Н.Эрдэнэбаатар: Таеквондогийн шигшээг 2013 онд байгуулсан ч одоо хүртэл бэлтгэлийн заалгүй байна
“Алдар” спорт хороо, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Н.ЭРДЭНЭБААТАРТАЙ ярилцлаа. Тэрбээр хэд хоногийн өмнө Бразилд болсон Армийн таеквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тамирчидтайгаа амжилттай оролцоод ирсэн юм.
-Армийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хэдэн хүний бүрэлдэхүүнтэй оролцож, ямар амжилт гаргаад ирэв ээ?
-Бразил улсад болсон Армийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд таван тамирчин, дасгалжуулагч, албаны тус бүр нэг хүний бүрэлдэхүүнтэй оролцоод ирлээ. Таеквондогийн үндэсний шигшээ багийнхан энэхүү дэлхийн аваргад анх удаа оролцсоноороо онцлогтой. Тэмцээний эхний өдөр “Алдар” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин М.Түмэнбаяр 58 кг-ын жинд хурд хүчээ сорьж хүрэл медалийн эзэн болсон. Сүүлчийн өдөр нь үндэсний шигшээ багийн тамирчин П.Тэмүүжин хүрэл медаль хүртлээ. Бусад тамирчид маань медалийн төлөө тоглосон ч медальд хүрч чадсангүй.
-Тамирчид бэлтгэлийн үеийн тоглолтоо гаргаж чадсан уу. Армийн дэлхийн аварга хоёр жил тутамд болдог учир цаг хугацаа хангалттай байсан болов уу?
-Энэ тэмцээн хоёр жилд нэг удаа болдог учир тамирчидтайгаа оролцоно гэсэн бодолтой байсан. Төсөв мөнгөний асуудалтай байсан болохоор бэлтгэл сургуулилт, цугларалтад бүрэн гарч чадаагүй тал бий. Таеквондогийн үндэсний шигшээ багийнхан 2013 оноос бэлтгэлээ хангасан. Учир нь, энэ онд таеквондогийн үндэсний шигшээ багийг байгуулсан юм. Одоо бид ирэх жил болох насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор зорьж байна. Ер нь тамирчид ур чадвар, тоглолтын хувьд шат ахиж явна. Таеквондогийн спортын шигшээ багаа 2013 онд бүрдүүлээд гурван жилийн дараа олимпын эрх авсан манайд анхны тохиолдол. Олимпын хоёр цикл явж байж тамирчин олимпын эрх авсан байх нь олонтаа. Таеквондогийн төрлөөр маш богино хугацаанд амжилт гаргаж байгаа нь монгол хүүхдийн онцлогтой шууд холбоотой. Ганцаарчилсан тулааны төрөлд амжилт гаргах магадлал манайд өндөр байна. Үүний дээр нэмээд шигшээ баг гаднаас дасгалжуулагч авчирч ажиллуулсан нь цаг үеэ мэдэрсэн хэрэг болсон юм.
-Таеквондог үүсгэн байгуулсан газраас дасгалжуулагч авчирсан нь нүдээ олсон хэрэг болжээ. Одоо манай тамирчид солонгос дасгалжуулагчтайгаа бэлтгэл хангаж байгаа юу?
-Таеквондо бол Өмнөд Солонгосын үндэсний спорт. Манайх гаднын дасгалжуулагчийг нэлээд хожуу авчирсан. Тэгсэн ч энэ нь үр дүнгээ өгсөн гэж боддог Солонгос дасгалжуулагч ирэхээс өмнөх бидний бэлтгэл сургуулилт хийх арга барил өөр байсан. Энэ байдлыг солонгос дасгалжуулагч өөрчилж, бүх тамирчны суурийг эхнээс нь тавьж бэлтгэсэн юм. Одоо бид улирал бүрт тохирсон бэлтгэлийг хуваарийн дагуу хийж байна. Дээр нь төр, засгаас биднийг дэмжээд өгөхөөр үр дүн гарч байгаа юм. Тэмцээн уралдаанд явах зардлыг шийдэхээр тамирчинд ирэх дарамт багасдаг.
-Одоо манай тамирчид чансаагаараа хэддүгээрт эрэмбэлэгдэж байна вэ?
-М.Түмэнбаяр, П.Тэмүүжиний хувьд чансаагаараа Азид эхний тавд эрэмбэлэгдэж байна. Дэлхийн чансаанд 20-30-ийн хооронд эрэмбэтэй явна. Ер нь таеквондогийн 50 орчим тэмцээн жилд болдог. Эдгээр тэмцээнд оролцож тамирчид оноо цуглуулдаг. Манай тамирчид дээрх тэмцээнээс ихдээ л есөд нь оролцдог. Ер нь 4-5 тэмцээнд л оролцох боломжтой байдаг юм. Энэ утгаараа олон тэмцээнд хурд хүчээ сорьж байгаа тамирчныг гүйцэж түрүүлэх амаргүй. Тэгээд ч бусад төрлийг бодоход таеквондо “чанга” спорт юм.
-Спортын төрлөөсөө шалтгаалаад тамирчны амжилт гаргах хугацаа ч харилцан адилгүй байдаг болов уу. Олон жил дасгалжуулагчаар ажиллаж байгаа таны бодлоор хүүхдүүд таеквондогоор хэчнээн жил хичээллээд амжилт гаргах боломжтой вэ?
-Олон улсын туршлагаар хүүхдэд эрчимтэй ачаалал өгөх нас 13 байдаг. Яагаад гэвэл, 12-14 насныхны дунд дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулж байна шүү дээ. Тиймээс бид зургаан настай хүүхдүүдийг бэлтгэж эхлээд байна. Бэлтгэлийн эхний 2-3 жилд хүүхдийг спортод дурлуулах зорилгоор дасгалжуулна. Нэгэнт спортын мөн чанарыг ойлгосон хүүхдийг эрчимтэй бэлттэлээр шахаж боллог. Тэгэхдэээ зөв системтэйгээр явахгүй бол хүүхдийн амжилт зогсох эрсдэлтэй. Гурваас дөрвөн жил эрчимтэй бэлтгээд дараагийн хоёр жилд нь тэмцээнд оролцуулж туршлагажуулдаг. Үүний дагуу явуулж чадвал хүүхэд зургаа дахь жилээсээ амжилт гаргах бүрэн боломжтой.
-Монгол хүүхдийн онцлогоос шалтгаалаад бусад орныхноос өмнө амжилтад хүрэх боломжтой гэсэн үг үү?
-Боломжтой. Монгол хүүхдийн хамгийн том давуу тал нь дайчин чанартай байдаг. Ажиглахад захын хорооллын хүүхдүүд биеийн хөгжил сайтай учир амжилт гаргах магадлал илүү өндөр. Усанд явах, мод хагалах зэрэг нь тэдэнд нэг талаараа бэлтгэл болдог гэсэн үг. Ингэж бие бялдар нь хөгжсөн хүүхдийн техник, суурийг нь зөв тавивал богино хугацаанд амжилтад хүрнэ. Одоо үндэсний шигшээ багт байгаа тамирчдын бэлтгэлийг эрчимтэй шахсан. Техникээр бол сүүлчийн дусал шатахууныг дуустал ажиллуулсны дүнд өнөөдрийн амжилтыг гаргасан. Одоо тамирчдын маань нас нэлээд явчихлаа. 2020 он тэдний хувьд амжилт гаргах сүүлчийн олимп болох байх. Тиймээс одоо хичээллэж байгаа хүүхдүүдээс тэдний залгамж халаа гарч ирнэ гэж найдаж, харж байна.
-Риогийн олимпод П.Тэмүүжин хурд хүчээ сорьсон нь таеквондогоор хичээллэж байгаа олон хүнд итгэл найдвар өгсөн байх. Тэр үеийн тоглолтоос та ч гэсэн дараагийн ээлжид анхаарах алдаа дутагдал, оновчтой зүйлийг ажигласан байх?
-П.Тэмүүжиний хувьд нэлээд задгай тоглолттой тамирчин. Түүнийг Риогийн олимпод оролцоно гэж тооцоолоогүй байсан. Тухайн үед олимпод оролцох нь тамирчдын хувьд мөрөөдөл байлаа. Хол юм шиг санагдаж байсан мөрөөдөл хичээвэл хажууд байдгийг харуулсан үйл явдал болсон юм. Дутагдалтай зүйл гэвэл манай тамирчид чацаар богино. Гэхдээ дүрэм өөрчлөгдөөд харьцангуй гайгүй болсон. Тэмцээний туршлага бага байдаг нь манай тамирчдын дутагдалтай тал болдог. Риогийн олимпын хувьд манай тамирчинд медалийн тавцанд зогсох хол байгаагүй. Бага сага зүйлд анхаарвал Токиогийн олимпоос медаль хүртэх боломж бидэнд бүрэн байна. Түүнчлэн энэ жил манай тамирчдаас залуучуудын олимпод оролцох эрх анх удаа авлаа. Өсвөр, залуучуудын насны тамирчдадаа анхаарал сайн хандуулбал бидний ирээдүйн залгамж халаа гэрэл гэгээтэй байна.
-Та эмэгтэй тамирчин бэлтгэж байна уу. Манай шигшээ баг ганцхан эмэгтэй тамирчинтай шүү дээ?
-Ирээдүйтэй хүүхдүүд гарч ирж байна. Гэхдээ асуудал олон бий. Таеквондогийн шигшээ багт ганц эмэгтэй тамирчинтай нь Б.Намуун. Гэтэл түүнтэй хамт бэлтгэл хийх хүн алга. Эмэгтэй тамирчны хувьд онцлог гэж бий. Хамт бэлтгэл хийхээс гадна ярилцах, сэтгэл зүйн тал дээр ажиллах хүн зайлшгүй шаардлагатай. Уг нь эмэгтэй хүүхэд амжилт гаргах нь эрэгтэйгээсээ илүү хурдан байдаг. Ялангуяа монгол эмэгтэй хүүхдүүд дайчин, бэлтгэлээ хуваарийн дагуу хийдэг давуу талтай. Баруун бүсийн хүүхдүүд ихэвчлэн нуруулаг, хүнд жинд тоглохоор байдаг. Зүүн бүсээс хөнгөн жинд тоглуулахаар хүүхдүүд ирдэг юм. Хөдөөнөөс ирж байгаа хүүхдүүдийг байрлуулаад хичээллүүлье гэхээр байрны асуудал хүнд байдаг. Одоо байгаа тамирчид ч гэсэн олон зүйлээ золиосолж байгаа гээд хэлэхэд буруудахгүй. П.Тэмүүжин 400 гаруй мянга, бусад нь 300 мянган төгрөгийн цалин авч байна. Ийм байдалтай хичээллэж байгаа тамирчид бусад зүйлийг нэгд тавилгүй, зөвхөн зорилгынхоо төлөө хичээж байгаа юм. Таеквондогийн шигшээ багийг 2013 онд байгуулсан ч одоо хүртэл бэлтгэл хийх заалгүй л байна. Монгол Улсын шигшээ багийн тамирчид бэлтгэл сургуулилтаа подвальд хийж байна шүү дээ. Ийм газар бэлтгэл хийх нь тамирчдын эрүүл мэндэд муу. Улсын шигшээ баг байгуулж зардлыг нь гаргаж байгаа ч орчныг нь бүрдүүлж өгөөгүй байна. Уг нь боломжийг нь бүрдүүлбэл манай улсаас таеквондогоор олимпын аварга төрөх ойрхон байгаа юм.
-Та олон улсын тэмцээнүүдийг дэнсэлдэг. Энэ нь манай тамирчдад нэг талаараа давуу тал болдог байх?
-Тэмцээний, үед тоглолтод нөлөөлөхгүй ч тамирчдаа хохироохгүй байхад анхаарах боломж олддог нь үнэн.
-Таеквондогийн шигшээ багийнханд олон улсын тамирчидтай хамтарсан бэлтгэл хийх боломж бололцоо хэр олон гардаг бол?
-Улсаас төсөвлөсөн зардлаар жилд нэг удаа хамтарсан бэлтгэл хийдэг. Мөн дотооддоо цугларалтад гарна. Гэхдээ шигшээ багийн таван тамирчин бэлтгэл ангагчгүй болчихоод байна. Тамирчид хоорондоо тулалдсаар, байгаад нэг нэгнийхээ арга барилыг мэддэг болчихдог. Энэ тал дээр анхаарах шаардлагатай байна даа.
-Таеквондогоор хичээллэсэн таны түүхийг сонсмоор санагдлаа. Тухайн үед хэр олон хүн энэ спортоор хичээллэдэг байсан бол?
-Үүсэн байгуулагдсан он цагийн хувьд таеквондогийн спорт 1991 оноос Монголд хөгжсөн. Харин би зуслан явахын тулд анх таеквондогоор хичээллэсэн. Учир нь, таеквондогийн тамирчид зун болгон зуны цугларалтад гардаг байв. Ингэж би нэгдүгээр ангидаа таеквондогоор хичээллэснээс хойш гаднын тэмцээн уралдаанд оролцож, Европын тэмцээнээс хүрэл медаль авсан. 2007 онд Холбооны шигшээ багийг байгуулахад олимпын эрхийн төлөө дөрвөн жил зөвхөн спортдоо анхаарч, бусад зүйлийг хаяж үзсэн. Тухайн үед мэргэжлийн дасгалжуулагчтай байснаас Өмнөд Солонгост хувийн зардлаар очиж бэлтгэл хийж байлаа. Тэр үед одоо манайд ажиллаж байгаа дасгалжуулагчтай танилцсан юм. Ер нь багшгүй бие дааж хичээллэхээр тамирчны бэлтгэл, амжилт нь гацчихдаг юм билээ. Өөрийнхөө алдааг харж чадахаа ч больчихдог. Тэгж явсаар тамирчныхаа карьерыг өндөрлүүлэх тийшээ хандсан. Тэгж явтал шигшээ багийг байгуулж дасгалжуулагчаар нь ажиллахаар болсон.
-Спортоор хичээллэж байгаа хүн олон зүйлийг умартаж, хаяж байж амжилтад хүрдэг. Ярилцлагын төгсгөлд амжилтын төлөө тэмүүлж байгаа залуу тамирчдадаа хандаж зөвлөгөө өгөөч?
-Тамирчин хүн дандаа амжилт гаргадаггүй. Унаж, босч байж л хүссэн амжилтдаа хүрдэг. Унасан үедээ шантралгүйгээр бэлтгэл сургуулилтаа үргэлжлүүлэн хийх нь чухал юм шүү.
Б.Сийлэн
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
URL: