МУУ ЗУРШЛАА ЯЛАН ДИЙЛСЭН ЗАЛУУСЫН УХААРАЛ ХАЙРЛАХ 14 ТҮҮХ
Нэгэнт автсан муу зуршлаа хаях хэцүү. Гэвч ирээдүйнхээ төлөө өөрийгөө ялан дийлж, илүү гэрэл гэгээтэй, сайхан амьдралыг бий болгосон хүмүүс олон. Өөртөө хайргүй хүмүүсийг тавьж явуулах, архи тамхинаас гарахаас эхлээд өдөр тутам хийдэг жижиг зуршлуудыг ч бид давж чадна.
1. “Хийжүүлсэн ундаанаас гарсан нь”
Бага байхаасаа л би оройн хоолны үеэр нэг аяга (заримдаа 2 аяга) хийжүүлсэн ундаа уучихдаг байв. Өсвөр насанд хүрэхэд шүд цоорч, ходоод өвдөх болсноор энэхүү хорт зуршлаа хаяхаар шийдсэн. Шууд орхих маш хэцүү байсан учир эхний долоо хоногт хийжүүлсэн ундааг жүүсээр сольж, дараагийн долоо хоногт нь усаар сольсон. Одоо бол хоолны үеэр шингэн юм уудаггүй. 30 минутын дараа цэвэр ус, бүлээн цай уудаг болсон. Биеийн байдал ч дээрдэж байна. Муу зуршлаа бага багаар хаяаарай. /18 настай Камила/
2. “Өөрийгөө ойлгож сурсан нь”
Өнгөрсөн улирлын хичээл миний хувьд хар дарсан зүүд байв. Эцэг эхтэйгээ муудалцаж, санхүүгийн дарамтад орж, найзуудтайгаа таагүй харилцах болов. Өдөр бүр шахуу архи, пивоор сэтгэлээ тайтгаруулсаар нэг л мэдэхэд уухгүй байж чадахаа байв. Өөрийгөө сонсохоо больж, хамгийн сүүлд хэзээ өөртэйгөө ярилцсанаа ч мартав. Үүнийгээ анзаарснаар би өөртөө дүгнэлт хийж, нэг шөнийг л өөрийн доторх хүнээ сонсоход зарцуулснаар амьдралаа өөрчилсөн. Архиар аргацаалгүй өөрийгөө сонсон, бодлоо чагнаж, тэмдэглэл хөтлөх таны санаанд оромгүй гайхалтай үр дүн бий болгохыг санаарай. /20 настай Нето/
3. “Архи уулгүйгээр нээлттэй байж чаддаггүй зуршлаа ялан дийлсэн нь”
Насанд хүрмэгц хууль ёсоор архи, согтууруулах ундаа хэрэглэхийг зөвшөөрдөг тул би төрсөн өдрөөрөө үүнийгээ тэмдэглэн, үнэхээр их уусан юм. Анх удаа л архи ууж байсан учир сэтгэл санаа тайвширч, мансууран, олон хүнтэй танилцаж, найзуудтайгаа тун хөгжилтэй нэг үдшийг өнгөрүүлсэн. Энэ өдрийг би дурсахдаа олон дахин уух болж, нэг л мэдэхэд уулгүйгээр чөлөөтэй биеэ авч явж чадахаа байсан. Гэвч би 22 нас хүрсэн жилдээ огт архи уухгүй байхаар шийдсэн юм. Ингээд л “архичин би” биш, эрүүл саруул “Би” ч хөгжилтэй, нөхөрсөг нэгэн болохоо найзууддаа батлан харуулсан юм даа. /23 настай Брүно/
4. “Зүүрмэглэх зуршлаа хаясан нь”
Өдрийн цагаар нойр их хүрдэг тул хичээлтэй үеэр арын ширээнд суугаад дугхийчихдэг байв. Багшийн үнэлэмж, сурлагад сөргөөр нөлөөлж байсан тул би өөртөө зорилго тавьж, нойр хүрэх бүрт аяга ус уудаг болсон. Илүү сэргэлэн цовоо болж, өнгөрсөн улиралд дажгүй оноо авсандаа баяртай байна. /18 настай Цезар/
5. “Тамхинаас гарсан нь”
Тамхинаас гарахаар 2 жилийн өмнө шийдсэн ч гарч чаддаггүй байлаа. Гэвч саяхнаас татах тамхиа өөрөө ороох болсноор бага багаар гарч байна. Тамхи ороох тийм ч хялбар биш тул аажмаар залхуутай санагдаж, тамхийг үзэн ядахад минь тусалж байна гэхэд болно. Дажгүй санаа биш гэж үү? /25 настай Тортела/
6. “Хэт их идэх зуршлаа ялсан нь”
Өглөө, өдөртөө хангалттай цаг зав байдаггүй тул юм идэж чаддаггүй байв. Үүний улмаас орой гэртээ харьмагцаа хэт их идэж, шөнө ходоод өвдөн, улмаар багагүй таргалсан. Тиймээс би өөрийгөө хайрлаж сурахаар шийдэж, хэдий завгүй ч хамаагүй жимс, самар гэх мэт эрүүл хүнс цүнхэлж, хаа нэг заваараа идчихдэг болсон. Ингээд орой зохих хэмжээнд хооллоод л болох нь тэр. /27 настай Лорена/
7. “Өдрийн 80 хувийг ашиглаж сурсан”
Фэйсбүүк, нийгмийн сүлжээнд ихэнх цагаа өнгөрүүлдгээс өөртөө анхаарал тавих, гоо зүй, ухаан мэдлэгээ дээшлүүлж чаддаггүй байв. Гэвч өдөр бүр тэмдэглэл хөтлөх болсноор өдрийн 80 хувийг өөртөө зориулж сурлаа. /17 настай Лезиль/
8. “Сэрүүлгээ хойшлуулахаа больсон нь”
Өглөө сэрэх миний хамгийн том асуудал. 5 минут, 10 минут гэсээр нэг л мэдэхэд хичээлээсээ хоцорчихдог байв. Гэвч сэрүүлгэнийхээ хойшлуулах товчийг дарахаа больсноор л энэ асуудал шийдэгдсэн юм даа. Та ч бас хэрэгжүүлээд үзээрэй. /15 настай Натали/
9. “Бусдын бодлыг чухалчлахаа больсон нь”
Миний хувьд бусдад таалагдах, тэдний юу гэж бодох нь маш чухал байв. Хувцас авахдаа, гадуур явахдаа, үзэл бодлоо илэрхийлэхдээ ч найзууд, гэрийнхнээсээ асуулгүйгээр шийдвэр гаргаж чаддаггүй нь өөрт минь маш их дарамтыг бий болгож байсан. Нэг л өдөр би энэ бүхнээс залхаж “Надад хамаагүй” гэж хэлж сурсан. Би бусдыг хүндлэх ч тэдний бодлоор амьдрахад дэндүү хайран хүн шүү дээ. /19 настай Батиса/
10. “Одоо бол зөв цаг” гэж хэлснээр амьдралаа өөрчилсөн нь
Тамхинаас гарна гэж гэр бүл, найз охиндоо худал хэлсээр хэдэн жил өнгөрсөн ч гарч чадалгүй хайртай хүмүүсийнхээ итгэлийг алдав. Тэгээд би өөртөө “Одоо бол зөв цаг” гэж хэлээд халаасандаа байсан хайрцагтай тамхийг өөрийн гараар урж хаясан юм. Тамхи татаагүй 2 жил болж байна. /26 настай Карл/
11. “Хүссэн бүхнээ авах шаардлагагүйг ухаарсан нь”
Би дэлгүүр хэсч, таалагдсан зүйлээ авахдаа гар татдаггүй өсвөр насны эрх охин байв. Заримдаа бүр өр тавьж, хүнээс зээлэн байж дуртай зүйлээ өөрийн болгоно. Гэвч сүүлд нь дүгнэхэд огт хэрэгцээгүй, хоорондоо ялгаагүй хувцас хэрэгсэл байдгийг ухаарч “Би зайлшгүй шаардлагатай гэсэн зүйлээ л авна” гэж өөртөө хатуу шийдсэн. Одоо би илүү цэгцтэй, ухаалаг нэгэн болсон. /19 настай Лима/
12. “Найз залуугаа бүх амьдралаа болгохоо больсон нь”
Миний хувьд хайр дурлал бүх амьдрал минь байв. Найз залуутайгаа л байвал эцэг эх, гэр бүл хамаагүй болж, түүний төлөө ажлаасаа хүртэл гарав. Гэвч эцэст нь би ганц бие, амиа хоохойлсон, арчаагүй нэгэн болон хоцорсон. Тэгээд би сайн дурын ажил хийх болж, гэрийнхэн, найз нөхдөө илүү ихээр хайрлахаар шийдсэн. Энэ үед л би хайр зөвхөн үерхэлд байдаггүйг, бидний сэтгэл зүрхэнд хангалттай их халуун дулаан илч нуугдан байдгийг ухаарсан юм. /22 настай Нина/
13. “Би хангалттай хөөрхөн биш” гэсэн бодлоо хаясан нь
Багаасаа л гадаад төрхөөсөө болж доромжлуулж ирсэн миний хувьд “Хөөрхөн байх” гэдэг тэргүүн зорилт болчхоод байв. Гэвч нэг өдөр дөнгөж танилцсан хүн маань надруу инээмсэглээд “Чи үнэхээр хөөрхөн юм. Гэвч үүнийгээ мэдэхгүй байгаа нь л харамсалтай” гэж хэлсэн. Гэртээ харих замдаа энэ үгийг удаан бодож, ахин хэзээ ч өөрийгөө голохгүй байхаар шийдсэн. Царайнаас хамааралгүйгээр би сайхан инээмсэглэж, бусдыг хайрлаж чадна шүү дээ. /26 настай Паули/
URL: