Бид хоёрын давуу тал,ялангуяа бүжиглэхэд илүү харагддаг

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Авьяаслаг монголчууд – 2018” шоу нэвтрүүлгийн тайзнаа “Ихэр охид ихэр авьяас” хэмээн цоллуулсан Б.Хишигбуян, Б.Хишигзаяа нартай ярилцлаа. Дэлхийн том шоуны тайзнаа хагас шигшээ хүртэл амжилттай оролцож, урлагийн зам мөрийг хөөх зөвшөөрлийг эцэг эхээсээ ам бардам авч чадсан ихэр охидын яриа сонирхолтой байлаа.

-Ард түмний санал “Авьяаслаг монголчууд”-ын санал авах утас руу үерлэж, хэнд нь хамгийн олон санал хураагдсаныг үзэгчид ч сэтгэл догдлон хүлээж байсан. Тайзан дээр хөтлөлцөн зогссон ихэр охидын тэр агшны мэдрэмж ямархан байсан бол?
- Бид хоёр гараа чанга атган, бие чичирч салганаж байсан. Маш их догдолсон. “Тэнцээгүй” гээд хэлэхэд жаахан эвгүй байсан л даа.  Гэхдээ тайзан дээр гарахын өмнө бид “Өөрсдийн үзүүлбэрийг сэтгэлд тултал хийсэн. Хагас финальд орно гэдэг бол том амжилт” хэмээнхоорондоо ярьсан байсан. Тийм болохоор  урам хугараад, сүртэй хүлээж аваагүй ээ. Урлагийн замын маань эхлэл л гэж бодсон. Аав ээж хоёр маань урлагаар явахыг зөвшөөрчихсөн, дэлхийн хэмжээний шоун дээр өөрсдийгөө харуулсан болохоор баяртай байгаа.
-Дараагийн шатанд үлдэх итгэл байсан биз дээ?
-Тийм ээ. Гэхдээ бид хоёрт олон хүн саналаа өгсөн байсан, маш их баярласан.
-Тайзны ард ороод тавуулаа ямар байдалтай байв, тэнд л сэтгэл хөдлөлөөилэн далангүй илэрхийлсэн байх?
-Бүгдээрээ л бие биедээ баяр хүргээд, мундаг байсан гэж хэлсэн. Шилдэг 32- аас хамгийн шилдэг зоныг манай зоныг гэж хүмүүс ярьж байсан л даа. Бид ч бие биенийхээ үзүүлбэрийг үзсэнболохоор “Үнэхээр мундаг оролцогчидтой өрсөлдөөд, энэ хүртэл явсандаа баяртай байна” гэцгээж байсан.
-Уйлж харамссан хүн гараагүй гэж үү?
-Байсан. Манай жижгүүд уйлсан.
- Үзэгчид янз бүрээр л үнэлж байх шиг байна. Харин оролцогчдын хувьд, шүүгчдийн талаар ямар сэтгэгдэлтэй байгаа вэ?
- Сайн шүүсэн гэж бодож байгаа. Манай шүүгчид урлаг талаас нь ойлгож,харж шүүсэн. Урлаг сайн ойлгохгүй улс шүүгчдийг шүүмжлээд байгаа юм уу гэж бодогдсон.
Бид хоёрын хувьд, эхний шатанд хүн болгон аз жаргалтай, бие биедээ үргэлж тус нэмэр болж байгаасай гэдэг утгаар,хаана ч, юу ч болж байсан бие биенээ тулж түшиж, ирээдүйнхээ замд хамтдаа зүтгэх болно гэдэг санааг илэрхийлэхийг зорьсон. Түүнийг маань шүүгчид ойлгосон байсан.
Дараа нь гал, ус хоёр болсон. Энэ хоёр хэзээ ч эвлэрч нийлэхгүй. Гэхдээ энэ хоёр бие биенээ үгүйсгэхгүйгээр, дэлхий ертөнцөд мөнхөд оршин тогтнож, хамтдаа гайхамшгийг бүтээж бас болно гэсэн санааг харуулсан. Түүнийг маань Анужин шүүгч сайн ойлгосон байсан.
-Бие биенээ үргэлж хурцалж, түүгээрээ хөгжил бадралд хүрэх гэсэн санаа надад харагдсан. Ер нь, шүүгчид та нартай тайзнаас гадна ярьж хөөрдөг үү?
-Шүүгчид эхний шатны үзүүлбэрийг хараад, дараагийн шатанд ийм төрлийн юм хийхэд болох юм байна гэж хэлдэг шүү дээ. Түүнээс биш тайзнаас гадна бидэнтэйбараг ярьдаггүй. Бид хоёр өөрсдийгөө “эвдсэн” үзүүлбэр гаргах зорилготой байснаа хэнд ч хэлээгүй.Хэлчихвэлшүүгчдийн сэтгэл хөдлөхгүй, сонирхолгүйболчихно шүү дээ. Түүнтэй адил бусад оролцогчид ч нууцалсан байх. Харин Ундармаа шүүгч “та хоёр авьяасаа нуучихсан байна” гэж хэлэхэд их баярласан.
-Аав, ээж нь урлагаар явахыг яагаад дэмжихгүй байсан юм бол?
-Урлаг бол хэн болгонд таалагдаад байдаггүй болохоор хэцүү, бас хатуу гэж хэлдэг байсан. “Авьяаслаг монголчууд”-д бүртгүүлэхийг эгч маань эхэлж зөвшөөрсөн. Харин аав, ээж “Ороод үз, цаашаа хэр явахыг харая” гэсэн. Бид хоёр шалгаруулалтад тэнцэхийн тулд өдөр шөнөгүй бэлдсэн. Шүүгчийн шатанд хүрэхийн тулд бас олон шалгуур давдаг юм билээ. Мэргэжлийн багшгүй болохоор, бүжгээ өөрсдөө дэглэхээс авахуулаад хүндрэл  байсан. Тэгээд хичээж байж эхний шатанд ороход, Анужин шүүгч жаахан уйтгартай байна гэсэн. Хагас шигшээд шалгарах эсэхээ мэдэхээр “116” хамтлаг, нугараач Мэргэн бид гурав ороход, Анужин шүүгч аймаар гунигийн өнгөөр “та нар мундаг байсан” гэж хэлэхэд л их сонин, яах бол гэж бодогдсон. “Тэгэхдээ та хоёрыг дараагийн шатанд хармаар байна” гэж хэлсэн тэр мөч бол амьдралд маань тохиосон хамгийн сайхан үг.
-Хагас шигшээд шүүгчид та хоёрыг маш сайжирсан байна гэж үнэлсэн шүү дээ?
-Бүжгээ илүү сайжруулахын тулд, “Монгол ТВ”-ийн Идэрчулуун багшийн зөвлөснийг тусгаж аваад, аяа тавиад  толинд хараад л өөрсдөө бэлдсэн. Мэдээж бид хоёр юу ч сураагүй байсан бол эхний болон сүүлийн шатанд тийм хэмжээний үзүүлбэр гаргаж чадахгүй байсан. Тиймээс гимнастикийн багшдаа ч талархаж байгаа. Болормаа багш маань биднийг 11 наснаас гимнастикаар хичээллэж эхлэхэд “оройтсон байна, тийм учраас маш их хичээх ёстой” гэж байсан. Дандаа мундаг тамирчидтай бэлтгэл хийж байсан. Хичээл тараад, бараг хоол идэхгүй шахам шууд бэлтгэлдээ ордог. Харьж хичээлээ хийчихээд дахиад л  бэлтгэл хийнэ. Тэгэж хичээж байсан болохоор хурдан зэрэг дээшилсэн. 12 дугаар сарын 1-нд спортын мастер болсон.
-Баяр хүргэе. Авьяаслаг охидын бас нэг амжилтыг манай агентлаг эхэлж мэдээлж байгаадаа баяртай байна. Ер нь, хийхэд хамгийн хэцүү элемент, хөдөлгөөн аль нь байсан бэ?
-Гимнастикт нэг элементийг хэдэн мянган удаа давтдаг. Гэхдээ тайзан дээр ганцхан л удаа хийнэ. Алдчихвал, хэдэн мянган удаа давтсан бэлтгэл талаар болдог.
-Тэгэхээр спортын ч, урлагийн ч тайз аймаар харгис, тийм үү?
-Ундармаа шүүгч хэлсэн шүү дээ. “Тайз гэдэг бол хатуу, хичээхгүй, хөдөлмөрлөхгүй хүнийг татаад л буулгачихдаг. Харин хөдөлмөрлөж, хөлсөө дуслуулан сэтгэл зүрхээрээ ажиллаж байгаа хүнийг алтан тайз шагнадаг юм” Манай дэвжээ ч бас адил. Эхний шатанд бид тэнцэхийн тулд шинэ шинэ элементүүд сурсан. Модерн бүжигт үсрэлт нь гимнастикаас арай өөр, биеэ хөнгөлж, дээш тэмүүлж аль болох олон эргэхийг шаарддаг. Түүнээс гадна, хэлэх гэж байгаа санаагаа хөдөлгөөнөөр илэрхийлдэг бүжиг гэдэг агуу урлаг. Бас нүүрний хувирлыг байн байн алдчихаад, их хэцүү байсан. Дээр нь Хишигзаяа маань хальтирч унаад, нуруугаа бэртээчихсэн байсан. Харин үзүүлбэрийн дараа харц лаг байсан шүү гэж олон хүн хэлсэн.
-Тууз, цагираг, бөмбөг гээд уран гимнастикийн төрлүүдийг оруулсан, баялаг үзүүлбэр бэлдсэн байсан. Хоёр цагиргийн голоор үсрэн гарч ирээд үзүүлбэр төгсөх мэт болсноо тууз эргэлдүүлж гарсан нь жинхэнэ тэсрэлт байсан шүү?
-Уран сайхны гимнастикаар зөвхөн эмэгтэй хүн л хичээллэдэг. Гоо зүйн талаасаа хамгийн гоё спорт.Тэгээд тууз хамгийн гоё харагддаг ч их хэцүү хэрэглэл. Орооцолдуулчихвал бүх юм дуусах нь тэр. Зөвхөн бугуйгаа л хөдөлгөдөг болохоор ганц зогсоход тууз зангирчихдаг. Бөмбөг өнхрүүлж сурна гэдэг бас л хэцүү. Тэр болгоныг заасан багшийн хөдөлмөр үнэхээр агуу шүү.
-Улаан, цэнхэр өнгөнд хуваагдсан тайзны хоёр талаас нэг хүн шиг хоёр охин гарч ирэхэд л нэг ийм асуулт төрсөн. Энэ хоёр гал ус шиг өөр өөр болов уу, эсвэл бас л ижил зан ааштай болов уу гэж?
- Б.Хишигзаяа: Хүн нэг л хувь төрдөг. Ааш зан жаахан өөр. Гэхдээ сэтгэж бодож байгаа зүйл адил байх нь олон. Би ингэж бодсон гэхээр би ч бас тэгэж бодсон гэдэг. Гэхдээ санаа нийлэхгүй үе ч байна.Эгч нар амьдрал дээр жаахан ааштай байдаг шүү дээ. Тийм болохоор эгчдээ бас загнуулна аа(Б.Хишигбуян эгч нь. сурв).
Б.Хишигбуян: Нэг нь даруухан байхад, нөгөө нь арай галзуудуу байдаг шүү дээ. Түүн шиг л гэсэн үг.
-За тэгвэл, би таах гээд үзэх үү.Эгч нь илүү нээлттэй, дүү нь даруухан уу?
-Б.Хишигзаяа:Үгүй, эсрэгээрээ. Би бол хүнтэй хурдан найз болчихдог. Аль хэдий нь танил юм шиг ярьчихсан сууж байдаг.  Буяка бол тэгэхгүй. Тийм болохоор, Буякаг их зантай ч гэх юм уу, даруухан ч гэх юм уу гээд байдаг юм.
Б.Хишигбуян: Зарим ихрүүд их өөр зан, сонирхолтой байдаг. Бид хоёрын хувьд адилхан урлагт дуртай.Ялангуяа, бүжиглэхэд бид хоёрын давуу тал харагддаг. Нэг хөдөлгөөнийг хийхэд зөрөх гээд ирэхэд л, нөгөө маань мэдрээд зэрэг хийж чаддаг. Хоёр найз  байсан ч тэгэж бие биеэ мэдрэхэд хэцүү л дээ.
-Та хоёрыг бүжиглэхэд шүүгчид хүртэл өхөөрдөөд байгаа харагддаг. Ер нь ихрүүдэд монголчууд тэгэж ханддаг байх, тийм үү?
-(Инээв). Хүмүүс тэгэж хэлдэг л юм. Ихэр болохоор илүү хөөрхөн болгож хардаг гэдэг. Бид хоёрын таньдаг ихрүүд их өөр байдаг юм билээ. Нэг нь балетчин байхад нөгөө нь төгөлдөр хуур тоглодог, тэгээд шал өөр найзуудтай. Нэг нь зурдаг байхад нөгөө нь зурж чаддаггүй, харин хэлэндээ их сайн байх гэхчлэн. Ихрүүд хоёулаа авьяастай, хоёулаа ижил зүйлээр авьяасаа хөгжүүлнэ гэдэг ховор гэдэг юм билээ.
-Тэгэхээр найз нарнь ч адил байх нь. Харин хөвгүүд та хоёртой яаж харьцах уу?
-Б.Хишигзаяа: Ялгаж харьцаад байдаг юм. Надтай илэн далангүй байснаа, Буякатай шал өөрөөр ярьж байгаа харагддаг. Би тийм галзуу юм байлгүй.
-Аав нь Монголын зэвсэгт хүчинд үнэлэгдсэн, хүндлэгдсэн, нэр төртэй генерал хүн. Харин ээж нь ямар хүн байдаг вэ, гэр бүлийнхнээ танилцуулж болох уу?
-Манайх ам бүл долуул. Ээж маань сайхан сэтгэлтэй, их хүнлэгхүн. Манай дүүг төрүүлснээс хойш хувцасны дэлгүүр ажиллуулж байгаа. Том эгч мааньСолонгост их сургууль төгссөн, солонгос, англи, хятад хэлийг сайн сурсан. Хоёрдахь эгч маань “Шинэ монгол” сургууль төгссөн. Япон явах шалгалтаа өгчихөөд байгаа.
-Гадаадад урлагийн чиглэлээр сурах гэж байгаа юм байна. Яг ямар чиглэлээр сурах вэ?
-Б.Хишигбуян: Модерн бүжгийн чиглэлээр сурч ирээд,маш олон авьяастан төрүүлэхийг мөрөөдөж байгаа.
Б.Хишигзаяа: Урлагаар явсан ч хажуугаар нь, гимнастикийн багш болохыг хүсдэг. Уран сайхны гимнастикийн спортоор монголчууд яагаад Олимпод орж болохгүй гэж боддог. Энэ оны 10-р сард Азийн цомын аварга шалгаруулах тэмцээнд манай баг мөнгөн медаль авсан шүү дээ.
-Аав ээжийн өгөгдөл байгаа болов уу, хэнээс ньавьяасааөвлөсөн гэж боддог вэ?
- Аав, ээж хоёр маань хоёулаасайхан дуулдаг. Ээж маань Америкт байхдаа жирэмсэн, тэгээд дуу хуур их сонсдог байсан гэсэн. Тэгээд л, та хоёр дуулж, бүжиглэх дуртай, сонсгол сайтай байдаг байх гэж ярьдаг юм. Бид хоёр ямар ч хөгжимд бүжгээ зохиогоод бүжиглэчихдэг.
-Та хоёртой яриад суух хөгжилтэй байлаа.  Бас нэгэн том амжилтын тань дараа дахин  уулзах ерөөл тавиад, манай уншигчдад хандаж хэлэх үгээр тань энэ удаагийн яриагаа жаргаая?
-Б.Хишигзаяа: Монгол бичгийг ЕБС-д маш сайн орж байгаа. Үндэсний хэл соёлоо заавал сайн эзэмших ёстой гэж боддог. Тэгээд хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай байгаарай. Хэн болохыг хүсэж байгаа чинь нүдэнд нь төсөөлөгдөж л байвал боломжтой гэсэн үг шүү. Зоригтой байгаарай.
Б.Хишигбуян: Хүн болгонд өөр өөрийн мөрөөдөл байдаг. Тэр мөрөөдөл чинь хэр хол байх нь хичээл зүтгэлээс л шалтгаална. Залуу хүн завтай байна гэдэг эмгэнэл.
Ярилцсан: Б.Хандмаа
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих