Гурван жилд дөрвөн сайд
МАН-ын эрх барьж буй дөрвөн жил ёстой л манан, будантай үе аж. Төрийн түшээдийн зах замбараагүй идсэн, уусан, хуссан, хулгайлсан гэх хэргүүд ээлж дараагаар тодорсоор. Үндэслэлгүй хөрөнгөжсөн төрийн өндөр албан тушаалтан мөн ч олон ажээ. Өнөөдөр асуудал болон яригдаж байгаа Жижиг, дундын сангийн асуудал бол зүгээр л жижиг хэсэг нь юм. Барилгаар төлөөлүүлбэл өнгөн буюу дээвэр хэсгээс нь л сэтлээд өнгөрсөн хэрэг. Мэдээж бат шавагдсан тэр буглааг тайлна амаргүй л даваа.
Ер нь энэ дөрвөн жил ажил, албан тушаал сольсоор байгаад өнгөрөх шинжтэй. Тодруулбал, У.Хүрэлсүхийн Засгийн газрын Зам тээврийн хөгжлийн яамны сайд хоёр удаа солигдлоо. Ж.Эрдэнэбатын Засаг унасан үеийг тооцвол энэ гурван жилийн хугацаанд гурав солигдоод байгаа юм. Одоо Зам тээвэр хөгжлийн яам дөрөв дэх сайдаа угтан авна.
Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам одоо ч толгойгүй мэт л байна. Сайдгүй сар гаруй хоногийн хугацаа өнгөрлөө. Тус яам гурав дахь сайдаа хүлээн авах гэж байгаа. Мөн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмааг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжсэн билээ. Уг яам ч удахгүй шинэ сайдтайгаа золгох нь гарцаагүй болж байх шиг. Хэрэв тэгвэл дөрөв дэх сайдын нүүр үзэх нь дамжиггүй болно.
Хамгийн гол нь шинэ сайд томилогдоход дахиад багаа бүрдүүлнэ гэж бас хугацаа алдана. Дээр нь нэмээд халаа, сэлгээ, албан тушаалын асуудал давхар яригдах нь дамжиггүй.
Өнөөдрийн чуулганаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдыг томилох тухай асуудал, Зам, тээврийн хөгжлийн сайдыг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай асуудал, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэх хуваарьтай байгаа. Манай түшээд хэн нэгэн сайдыг огцруулна, томилно гэхээр ирц нь 100 хувь шахуу болоод бусад асуудал хэлэлцэхээр ирц нь чүү ай л хүрээд байдаг. Тэгэхээр энэ удаагийн чуулган ямар ч байсан ирц дээгүүр л хуралдах магадлалтай. Өмнөх долоо хоногт ирц хүрээгүй гэх шалтгаанаар хуралдаж чадаагүй шиг зүйл болохгүй гэж найдаж л байгаа.
Шинэ сайдууд ч томилогддогоороо томилогдоно л доо. Гэвч энэ Засгийн газрын хугацаанд зарим сайд ажилтайгаа танилцсаар байгаад л үеэ өнгөрөөх шинжтэй байна.
Б.Лхам
24tsag.mn
URL: