд иргэдийн 87хувь нь “Бид хогоо ангилахад бэлэн байна, хогоо ангилахад зориулалтын хогийн сав, уут зэргээр орчныг нь бүрдүүлээд өгнө үү” гэсэн санал гаргасан. ААН-үүдийн 90-ээд хувь нь хогоо ангилах боломжтой бэлэн гэсэн. Ийм үр дүн гарсан учраас бид энэ төслийг урам зоригтой хэрэгжүүлж эхэлсэн.
Ангилан ялгах хогийн сав нь ямар хэмжээтэй, ямар хэлбэр дүрс загвартай байх, ангилсан хогийг хэрхэн тээвэрлэх, хэрхэн хаягжуулах гээд бүгдийг нь бодолцож Хан-Уул дүүрэгтэй хамтран ажиллаж хэд хэдэн байршилд хогоо ангилж хаях зориулалт бүхий хогийн савуудыг байршуулж туршиж ажиллсан. Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан өнгөрсөн онд дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудыг хогоо ангилах талаар уриалга захирамж гаргаж ажилласан нь үр дүнтэй байсан. Байгууллагуудыг хогоо ангилж сургахад эхний ээлжинд дахин боловсруулагдах ямар хогийг, ямар өнгийн хогийн саванд хийж хэвшүүлж хоногшуулах нь чухал байсан. Энэ 2018 онд ХУД-ийн 1,2,3,11,15 дугаар хороодод, БЗД-ийн 1,26 дугаар хороодод, Чингэлтэй дүүргүүдэд хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулж ангилан ялгаж хэвшүүлэх төсөл эрчимтэй хэрэгжиж байгаа.
-Ямар хогийг ямар өнгийн хогийн саванд хийх вэ?
Олон улсын жишигт нийцүүлэн ангилан ялгах өнгүүдийг сонгож ашиглаж байгаа. Хуванцар болон гялгар уутыг ногоон өнгийн саванд, Шил лаазыг улбар шар өнгийн саванд, цаасыг цэнхэр өнгийн саванд хийж хэвшүүлж байна.
-Саарал өнгийн хогийн саванд ямар хогоо хийх вэ?
-Дахин боловсруулагдахгүй бусад хогоо хийнэ гэсэн үг. Сонирхолтой үр дүнгүүд гарч ирсэн л дээ. Сургууль, цэцэрлэгүүд хогоо сайхан ангилж, ялгаад хэвшиж байгаа юм. Гэтэл орон сууцны оршин суугчид маань хогоо ангилж хэвшдэггүй ээ. Хогоо ангилж сураагүй учраас хогоо бөөгнүүлж байгаад л “Хуванцар” гэсэн хаягтай сав руу шидчихдэг. Тэгэхээр нь бид гадаа нь жижүүр, харуул шиг хүн зогсоосон, иргэний эргүүл ажиллуулж хяналт тавьсан. Тэгээд бид “Хаалганаас хаалганд” арга хэмжээг зохион байгуулж айл болгоны хаалгыг тогшоод давхарт нь гаргаж ирээд хогоо ангилахын ашиг тусын талаар, хэрхэн хогоо ангилах талаар маш дэлгэрэнгүй мэдээлэл өгч сурталчилгааны материал тарааж өгсөн.Иргэд маш дуртай хүлээж авдаг юм. Гол нь иргэд зан үйлээ хэвшил болгох цаг хугацаа хэрэгтэй, нийгэм бүх нийтээрээ дагаж мөрддөг болох нь чухал байгаа юм.
-Иргэдийн ангилсан хогийг хаана аваачиж, тус тусад нь боловсруулдаг юм бэ?
-2017 онд ангилсан хогоо Нарангийн энгэрт байгуулагдсан Койка олон улсын байгууллагын тусламжтайгаар барьсан хогийг ангилдаг үйлдвэрт хүргэдэг байсан юм. Тэгтэл уг үйлдвэр маань шатчихсан. Ингээд бид хог дахин боловсруулдаг үйлдвэрүүдийг дэмжиж эх үүсвэр дээр ангилагдсан хогийг дахин боловсруулах үйллдвэртэй шууд холбож тээвэрлэлтийг хийж байгаа. “Мог пластик” ХХК гээд хуванцар боловсруулдаг үйлдвэр өөрсдөө машинаа гаргаж тоноглон Лхагва гаригт шил лааз, Бямба гаригт хуванцар, Ням гаригт цаасаа ачиж байхаар хуваарь гарган ажиллаж байна. Хогоо ангилж буй цэгүүдээс ангилсан хогийн тээвэрлэлтийг хийж өөрийнхөө үйлдвэрт хуванцраа боловсруулаад цаасны үйлдвэрүүдэд ангилсан цаасаа өгөөд ийм зарчмаар ажил үргэлжилж байна. Захирагчийн ажлын алба маань дахин боловсруулах үйлдвэрүүдээ дэмжиж байгаа юм.
-Хогийг ангилж хэвшсэнээр хувь хүн, айл өрх цаашлаад байгаль экологид ямар ач холбогдолтой юм бэ?
-Маш том ач холбогдолтой. Нийслэлийн зургаан дүүрэг маань төвлөрсөн гурван хогийн цэгтэй. Энэ гурван цэгт төвийн зургаан дүүргийн бүх хог очиж булагддаг. Тэнд ямар ч ангилан ялгалт, дахин боловсруулалт байхгүйгээр шууд булагдаж байгаа юм. Жилд сая гаран тонн хог хөрсөнд булагдаж байна. Тэр сая гаруй тоннхогийн 60 гаруй хувь нь ангилагдах буюу дахин боловсруулагдах хог юм, Тэгэхээр жилд сая гаран тонн хог булагдаж байсан бол хогоо ангилж хэвшвэл 400 гаруй мянган хог булагдана гэсэн үг. Тэгэхээр хогоо ангилж дахин боловсруулах нь талбайгаа хэмнэж байна. Ангилагдаагүй хортой, хоргүй хог хөрсөнд булагдана гэдэг нь эргээд хөрсөөр дамжаад ургамал, ус, хөрс шороонд нөлөөлж, дамжаад байгаль экологид ноцтой хор хохирол учруулна. Хортой хөрсөнд ургасан ургамлыг мал амьтан иднэ. Тэр мал амьтны мах, сүү сүүн бүтээгдэхүүнийг өөрсдөө хүнсэндээ хэрэглэнэ гэх сөрөг үр дагавар байгаа.
-Хогоо ангилах бодлогын төслийг өөр газар туршиж үзэв үү?
-Олон газарт туршиж байна. Налайх дүүргийн зургадугаар хороонд бидний мэдэх Тэрэлжид л гэхэд НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр 55 өрхийг сонгож хогоо ангилж, овор хэмжээг нь бууруулах “Эзэлхүүнд суурилсан хогны төлбөрийн систем”-ийг нэвтрүүлэх ажлыг туршиж байна. 20 айлын хог нэг машиныг дүүргэдэг байсан бол айлууд хогоо ангилснаар 40 айлын хог нэг машиныг дүүргэж байгаа үр дүн гарч байгаа. Хогны эзлэхүүн нь 68 хувиар буурч, жин нь 57 хувиар буурсан.Урьд өмнө нь иргэд хог юм чинь гээд хамаагүй хаядаг байсан бол ангилаад эхлэхээр хогоо хамаагүй хаяхгүй, цэгцтэй болгоод дахин ашиглаж, дахин боловсруулаад эхэлдэг. Хогийг ангилах нь олон талын ач холбогдолтой тухайн хогийг тээвэрлэж байгаа машины шатахуун, машины элэгдэл хорогдолтод хэмнэлттэйгээс гадна олон хүн ажиллах шаардлагагүй болно. Мөн байгаль орчинд ээлтэй. Манай нийслэлийн төвлөрсөн хогийн цэгүүд дүүрээд хаагдчихвал Налайхаас цааш хогоо аваачиж хаях болно.Өөр газар байхгүй. Тийм алслагдмал газар руу хогоо тээвэрлэнэ гэхээр улам их зардал гарна.Иймд хогоо ангилж сурах нь нийслэлийн төвлөрсөн хогийн цэгүүдийн насжилтыг л урстасгаж байгаа юм. Солонгос улсын жишээ байна 2007 онд төвлөрсөн хог нь дүүрэх гээд байсан учраас бүгд хогоо ангилдаг болгосноос хойш өнөөг хүртэл төвлөрсөн хогийн цэг нь хаагдаагүй л байна.Хогийг эх үүсвэр дээр нь багасгаж болдог. Эх үүсвэр дээр нь багасгана гэдэг нь юу вэ гэхээр ундааны сав байлаа гэхэд тагийг нь аваад шалчийлгана гэсэн үг.Овор хэмжээг нь ингэж багасгаж байгаа юм. Хогийг эх үүсвэр дээр нь багасгана гэдэг хоёр утгатай. Хог болох юмыг аль болох бүү хэрэглэ, нэг удаагийн аягыгнэг удаа хэрэглээд л хог руу хаяна. Шилэн аягыг олон удаа хэрэглэнэ. Аль болох хогоо хогоо дахин ашигла. Эсвэл нэг удаагийн хэрэглээнүүдээсээ татгалз. Пицца, хачиртай талх, тахианы махан түргэн хоолны газрууд маш их байна. Эдгээр газруудаас асар их хэмжээний нэг удаагийн хог гарч байгаа. Солонгос улс “Та хэр хэмжээний хог гаргаж байна. Тэр хэмжээгээрээ мөнгөө төл” гэдэг ийм систем рүү шилжсэн.Хууль бус, зориулалтын бус уутанд хогоо гаргаж хаявал өндөр торгуультай. Камержуулалт сайтай байдаг. Хүмүүс хогоо хаяхдаа хогны боловсрол эзэмшиж байна гэсэн үг л дээ. Хогоо хаяхдаа юуг анхаарч салгаж цэвэрлэх вэ, энэ дахин ашиглагдах хог байна, энэ нь ашиглагдахгүй хог байна гэдгийг мэддэг байх хэрэгтэй. Худалдан авалт хийхдээ хүртэл дараа нь ямар хог гарах билээ гэдгийг бодох хэрэгтэй болж байгаа биз..
-Хогоо ангилан ялгах бодлогын төсөл хэрэгжиж эхэлж байна. Та бүхний тооцоолсноор нийслэлчүүд маань хэзээ бүгдээрээ хогоо ангилж хэвших бол?
-2020 он гэхэд нийслэлийн аж ахуйн нэгжүүдийн 30 хувь нь хогоо бүрэн ангилдаг болчихно гэж харж байгаа.
-Хороо, гудамж, байр, орцоороо хогоо ангилдаг болгоё гэвэл та бүхэнтэй яаж холбогдох вэ?
-Фэйсбүүкт “Хогоо эх үүсвэр дээр нь ангилж хэвшье” гэсэн олон нийтийн групп бий. Уг группт бүх мэдээлэл байгаа. Мөн манай хүрээлэнгийн 7000 2444 дугаарын утсаар холбогдож болно.
Д.САРНАЙ
URL: