Х.Тэмүүжингийн харуулж буйгаас илүү баримт бий гэнэ
Цагдаагийн удирдлагуудад холбогдох долдугаар сарын нэгний хэргийг сэргээн шалгаж буй хэргийг Прокурорын
дэргэдэх мөрдөн байцаах албанаас Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн.
Үүнтэй давхцан уг хэргийн талаарх нууц баримтад тооцогдох цагдаагийн тэмдэглэлийн дэвтэр, сумны хонгио зэргийг олон нийтэд дэлгэсэн. Гэтэл Цагдаагийн ар гэрийн холбооны тэргүүн Ж.Алтангэрэл өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийж, «Энэ хэргийг Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба шалгах нь учир дутагдалтай. Эрүүгийн цагдаагийн газар, Тагнуулын Ерөнхий газар хамтран шалгах ёстой» гэх мэдээллийг хийсэн юм.
Энэ талаар Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжаваас байр суурийг нь сонирхоход «Хяналтын прокурор хавтаст хэрэгтэй танилцаж эхэлсэн. Хангалттай нотлогдсон гэж үзвэл шүүхэд шилжүүлнэ. Хавтаст хэрэгт цагдаагийн ажилтнууд дөрвөн иргэний амь насыг буудаж хохироосон гэдэг нь хангалттай нотлогдож байгаа. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн үзүүлж буйгаас илүү баримт бидэнд бий» гэх хариулт өгсөн юм.
Мөн долдугаар сарын нэгний үймээний үеэр амь, нас эрүүл мэндээрээ хохирсон иргэдээсээ төр уучлалт гуйх асуудлаар «Эрс шинэчлэл», «Миний Монголын газар шороо», «Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөн», «Үндэсний хас хөдөлгөөн» «Гал үндэстэн» холбоо зэрэг 10-аад иргэний хөдөлгөөн, холбооны тэргүүн, төлөөллүүд байр сууриа илэрхийлсэн.
Иргэний хөдөлгөөний гишүүд «2008 оны долдугаар сарын нэгний үймээн тухайн үед МАХН-ыг удирдаж байсан бүлэг хүмүүсийн өдөөн хатгалгаар үүсч, нөхцөл байдал хурцадсан. Эмх замбараагүй байдал үүсэхэд иргэдээ хамгаалах үүргээ төр, цагдаагийн байгууллага биелүүлж чадаагүйгээс энгийн иргэд амь үрэгдэж, олон хүн гэмтэж, бэртэн тахир дутуу болсон.
Монголчуудын эрх, эрх чөлөө зөрчигдсөн энэхүү үйл явдалд Монголын төр буруутай. Тиймээс ард иргэдээсээ албан ёсоор уучлалт гуйх ёстой» гэсэн юм. Мөн үймээний үеэр баривчлагдаж, дараа хэрэг нь Өршөөлийн хуулиар суллагдсан иргэдийн хэргийг цагаатгах ёстой гэдэг байр суурьтай байгаа аж. Хэрэв ард түмнээсээ уучлалт гуйхгүй бол МАН-ын бүлэглэл ирэх сонгуульд оролцох хууль зүйн болон ёс суртахууны үндэслэл байхгүй гэж үзэж буйгаа мэдэгдлээ.
Иргэний хөдөлгөөнүүдийн зүгээс уучлалт гуйх талаар Ерөнхий сайд С.Батболдод шаардлага хүргүүлжээ.
Т.Энхмөнх
Эх сурвалж: “Өглөөний сонин”
URL: