Утааг бууруулахаар энэ олон жилийн туршид бид юу хийв

47685187_1669363659835341_6603988954674888704_o-1140x570

Утаа… утаа … Халаглаж, хашгирсаар хэдэн өвлийг бид давчихсан бэ. Цаашид ч утаагаа ярьсаар л байх уу. Ер нь өвлийн улиралд утааг ихэд синсаци болгон ярьж байгаад мартах нь бий. Одоо бол утаагаар сэдэв хийхэд тун тохиромжтой цаг үе юм. Утаагаар далимдуулж мөнгө хийхэд ч болохоор. Жагсаал, цуглаан зохион байгуулж, төр засгийн шантаажласан ч болно. Гэхдээ л эцсийн эцэст бидний амь нас, эрүүл мэндтэй холбоотой асуудал учраас нэг улирал яриад өнгөрдөг бус, хийж хэрэгжүүлдэг, үр дүнд хүрдэг баймаар. Өнгөрсөн 20-оод жилийн хугацаанд утаанаас салахаар бид юу хийв. Бид бол зүгээр л шаагилдлаа. Харин төр засгийн түшээд бидний шаагилдаанаар сайхан мөнгө хийж авсан. Хэрвээ тэдний хийсэн ажил үр дүнтэй байсан бол бид одоо утаа бус өөр зүйл ярих байв. Гэвч утаа яригдсаар байгаа нь цаана ашиг сонирхол бий гэдэг нь ойлгомжтой. Тэгвэл өнгөрөгч хугацаанд утаанаас салахын тулд юу хийсэн бэ гэдгийг эргэн нэг саная.

1.Орон сууц

Энэ уг нь хамгийн зөв шийдэл. Утаагаа гаргаж буй яндангуудыг цөөлвөл мэдээж утаа багасна. Тиймээс л утаа үйлдвэрлэж буй айл өрхийг орон сууцжуулах хөтөлбөрийг хамгийн үр дүнтэй ашигтай гэж харсан. Засгийн газрын зүгээс 40 мянган айлын орон сууц, 100 мянган айлын орон сууц хөтөлбөрүүдийг банкны зээлтэй уялдуулан гаргасаар байсан. Гэвч сүүлдээ орон сууц авах чадвартай хүн олдохоо байж, зах зээл дээрх нийлүүлэлт хахаж, 14 мянган орон сууц эзнээ хүлээж байна, элэгдэлд орж байна. Төрд бол орон сууц барих мөнгө байхгүй. Хувийн хэвшилд бий. Түүнийг нь авчих бас боломж алга. Утаа үйлдвэрлэгчдэд ч орон сууц худалдаад авах боломж, орлого алга. Тэгэхээр орон сууцжуулах хөтөлбөрөөр утааг бууруулах боломжгүй болчихож байгаа юм.

2.Дулаалга

Энэ бол дуулианыг далимдуулж мөнгө л идэх гэсэн арга байв. Засгийн газраас гэрийн дулаалга гэдэг сэдвээр олон жилийн өмнө шалгаруулалт зарлаад баахан аж ахуйн нэгжүүд оролцсон, эсгийгээр элдэв янзын дулаалга хийсэн. Яаж ч дулаалаад гал түлж л таараа. Гэрийн бүрээс, туурга дулаалаад нэмэртэй ажил болоогүй ч сургалт, дулаалга шахах гэсэн нөхдүүд тоо улам л нэмэгдсээр. Тэгээд ч Монголчууд гэрээ дулаалахаа гадны нөхдөөр заалгахгүй л дээ.

3.Утаагүй зуух

Энэ бол үр дүнгүй ч мөнгө идэхэд тун тохиромжтой арга байв. Монголын томоохон компаниуд төрөл бүрийн зуух гаднаас оруулж ирсэн. Нүүрсний шаталт сайжирсан ч хэтэрхий үрэлгэн, мөнгө төгрөг идсэн арга хэмжээ болоод дууссан. Ер нь гал түлдэг л бол утаа багасна гэж юу байх вэ. Одоо энэ баахан утаагүй зуухнуудынхаа янданд шүүлтүүр тавина гээд л явж байна. Уг нь анхнаасаа л шүүлтүүртэй яндантай зуух зарах байсан юм. Гэвч төслийг хоёр хуваавал мөнгөө ч бас хоёр удаа авах боломжтойг тэд яаж мартах билээ.

4. Дулааны шугам

Бараг л америк мөрөөдөл гэхэд болно. Гэр хороололд халуун хүйтэн усны шугам аваачаад өгчихвөл “G khoroolol” босч, Улсын Баатар хэлсэн. Харамсалтай нь тэр мөрөөдөл нь бас л мөнгө идэх арга байв. Ямар сайндаа улсын баатарын маань хүү хүртэл энд хутгалдаад авав. Нөгөө орон сууцжуулахтай адил үр дүн нь тун сайн байсан хэдий ч бас л өмнөх шигээ хийхээс илүүтэйгээр идэхийг, халааслахыг чухалчилсан хэрэг. Мэдээж орон сууцыг хэн дуртай нь барихгүй. Хөрөнгөтэй, чадалтай компаниуд л ийшээ орно. Харин хөрөнгө, чадалтайнууд нь гэр хороололд байшин барихаасаа илүүтэйгээр Богд уулыг нүхлэх нь ашигтай гэж боддог. Тиймээс л барилга барьсан туршлагагүй мөртлөө танил тал сайтай нөхдүүд энэ төсөлд орж, барьсан байшингүй баахан мөнгө зарлагадчихлаа.

5. Шахмал түлш

Бас л нөгөө зуух, яндантай холбоотой. Дэлхийн олон том хотууд түүхий нүүрсийг хориглон шахмал түлш хэрэглэж байсан түүх бий. Манарсан хар утаа шингэрч, хорт чанар нь багасна гэсэн үг л дээ. Хэдэн жилийн өмнө 20 гаруй компани шахмал түлш үйлдвэрлэнэ гэж улсаас хөнгөлөлттэй зээл авав. Гэвч авсан зээлээ зориулалтын бусаар (Баар сав ажилуулах, барилга барих, банк бус ажиллуулах) зарцуулаад дууссан. Ганц нэг компаниуд ашгаа бодоод Багануур, Шивээ-Овоогийн асдаггүй нүүрсээр шахмал түлш хийгээд нэр сахил хүртээд шал дордов гэгчээр нөгөө шахмал түлшний төсөөллийг үгүй хийж орхив. Уг нь ажил хэрэг болсон бол бид одоо арай өөр утааны тухай ярих байсан л даа. Одоогийн Засгийн газар шахмал түлшний үйлдвэрлэлийг сэргээж, ажил хэрэг болгохоор ажиллаж байна. Өмнөх алдаа давтахгүй гэж найдья.

6.Шөнийн тариф

Энэ бол манайд тохирсон хамгийн боломжит хувилбар. Гэр хорооллын бүх айлууд халаагуур тавьж, шөнө дөө халаагуур залгаж, гал түлэх, нүүрс шатаахыг багасгах хувилбар юм. Тэгээд шөнө илүүдээд байгаа цахилгаанаараа утаа үйлдвэрлэгчдийг халаах гэж үзсэн. Гэвч хоногийн хоолоо яая гэж байгаа айлууд халаагуур авах нь битгий хэл цахилгааны төлбөрөө өгнө гэдэг худлаа болов. Эрчим хүчний хараат байдаг Монгол Улсад гэр хорооллыг цахилгаанаар халаах нь бүтэхгүй зүйл болон хувирлаа. Салбар нь ч алдагдал орж, гомдол шидэх болов.

Ийм олон аргачлалыг туршиж үзсэн атал утаа багасах нь битгий хэл улам л нэмэгдсэн байгааг харахад аргачлал нь буруу эсвэл гүйцэтгэл нь дутуу байж таарах нь.

Одоо газрын гүний дулаан, газ, гэр хорооллыг нүүлгэх, дагуул хот босгох, Богд уулыг сэт цохих гэх мэтээр олон шийдэл ярьж байна. Эдгээр шийдлүүдийг хэрэгжүүлье гэхээр төр засагт мөнгө алга. Байсан ч бас л нөгөө замаар ороод алга болно. Ганц нефтийн үйлдвэр барих гэж хэдэн зуун сая гуйлгачинтай Энэтхэгчүүдээс мөнгө гуйж байна. Тийм байтал 220 өрх айлыг ойрын 10 жил орон сууцжуулж, газжуулна гэдэг худлаа. Ийм хөтөлбөр хэрэгжүүлээд ч хэрэггүй.

Цахилгаан станц бариад халаагуураар халаана гэдэг бас худлаа. Мөн 220 өрх айлаа хөөгөөд хөөгөөд хөдөө гарахгүй нь тодорхой. Богд уулыг сэт цохиход хүртэл асар их мөнгө шаардагдана. Дагуул хот барихад  ч мөнгө хэрэгтэй. Утааг юу шийдэх вэ гэвэл мөнгө л шийднэ. Утааг жил бүрийн өвөл яриад мөнгө олоод, улс төр хийгээд яваа нөхөд бол “Зовлон болоход лам баярлана” гэдэгтэй агаар нэгэн буй.

Тэгвэл бидэнд байхгүй мөнгийг хаанаас босгох вэ гэдэг асуудал байна. Гадаад дахь тэр тусмаа АНУ дахь Монголчууд утааны асуудлыг шийдвэрлэхийн тулд дэлхийн улс орнуудаас ичихгүйгээр мөнгө гуйя гэсэн уриалгыг гаргаж, ажил хэрэг болгохоор яригдаж байна. Нэгэнтээ төр нь чадахгүй бол иргэд нь хөдлөхөөс яах вэ. Санаа зовмоор асуудал мөн хэдий ч одоо бидэнд өөр гарц, гаргалгаа алга. Өөрсдөө арга хэмжээ зохион байгуулахаар идээд дуусчихна. Тиймээс гадны нөхдүүд өөрийн мөнгөө авч орж ирээд утааг арилгачихаад яваад өгнө биз. Бид ичилгүйгээр л тусламж хүсье… Ийм л шийдэл сүүлийн үед харагдах боллоо.


URL:

Сэтгэгдэл бичих